“Намайг дахиад хэдэн өдөр өвд гэлээ”
Бид эмнэлгийн санхүүжилт тасарсан гэх шалтгаанаар иргэдээс төлбөр авч байна гэсэн мэдээллийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийг өнгөрсөн баасан гаригт зорилоо.
Бага үдийн 11:30 цагийн үед биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. Тус эмнэлгийн үүдэнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй иргэдийн ар гэрийнхэн үргэлж хөлхөлдөж байдаг. Харин эл өдөр харьцангуй цөөн хүн сууж харагдсан. “Хүлээлгийн өрөөг тохижуулж байна. Засвартай” гэсэн бичиг ханджээ.
Цахим бүртгэлийн үүдэнд иргэдийн суудаг сандлыг зөөлөн тохилог буйдан болгосон нь тааламжтай санагдав. Тус буйданд тухлан суух эмээ ингэж ярив. “Намайг Д.Цэцгээ гэдэг. Багахангай дүүргээс ирсэн. Шүд өвдөөд хэд хоног л нойргүй байлаа.
Манай өрхийн эмч нэгдүгээр эмнэлэгт очиж авахуулаад ир. Таныг очмогц л үзээд өгнө” гээд явуулсан юм. Тэгсэн худлаа юм байна. Намайг нэгдүгээр сарын 6-ны дугаар байр ав гэх юм. Улсын эмнэлэг хэрнээ хүнд сурталтай гэж яана. Би тэр өдрийг хүлээж тэсэхгүй нь гэдгээ хэлсэн ч нэмэр алга. Дахиад хэдэн өдөр өвдөж нойргүй хонох бололтой. Хувийн эмнэлэг л очиж үзүүлэхээс
. Танил маань намайг та ахиухан мөнгөтэй яваарай. Одоо цагт та мөнгөгүй явбал үзүүлж чадахгүй гэж хэлээд байсан юм. Үнэн байж. Сүүлийн үед улсын эмнэлгүүд их хүнд сурталтай болсон. Зарим эмчилгээг төлбөртэй хийнэ.
Ингээд бодохоор эрүүл мэндийн даатгал хэрэггүй юм шиг санагдах юм” хэмээн их л бухимдаж байлаа. Түүнтэй ийн ярилцаад хоёрдугаар давхарт гарч шинжилгээний дугаар бичдэг хэсэг дээр очлоо.
Өөрийгөө Туяа гэж танилцуулсан 20 орчим насны бүсгүйтэй таарав. Тэрбээр “Би Баянзүрх дүүргийн иргэн. Хэд хэдэн шинжилгээ өгөхөөр ирсэн. Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй болохоор шинжилгээнд мөнгө төлөхгүй юм байна.
Харин даатгалгүй хүмүүсийн шинжилгээг төлбөртэй авдаг юм билээ. Би долоо хоног л эмнэлгээр явж байна. Зарим өдөр халширмаар л байх юм” гэж ярилаа.
Бид эмнэлгийн санхүүжилтийн талаар тодруулахаар Бямбадорж захирлын өрөөгөөр орсон боловч туслах эмэгтэй нь наад асуудлаа санхүүгийнхнаас лавласан дээр гэж зөвлөснөөр 507 тоот өрөөг зүглэсэн юм. Санхүүгийн албаны дарга Д.Хишигбаяр их л зав муутай байгаагаа учирласан.
Түүний яриагаар бол хэд хоногийн санхүүжилтийг зохицуулах асуудал гардаг ч эм, тариа бусад хэрэгцээт багаж төхөөрөмжийг хан-ган нийлүүлэгчдээс гэрээгээр авахаар шийдчихдэг. Тийм учраас үйлчлүүлэгчид хийгээд хэвтэн эмчлүүлэгчдээс төлбөр, эм, тариа авдаггүй. Аль тасгаар үйлчлүүлсэн хэн гэдэг хүн та нарт ийм мэдээлэл хүргэснийг хэлээч хэмээн шалгааж байлаа.
Тус эмнэлгийн гуравдугаар давхарт мэс заслын тасаг байрладаг. Хагалгаанд орж буй өвчтөний ар гэрийнхэн шатны хажуугийн сандалд эгнэн сууж харагдав. Бид Чимэд гэх залуутай уулзлаа. Чимэд “Хотод амьдардаг ах маань хагалгаанд орох гээд намайг дуудуулсан юм.
Одоохондоо биднээс эм, тариа нэхсэн зүйл алга. Төлбөр мөнгө ч аваагүй. Хүмүүсийн ярьж байгаагаар эмнэлэгт байхгүй бол авчир гэж хэлдэг л гэх юм. Удаан явж болохгүй хагалгаанд орох хэрэгтэй гэсэн болохоор шууд л хэвтчихсэн.
Би Өвөрхангай аймгаас ирсэн. Манай аймгийн эмнэлэг бол хэцүү л байдаг. Их хүнд сурталтай, тэгээд ор хүлээж цаг алддаг. Бүсийн оношлогооны төв хэрнээ байнга л гаднаас эм тариа нэхэж байдаг шд” гэлээ.
Бид нэгдүгээр давхарт байрлах диализийн эмчилгээний өрөөгөөр орж үзлээ. Эмчилгээнд орох цагаа хүлээн таван эмэгтэй сууж байна. Тэд “Эмнэлэг эм, тариа хүрэлцэхгүй байна гэвэл тухайн иргэн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө авахаас өөр яах вэ. Өөрийнхөө эрүүл мэндэд хувь хүн санаа тавих хэрэгтэй. Ер урьдчилан сэргийлэх үзлэгт л тогтмол хамрагдаж баймаар юм билээ” хэмээн үг нэмэрлээд авсан.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дууссан гэж иргэдээс эмчилгээний төлбөр авч байна гэсэн мэдээллийн дагуу бид уг сурвалжлагын бэлтгэлээ.
URL: