Г.Мөнх-Эрдэнэ: Хөрөнгийн зах зээл хөгжих нөхцөл бүрдсэн
-Энэ оноос Монголын Хөрөнгийн биржид хууль эрх зүйн томоохон шинэчлэл үйлчилж байгаа. Тэгэхээр энэ онд Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа ямар төвшинд хүрэх бол, ямар хандлага харагдаж байна вэ?
-АНУ 200 гаруй жилийн өмнө хөрөнгийн биржийг байгуулсан. Өнөөдрийг хүртэл хөгжсөөр дэлхийн нийт хөрөнгийн биржийн арилжааны 3/1-ийг дангаараа хийж байна. Америкийн Хөрөнгийн биржийн хөгжлийн түүхийг аваад үзэхээр хууль эрх зүйн орчиндоо хоёр чухал зүйлийг л онцолж өгсөн байдаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдаа хамгаалах. Хоёрдугаарт, мэдээллийн ил тод байдал. Энэ хоёр зүйлийг маш сайн бий болгох тал дээр зохицуулалтуудаа гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Үнэт цаасны тухай хууль, холбогдох хууль дүрэм, журмууд нь ганц л энгийн зарчимтай. Юу вэ гэхээр том ч бай, жижиг ч бай, бүх хөрөнгө оруулагч хувьцаа авсны дараа болон хувьцаа авахаас өмнө бүх мэдээллээр хангагдах боломжтой байх нөхцөл бүрдсэн байх ёстой гэсэн үг. Хөрөнгийн зах зээлд мэдээлэл гэдэг зүйл хамгийн гол хэрэгсэл болдог. Мэдээлэл үнэн байх ёстой. Хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа очдог байх ёстой. Мэдээлэл энэхүү нөхцлүүдийг хангаад ирэхээр зах зээл рүү урсах мөнгөн дүн нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирна. Хөрвөх чадвар сайжирснаар дахиад олон хүн тийшээ мөнгөө хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингээд цикл эргэснээр эцэстээ хөрөнгийн зах зээл маань хөгжөөд, томроод явах боломж нь нээгддэг. Тэгэхээр манай үнэт цаасны тухай хууль яг дээр дурьдсанчлан АНУ-ын хөрөнгийн зах зээлийнх шиг болж чадав уу, үгүй юу гэдгээс ирээдүйд яах вэ гэдэг нь хамаарах юм. Миний харж байгаагаар манай хууль эрх зүйн орчин, ялангуяа Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хуулиуд мэдээллийн ил, тод байдлыг олон улсын стандартад хүргэхэд маш сайн хууль болсон. Хэрвээ хуулийнхаа дагуу явбал, энэ оноос эхлээд мэдээллийн ил тод байдал эрс сайжрах ёстой.
-Гэхдээ хууль сайн хэрэгжих нөхцөл байна уу?
-Хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжиж байгаа эсэхэд нь хяналт тавих ёстой. Хэрэгжүүлэх тал дээр нь манай мэргэжлийн байгууллагууд өөрсдөө ажиллах ёстой. Хяналт дээр нь Санхүүгийн зохицуулах хороо ажиллах ёстой. Тэгэхээр хууль сайн батлагдсан, мэргэжлийн байгууллагууд хуулийнхаа дагуу холбогдох компаниудаасаа мэдээллээ сайн авдаг болох хэрэгтэй байна. Дээрээс нь асуудал үүсээд, хууль хэрэгжихгүйд хүрвэл Санхүүгийн зохицуулах хороо хариуцлага тооцдог чадвартай байх хэрэгтэй юм. Энэ хоёр нөхцөл бүрдвэл энэ оноос эхлээд хөрөнгийн зах зээл дээр маш том өөрчлөлтүүд гарч ирнэ.
-Ямар өөрчлөлтүүд гарах бол, тодруулахгүй юу?
-Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн хугацаанд унтаа, жижигхэн, хөрөнгө оруулагчгүй гээд хамаг л муу муухай нэрийг зүүсэн. Тэгвэл яагаад тийм байсан бэ гэхээр өнөөдрийг хүртэл Монголын Хөрөнгийн бирж дээр Хөрөнгө оруулалтын сан гэж зүйл байхгүй байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын сан маань нийт зах зээлийн арилжааныхаа 70 хувийг гүйцэтгэдэг. Манай зах зээл дээрх 100 төгрөгийн арилжааны 70 төгрөгийг нь бүрдүүлдэг байгууллага байхгүй байсан учраас өнөөдөр зах зээл ийм байдалд байна. Тэгэхээр 2014 оноос эхлэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр мөнгө нь орж ирэх боломж бүрдэж байна. Мэдээлэл ил тод болоод, мөнгө нь нэмэгдээд, дээрээс нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах тал дээр хууль эрх зүйн хувьд чамгүй сайн ахиц, дэвшлийг гаргаж ирсэн. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжих үндсэн, суурь нөхцөл нь бүрджээ л гэж харж байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд олгож байгаа боломжуудыг ашиглах хэрэгтэй.
-Хөрөнгийн зах зээл ингээд дэлхийн төвшинд ажиллах боломжтой боллоо. Гэтэл дэлхийн төвшний зах зээл дээр ажиллах чадвартай боловсон хүчин, мэргэжилтнүүд манайд хэр байна вэ, хангалттай байж чадах уу?
-Энэ талын мэргэжилтнүүд манайд яах аргагүй бараг байхгүй гээд хэлчихэж болно. Брокер, дилерийн компаниуд байдаг юм гэхэд яг хөрөнгө оруулалтын зөвлөхийг мэргэжлийн, олон улсын стандартад хүрэх хэмжээнд хийж, судалгаа, шинжилгээ хийдэг газар ганц хоёрхоноор л тоологдож байна. Тэгэхээр энэ зах зээл дээр мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа. Яагаад гэвэл манай их, дээд сургуулиудад яг энэ зах зээл рүүгээ чиглэсэн хөтөлбөр байхгүй. Нөгөө талаас хөтөлбөр байхгүй байна гэхээр тэр мэргэжлээр төгсөх сонирхолтой хүн байхгүй гэсэн үг. Тэр мэргэжлээр төгсөх сонирхолтой хүн байхгүй болохоор бизнес нь байхгүй байна гэсэн үг шүү дээ. Гэх мэтчилэнгээр боловсон хүчний асуудал нь эргээд зах зээлийнхээ хөгжилтэй холбогдож байгаа юм. Тэгэхээр нэг гарц байгаа нь одоо байгаа манай мэргэжилтнүүд дор бүрнээ өөр өөрсдийнхөө чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш дахиад их, дээд сургуульд хөтөлбөр нь ороод, тэрнээс нь сайн боловсон хүчин гараад, хөрөнгийн зах зээлд ажиллана гэвэл тав, зургаан жилээс наашгүй зүйл болно.
-Ямар ч байсан хууль эрх зүйн хувьд Хөрөнгийн бирж дэлхийн төвшинд ажиллах боломжтой боллоо. Гэхдээ дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөхүйц хэмжээнд очих хүртэл тодорхой цаг хугацаа хэрэгтэй байх. Таны харж байгаагаар үүнд хэр их цаг хугацаа шаардлагатай байна?
-Хугацааг тодорхойлоход шаардлагатай үзүүлэлтүүд хэрэгтэй. Тэр үзүүлэлтүүд дотор нэг том үзүүлэлт бий. Мэдээллийн ил, тод байдал сайжирчихлаа, хөрөнгө оруулагчдаа хамгаалдаг болчихлоо, мөнгө нь ороод ирчихлээ. Гэтэл авах бүтээгдэхүүн байхгүй. Нөгөө л цөөн хэдхэн үндэсний компанийнхаа хувьцааг авах уу. “АПУ”, “Говь”, “Улаанбаатар ЗБ” гээд нөгөө л хэдэн байгууллагууд байна. Тэгсэн мөртлөө хувьцаанууд нь бүр маш их төвлөрчихсөн, хувьцааных нь үнэ өсөөд, бодит үнэлгээндээ оччихсон. Тэгэхээр их мөнгө гэнэт орж ирэхэд шингээх хувьцаат компаниуд алга байна. Тиймээс бид цаашдаа хөрөнгийн зах зээл дээр шинэ компаниуд, шинэ IPO-г маш сайн гаргах хэрэгтэй. Компаниуд өөрсдийнхөө зарчмаар яваад “Мерикс”, “Бэрэн майнинг” гэсэн хоёр компани IPO хийх гэж байна. Өөрөөр хэлбэл, одоо мэдэгдэж байгаагаар 2014 онд хоёрхон IPO байна шүү дээ. Гэтэл Хятадад 15 IPO байна, зөвхөн одоо мэдэгдэж байгаагаар. Харин Америкт өнгөрсөн жил 70 гаруй IPO хийгдсэн. Тэгэхээр IPO хийх процесс, тэр дундаа чанартай IPO яаж гаргах вэ гэдэг нь маш том асуудал. Чанартай IPO хийгээд гаргаад ирвэл зах зээл маань асар богино хугацаанд, бүр тодруулбал, тав орчим жилийн дотор мэдэгдэхүйц сайхан болох боломж байгаа. Гэхдээ сайн IPO гаргадаг урсгал нь одоогоор алга.
-Тэгвэл одоо яах вэ?
-Өнөөдөр манай улсад 60 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг. Үүний 90 орчим хувь нь жижиг, дунд компаниуд. Бүр жижгийг орхиё, дунд үйлдвэрлэлүүд байна. Жишээ нь бидэнд хамгийн ойр байгаа, “Янмал” оймсны үйлдвэр байж байна. Энэ үйлдвэр зах зээлийн 20 хувийг хангаж байгаа. Тэгвэл энэ компанитай хөрөнгө оруулалтын сан, андеррайтер, Засгийн газар, хувийн хэвшлийнхэн гэсэн дөрвөн талын оролцоотойгоор нэгдсэн ажил явуулмаар байна. Жишээ нь, боломжийн явж байгаа үйлдвэр дээр очоод “Танайх зах зээлийн 20 хувийг хангаж байгаа юм байна. Бид хүчин чадлыг чинь 50 хувиар нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийе. Гэхдээ зээлээр, маш бага хүүтэй” гэх юм. Нөгөө талд андеррайтер компани бас компанийн үнэлгээ гэх зэрэг бүхий л шаардлагатай ажлуудаа хийчихнэ. Хөрөнгө оруулалтын сан бас тодорхой хөрөнгө оруулалт хийж болно. Энэ маягаар тухайн компанийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлчихэж болж байгаа юм. “Тодорхой хугацааны дараа, хоёр эсвэл гурван жилийн дараа дахиад хөрөнгө оруулалт хийнэ, гэхдээ 30 хувийг нь хөрөнгийн зах зээл дээр гаргана шүү” гэж болно. Сингапурт бол жишээ нь “Тимасук” гээд улсын мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг сан бий. Манайд бол Баялгийн сан, Тогтворжуулах сан байж болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж дээрхтэй адил үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг. Ийм байдлаар дунд хэмжээний үйлдвэрүүдийг томруулж, бэхжүүлэх замаар зах зээл дээр чанартай IPO-г бэлдэх хэрэгтэй. Яг энэ зарчмаар сайн явж чадвал ирээдүйд хэдэн арван “MCS” шиг том, групп компаниуд бий болох нөхцөл болно гэж итгэдэг.
-Үүнд Хөрөнгийн биржийн өөрийнх нь оролцоо бас чухал байх?
-Тэгэлгүй яахав. Жишээ нь, Хонконгийн Хөрөнгийн бирж гэхэд хоёр төрлийн самбартай. “Growth market enterprise” буюу GME гэж самбар бий. Хонконгчууд энэ самбарыг 1970 онд бий болгосон. Энд жижиг, дунд үйлдвэр, компаниуд бүртгүүлчихдэг. Ингээд бирж рүү мэдээллээ өгөөд л байна. Олон нийт “Энэ дажгүй сайхан компани юм байна. Гэхдээ хувьцаа гаргаагүй юм байна” гэдгийг мэдэж байна гэсэн үг. Ингээд хоёр, гурван жилийн дараа IPO хийчихдэг. Томоохон хөрөнгө оруулагчид нь хэдэн жилийн өмнөөс энэ компанийг мэдэж байсан учраас IPO амжилтгүй болно, хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн зовлон байхгүй. Манай хувьд үүнийг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нэг зүйл нь А самбар болон Б самбар юм. Токиогийн хөрөнгийн бирж байна. Токио бол бүр гурван самбартай. Яг л дээрхийн зарчмаар ангилагдаад явдаг. Тэнд байгаа компаниуд нь мөн л хоёр, гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаад IPO хийчихдэг. Энэ маягаар сайн бүтээгдэхүүн гаргах сувгууд байдаг. Үүнийг хийхэд Хөрөнгийн бирж маш том оролцоотой.
-Өнгөрсөн хугацаанд Хөрөнгийн бирж менежмент муутай, хангалтгүй ажиллаж байна гэх шүүмжлэл олон өрнөж байсан. Энэ шүүмжлэлүүд хэр бодитой вэ?
-Бодитой. Манайханд нэгдмэл ажиллагаа дутагддаг. Бирж, Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ болон мэргэжлийн байгууллагууд нэгдээд, зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүгд тус тусдаа л яваад байдаг. Гэхдээ сүүлийн үед энэ асуудал арай гайгүй болж байгаа.
-Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал халагдах өргөдлөө өгөөд байна. Удахгүй захирлаар өөр хүн томилогдох байх. Энэ мэт биржийн гүйцэтгэх захирлын томилгоо, өөрчлөлт зах зээлийн хөгжилд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
-Гадны өндөр хөгжилтэй орнуудад Хөрөнгийн биржийн СЕО нь өөрчлөгдөхөд хувьцааны ханшид нөлөөлдөг. Хувьцааны ханш нь унаад л бөөн юм болдог. Сайн СЕО хүрээд ирвэл ханш нь эргэж өсөх жишээтэй. Тэгэхээр Монголын Хөрөнгийн биржийн хувьд дараагийн хүн нь ямар хүн байх бол гэдэг нь их сонин байгаа. Үнэхээр мундаг, олон улсын төвшний, Америк, Европт Хөрөнгийн бирж дээр, эсвэл хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан, туршлагатай хүн хүрээд ирвэл болж л байна. Эсрэгээрээ одоо байгаагаас ч тааруухан хүн хүрээд ирвэл бас хэцүү л байна байх. Тэгэхээр Монголын Хөрөнгийн бирж бол төрийн өмчит компани. Төр муу менежер гэдгийг бүх эдийн засагчид хүлээн зөвшөөрчихсөн. Ялангуяа манайх шиг хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хуулиа мөрдөж хэрэгжүүлэх нь дутмаг, зөрчсөнд нь хариуцлага тооцохдоо дутмаг газарт төр улам л муу менежер байдаг. Тэгэхээр хөрөнгийн биржийг хувьчлах хэрэгтэй. Хувьчлаад, хувийн менежментэд шилжүүлэх хэрэгтэй. Мөнгөө төлчихсөн хүн яаж ийгээд амжилтын төлөө л явна шүү дээ.
economics.eagle.mn
-Ярилцсанд баярлалаа.
URL: