Дан дээлтэй явахад МАН, АН-ын зориг дутна

1418-1tӨ.БАТХҮҮ

Чоно ба долоон  ишиг гэдэг шиг Үндсэн хуулийн дордохын  долоон өөрчлөлт гэдэг  сэдэв нэгэнт үлгэр домог болжээ. Жил бүрийн эхний сард Үндсэн хуулиа батласан өдрийг тохиолдуулан өнөөх долоон өөрчлөлтийн тухай, эцэг хуулиа сайжруулах сэдвээр хэлэлцдэг юм. Энэхүү хуулийг батлалцсан хүмүүс ч бахархал, түүх болгон яриа дэлгэдэг. Ярьж л байдаг сэдэв тул үүний тухай өмнө нь тоймлон бичиж байсангүй. Харин энэ удаад “ухаантай” хүмүүс PR-таа ашиглаад байдаг Үндсэн хуулийн өөрчлөлт ба түүнийг тойрсон үзэл бодлуудыг жаахан сонирхлоо. Цаг хугацааг урагшлуулж харвал 1999 оны зул сараар УИХ-ын хэсэг гишүүд гэнэт Үндсэн хуулиа өөрчлөхөөр болж тухайн үеийн спикер  Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өргөн барьжээ.

Хуулийн төсөл  өргөн барьсны маргааш гишүүдийн олонхи гар өргөж тэр дор нь  батласан  байна. Гэнэт  орж  ирээд, гэнэт болсон өөрчлөлтийн дараа иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Отгон нар дээрх хуулийн  өөрчлөлт нь  Үндсэн  хууль  зөрчсөн тухай гомдлыг тухайн оны сүүлчийн  өдөр Цэцэд  гаргасан байдаг.  Асуудал сунжирч Цэц бараг жилийн дараа буюу 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд тогтоол гаргаж  дээрх өөрчлөлт Үндсэн хууль  зөрчсөн хэмээн хүчингүй болгосон ч  тухайн  үед үнэмлэхүй  олонхи  байсан МАН-ынхан  хүлээж аваагүйгээр  барахгүй Ерөнхийлөгчийн хоригийг ч  үл тоон  хуулийн  өөрчлөлтийг дахин  баталж хүчин төгөлдөр  мөрдүүлсээр  өнөөг хүрчээ. 1992  онд батласан  Үндсэн хуульдаа гар  дүрсэн түүх  товчхондоо  ийм  аж. Харин өнөөх  долоон заалт  нь юу болохыг дэлгэрэнгүй нийтэлбэл:

 

1 Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:

“Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

 

2 Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт:

“Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” хэмээн  нэмсэн  байна.

 

3 Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн заалтыг

“Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гарган сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно”

 

4 Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэсэн заалтыг:

“Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.”

 

5 Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг:

“Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал,түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ”

 

6 Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг:

“Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”

 

7 Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг

“Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” хэмээн өөрчлөн найруулжээ.

 

Тэр цагаас хойш парламентын гишүүдийн бүрэлдэхүүн гурван  удаа  солигдож, өнөөх долоон өөрчлөлтийг хэрхэх талаар 13 жил ярьжээ. Өөрчлөх ёстой гэснээс өөрчилсөнгүй энэ  цаг  хугацааг  үдэв. Яг үнэндээ  “Баяраа өөрөө  ширээнээс уначихсан юм  билээ” гэдэг шиг Үндсэн  хуулийг өөрчилсөн  энэ  долоон  заалт ард түмнээ  биш, МАН, АН-ын томчууд өөрсдийнхөө  эрх ашгийг эхэнд  эрэмбэлж  хийсэн  өөрчлөлт  байсан,  байсаар  байгаа  аж. Энэхүү  өөрчлөлтөөрөө  тэд Их хурлын даргыг нууц санал  хураалтаар сонгодог  байсныг  ил  болгож, бүлэг  болгоныг дэд даргатай болгосон байна. Ингэснээр  хэн нэгнийг дэмжсэн эсвэл  дэмжээгүйнх  нь  төлөө  элдэв шахалт  хийх, эргээд даргын тоог  олон  болгох  хуваарилалт явжээ. Мөн  хагас  жилд 75-аас  доошгүй ажлын өдөр хуралддаг  байсныг  тавиас доошгүй болгоод гадуур, дотуур  тэнэж тууз  хайчлах  зав гаргасан  байна. За тэгээд хамгийн их хэл ам татладаг өнөөх УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний  албыг  давхар  хашиж  болох  заалт  хэн ч, хаанаас нь ч  тайлбарласан эрх мэдлийг нэг цэгт  төвлөрүүлэх оролдого гэдэг нь ойлгомжтой тухай хэвлэлүүд  олон  жил  бичжээ.

Манай Төрийн тэргүүн л гэхэд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулж Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн  байж болно хэмээх заалтыг  өөрчилнө хэмээн хуулийн төсөл  санаачилчихсан суугаа. Гэхдээ  цаг хугацааны  хувьд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн өдрийн наана  байснаараа энэ бүхэн Ц.Элбэгдоржийн үнэн сэтгэл байсан уу, шоуны үргэлжлэл болсон уу  гэдэг бас  л  эргэлзээтэй.

Яг  одоо ч УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг  судлах Ажлын хэсэг ажиллаж байна.Тухайн Ажлын  хэсгийн  гишүүн Д.Лүндээжанцан өчигдөрхөн манай сонинд  ярихдаа “УИХ, Засгийн газрын хамтарсан давхар дээлийг дан  дээл  болгохоор гарцаагүй  эргэж  харах зүйл  бол  бий. Үндсэн хуулиа  өөрчилнө гэж дайрахаас өмнө үүнийг засах  ёстой” гэжээ. Улстөрчид  яг  ийм зүйлийг олон  жил  ярьсан  байна. Хэнхгээрээ дуудуулдаг зарим нь “Дордохын долоон  өөрчлөлт” гэж домог  болтол хүүрнэв. Уг нь бид “Монгол  Улсад Засгийн  бүх  эрх ард түмний мэдэлд байна”  гэсэн Үндсэн хуультай. Цагаан дээр хараар  бичсэн энэ заалтаар бол  Үндсэн хуулийг ард түмний хүсэл, зоригоор  өөрчлөх учиртай юм. Гэвч  эрх  ямбыг  ээлжлэн баригч  МАН, АН  тоглоомын дүрмийг зөвхөн өөрсдөдөө зориулан зохиогоод  түүнийгээ  сайн, муу болсон тухай хэрэлдэж иргэдээ элэг барьсаар  энэ жилүүдийг  үджээ. УИХ-ын гишүүдэд  сайдын албыг хувааж  өгөхөө  нэг  л  өдөр  болино гэж өөртөө итгэлтэй  ярих эрх мэдэлтэн дэндүү  олон.  Яг үнэндээ дан дээлтэйгээ  явахаас айсаар өнөөг хүрчээ. МАН, АН-ынханд  ийм зориг дутсан, дутсаар ч  байгаа юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих