536 ширхэг хувьцааны талаар ойлголтгүй иргэд цөөнгүй байна
“Эрдэнэс-Тавантолгой “-н хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлэх болсонтой холбоотойгоор Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирэх иргэд саяхныг хүртэл нэлээд олширсон.
Өнөөдөр ч тэрхүү төвөөр очих иргэд тасрахгүй байна. Энэ төвийн олон нийттэй харилцах албаны үүдэнд дугаарлан зогсох иргэдтэй уулзвал дийлэнх нь их хувьчлалын үеэр олгосон эрхийн бичгийнхээ талаар лавлахаар иржээ. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгож буй 536 ширхэг хувьцааны талаар мэдээлэлгүй яваа иргэд цөөнгүй байлаа.
Тухайлбал, 536 ширхэг хувьцааг зарж болохгүй ч өөр компанийн хувьцаагаар сольж болно гэсэн ойлголттой зогсч буй нэгэнтэй тааралдсан. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаатай уулзлаа.
-Иргэдэд 536 ширхэг хувьцаа олгохтой холбоотой ажлууд хэр цэгцэрч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай төвд 470 мянган харилцагч данс нээлгэсэн байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”-н 536 ширхэг хувьцаа эзэмших иргэдийн хувьцааны бичилтийг манай төвөөс өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хийгээд дууссан. Бидний зүгээс 536 ширхэг хувьцааг өөрийн нэр дээрээ авахын тулд шинэчилсэн бүртгэлд орох ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Энэ талаар мэдээлэлгүй байгаа иргэдийг цахим хуудсаар орж шалгах хэрэгтэйг хэлж байгаа. Өнөөдөр ч энд ирсэн иргэдэд энэ талаар танилцуулсаар байна.
-Танай байгууллага хувьцааны бичилт хийснээр иргэд 536 ширхэг хувьцааг эзэмших эрх нь нээгдэж байгаа. Харин Төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй болохоор миний хувьцаа орохгүй байна гэх мэдээлэл байва?
-Бид хувьцааны бичилт хийсэн. Ингэснээр төвлөрсөн хадгаламжид данстай эсэхээс нь үл хамаарч иргэд 536 ширхэг хувьцааг иргэд өөрийн нэр дээр авсан гэсэн үг. Хэрвээ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид дансгүй гэсэн мэдээлэл гарч байгаа бол брокер, дилерийн компаниа сонгоогүй гэсэн үг.
-Төвлөрсөн хадгаламжид данстай болохын тулд брокер, дилерийн компанид хандах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ иргэд үүнд яарах шаардлагагүй гэсэн байх аа?
-Иргэд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл брокер, дилерийн компанид хандаж болно. Түүнээс биш өнөөдөр, маргаашийн дотор брокер, дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжид данстай бол гэж хэлэхгүй. 536 ширхэг хувьцааны үнэ хараахан тогтоогүй байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Нэрлэсэн үнэ тогтсон үед иргэд хувьцаагаа зарах эсвэл өвлүүлэхийг хүсвэл данс нээлгэсэн байх шаардлагатай.
Гол нь иргэд брокер, дилерийн компаниа өөрсдөө сонгож, сонгосон компанитайгаа харилцах хэрэгтэй. Брокер, дилерийн компани бол хөрөнгийн зах зээлийн анхдагч нэгж гэдэг утгаараа иргэдэд зөвлөлгөө өгнө. Аль брокер, дилерийн компанийг сонгох вэ гэж асуух иргэд олон байна. Бид энэ компанийг сонго гэж хэлэх эрхгүй болохоор бүгдийнх нь мэдээлэлтэй танилцах боломжийг олгож байгаа.
Т.Есөн-Эрдэнэ
URL: