“2030 онд эрчим хүчний хэрэглээ гурав дахин өснө”
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвтзй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах асуудлаар ярилцлаа.
-Ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэглээ хэрхэн нэмэгдэх вэ?
-2015 онд манай эрчим хүчний хэрэглээ 500-600 мвт-аар өснө гэсэн статистик гарсан байна. Тухайлбал, 100 мянган айлын орон сууцны хэрэглэгчдэд 316, Оюутолгойд 280, Тавантолгойн ордын нүүрс баяжуулах үйлдвэрт 120 мвт эрчим хүч хэрэгтэй. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэрийг судалж байна. Мөн зэс хайлуулах үйлдвэр баригдана. Үүнд 1000 орчим мвт эрчим хүч шаардлагатай.
-Үүнээс харахад манай эрчим хүчний хэрэглээ гурав дахин өсөх нь ээ?
-Тийм. Энэ нь 2030 онд гурав дахин өснө. Тиймээс дээрх өсөлтийг найдвартай хангахын тулд шинэ эх үүсвэрийг цаг алдалгүй барих шаардлага гарсан.
-Шинэ эх үүсвэрийг ямар аргаар бий болгохоор судалж байна?
-Орчин үед цөмийн эрчим хүчийг ашиглан, атомын цахилгаан станц барих нь аюулгүй. Энэ нь. манай улсын хувьд боломжтой хувилбар. Монгол орны хувьд хэрэглээнээсээ шалтгаалаад атомын цахилгаан станц зохимжтойг ч дүгнэсэн байдаг. Тиймээс цахилгааныг үйлдвэрлэхдээ зөвхөн нүүрс бус сэргээгдэх эрчим хүч, ураны нөөцөө ашиглахыг эрмэлзэж байна. Харин яамны бодлогын хүрээнд үүнийг дэмжихээр ажиллаж байна.
-Тэхдээ атомын цахилгаан станц барих нь химийн хор уршигайг дагуулахгүй гэж үү?
-Японы Фүкүшимагийн ослоос болоод сөрөг мэдээллүүд цацагдсан. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр энэ нь харьцангуй ойлголт болох нь нотлогдсон.
-Одоохондоо ихэнх станц нүүрсээр ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит уурхайн нүүрсний үнийг хэрхэн зохицуулах вэ. Төрөөс үнийг нь хэт барихаар тухайн уурхайд өр ихээр хуримтлагдаад байна?
-Манайд Шивээ овоо, Багануур гэсэн хоёр уурхай төрийн өмчид харьяалагддаг. Гэхдээ эдгээр нь бага хэмжээгээр хувийн хэвшлийн оролцоотой. Төр ихэнх хувьцааг эзэмшдэг учраас үүнд их анхаарал хандуулж байна. 1997, 1998 оны хүнд үед Дэлхийн банк болон Японы тусламжийг авсан. Харин 2009, 2010 онд тодорхой хэмжээний техникийн шинэчлэл хийх 10 гаруй тэрбумыг Засгийн газраас өгсөн. Гэхдээ нүүрсний үнийг индексжүүлэн шийдэх учиртай. Дээрх уурхайн хүчин чадлыг сайжруулах, шинэчлэх, өр зээлийн асуудлыг шийдэхийн тулд нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр өртөгт нь ойртуулах хэрэгтэй.
-Хэрэв нүүрсний үнийг нэмвэл, цахилгааны үнэ ч бас нэмэгдэнэ?
-Ер нь эрчим хүчний үнэ, тарифыг олон улсын хандлагад ойр байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, бодит үнэд барих ёстой юм. Цахилгааныг үйлдвэрлэхийн тулд хэдэн арван үйлдвэр, ажилчид хөдөлмөрлөж байна шүү дээ. Мөн манай хэрэглэгчид ч гэсэн зөв зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй. Иргэдийн хувьд эрчим хүч аминд тулсан хэрэглээ мөн үү гэвэл биш. Тэд үр ашиггүй зүйлд цахилгааныг зарцуулах нь элбэг байдаг.
-Жилдээ ОХУ-аас 130 гаруй сая квт цахилгааныг авдаг. Үүнийг бид өөрсдөө үйлдвэрлэж болохгүй гэж үү?
-ОХУ-аас эрчим хүч хүрэлцэхгүйдээ цахилгаан аваагүй. Манай улсын хэрэглээ их онцлогтой. Өөрөөр хэлбэл, ахуйн хэрэгцээ нь давамгайлсан байдаг. Тухайлбал, орой 7-10 цагийн хооронд цахилгааны хэрэглээ огцом өсч, 100 мвт-д хүрдэг. Үүнийг манай цахилгаан станцууд үйлдвэрлэх боломжой. Гэтэл манай цахилгаан станцуудын технологийн горим хуучин учраас эрчим хүч үйлдвэрлэхэд 12-16 цаг зарцуулна. Тэгж олон цагаар үйлдвэрлэсэн цахилгааныг 22 цагаас хойш хэрэглэдэггүй. Үүнээс болж илүүдэл эрчим хүч бий болдог. Харин оргил үеийн хэрэглээг оросоос авч, бусад үед өөрийн цахилгаан станцаар эрчим хүчээ хангах нь бидэнд ашигтай.
-Гаднаас авдаг цахилгааны үнэ өндөр байдаг шүү дээ. Энэ нь хэмнэлтийг үүсгэж чадах уу?
-Эдийн засгийн талаас хямд. Манай улс ОХУ-аас нэг квт цахилгааныг 90 гаруй төгрөгөөр худалдан авдаг. Харин дээрх оргил цагийн эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэвэл манай станцуудад илүү ачаалал ирж, зардал ч нэмэгдэнэ. Тиймээс манай улс тохируулагч байдлаар ОХУ-аас цахилгаан авдаг. Ойрын жилүүдэд 180-200 сая квт цахилгаан импортлохоор гэрээ хийсэн.
-Харин Хятадаас хэчнээн квт цахилгаан авах вэ?
-Хил орчмын сумдуудыг гэрлээр хангахын тулд Хятадаас эрчим хүч авч байна. Мөн Оюутолгойн хэрэглээнд зориулж цахилгаан авдаг. Тэнд эрчим хүчний шинэ эх үүсвэр хараахан баригдаагүй учраас ойрын дөрвөн жил гаднаас цахилгаан импортолно.
Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/
URL: