Эм сурталчилсан телевизүүдийн эрхийг түдгэлзүүлээд өгөөч

tv_m-middleСүүлийн жилүүдэд эмийн зохисгүй хэрэглээ хавтгайрч байгааг хэн хүнгүй толгой сэгсрэн буруутгаж буй.

Гэвч дээрх хууль бус үйлдлийг зогсоох талаар дорвитойхон арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрчээ. Эмийн хууль бус бизнес гаарч байгаагийн гол буруутан нь арилжааны хэдэн телевиз гэхэд хилсдэхгүй. Учир нь цаг минут тутамд эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, төрөл бүрийн бэлдмэлийн сурталчилгаа явж байна.

Үүнээс болж иргэд хордох, цаашлаад амь насаа алдахад ч аюултай гэдгийг ухамсарлахгүй эсвэл мөнгө олж л байвал эрдэнэт хүний амь нас телевизийнхэнд хамаагүй бололтой. Сурталчилж байгаа эмийг уухгүй байхын аргагүй.

Учир нь таны толгой өвдөөд байна уу, бөөр, зүрх чинь, үе мөч чинь янгинаж байна уу тэгвэл энэ эм сайн гээд л иргэдийг хүссэн, хүсээгүй өдөр, шөнөгүй сурталчилгаагаар бөмбөгдөж байгаа. Ялангуяа ханиадны эмийг бүр төрөл төрлөөр нь сурталчилж байгаа юм. Бараг л эмчид хандах хэрэггүй, тэгж цаг заваа гарздаж байхаар шууд манай эмийг уучих тэгвэл минутын дотор бүх бие чинь эрүүлжиж, хормын дотор өвчнөөсөө ангижирна гэж “дэмийрэх” болов.

Эрс тэс уур амьсгалтай манай оронд бүх насныхан ханиад томуу, чих хамар хоолойн үрэвслээр өвчлөх нь элбэг тохиолддог. Тиймээс нөгөө сурталчлаад байдаг эмийг эмийн сангуудаас жортой, жоргүй хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэсээр, эцсийн үр дүн нь ойлгомжтой. Иргэдийн тархийг цаг тутам угаадаг телевизүүдийн рекламыг хянаж, цагдах байгууллага огт байдаггүй гэж ойлгож болохгүй. Харин ч нэг биш нэлээд хэд байдаг байна.

Тодруулбал, аливаа эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн үйлчилгээ, биологийн нэмэлт бүтээгдэхүүн зэрэгтэй холбоотой зар сурталчилгаа хийх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж заавал ЭМЯ-аас зөвшөөрөл авсан байх ёстой байдаг аж.

Бүр ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс тухайн зар сурталчилгааны текст, өгөгдөх дүрс зэргийг нэг бүрчлэн хянаад, олон нийтэд цацаж болох эсэхийг шийдсэн зөвшөөрөл олгодог байна.

Харин зөвшөөрөл авсан этгээд телевизүүддээ сурталчилгаагаа өгөхөөр очиход, урдаас нь ЭМЯ-ны зөвшөөрлийг шаардах ёстой гэнэ. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ. Энэ асуудалд анхаарал хандуулах ёстой өөр нэг байгууллага нь ШӨХТГ юм. Тус байгууллагаас эм болон эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой зар сурталчилгаа цацаж байгаа телевизүүд ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй сурталчилгаа цацсан бол 250 мянгаас 10 сая хүртэл мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Харин давтан зөрчил гаргавал тухайн телевизийн эрхийг нь түдгэлзүүлэх, хураах зэргээр шат дараалсан арга хэмжээ авах эрхтэй байдаг байна. И нгэхдээ зар сурталчилгаа захиалсан, хийсэн, цацсан бүх хүмүүст нь хариуцлага тооцох эрх зүйн орчин бий. Гэтэл өнөөдөр торгуулсан, эрхээ түдгэлзүүлсэн нэг ч телевиз байхгүй байна. Цаг, минут тутамд цацагдаж байгаа эм болон эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой энэ олон зар сурталчилгаа ЭМЯ-аас зөвшөөрөл авч чадсан гэдэг нь эргэлзээтэй асуудал.

Уг нь ШӨХТГ-аас өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр ЭМЯ-тай хамтраад бүх телевизүүдийн удирлагуудад эм, эмнэлгийн үйлчилгээний талаархи зар сурталчилгаатай холбоотой сургалт зохион байгуулж ЭМЯ-ны зөвшөөрлийг шаардаж байхыг анхааруулсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр сургалтад хамрагдсан телевизүүдийн удирдлагууд ч ЭМЯ-ны зөвшөөрлийг огт шаарддаггүй зар сурталчилгааг цацдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байсан. Зар сурталчилгаа хийлгэж байгаа хувь хүн, албан байгууллага битгий хэл зар сурталчилгааг нь цацаж мөнгө олж байгаа телевизүүд нь ЭМЯ-ны зөвшөөрлийн талаар мэдэхгүй байгаа нь энэ асуудал ямар төвшинд байгааг бэлхнээ харуулж байгаа байна.

Сургалт зохион байгуулж, ЭМЯ-ны зөвшөөрлийг шаардаж бай гэдгийг сануулаад бүтэн дөрвөн сар өнгөрч байхад телевизүүд бахь байдгаараа байгаа нь харамсалтай. Иргэдэд эм сурталчилахгүйгээр мөнгө олох түмэн арга байгаа. Тиймээс мөнгө олох гэж улайран ард иргэдийн эрүүл мэндээр “наадаж” байгаа телевизүүдэд хатуухан хариуцлага тооцох цаг нь аль хэдийнэ болжээ.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих