Хөшөөтийн уурхайг гурав дахь удаагаа хаалаа
-Заамарт арав гаруй уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоолоо-
Ховд аймгийн амин судас болсон Хөшөөтийн уурхай хаагджээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөшөөтийн нүүрсний уурхайд шалгалт хийж автозам бүрэн тавьж, хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр хаасан аж. Харин “Мон-Эко” компанийн өгсөн мэдүүлгээр автозамд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Үүний 200 сая ам.долларыг нь зөвхөн Хөшөөтийн нүүрсний уурхайн замд зарцуулсан гэсэн тайлан байгаа. 200 сая ам.долларыг 340 км зам тавихад зарцуулсан гэвэл дунджаар нэг км зам 850-900 сая төгрөгөөр боссон байна. Хөшөөтийн уурхайгаас урд хил рүү нүүрс зөөх 340 км хатуу хучилттай зам тавьсан нь тус аймгийн хувьд хамгийн том бүтээн байгуулалт аж.
Гэхдээ энэ нь төсвийн хөрөнгөөр иргэдийн тусын тулд бус, компанийн хөрөнгөөр нүүрс зөөвөрлөхөд л зориулагдаж боссон зам юм.
ШААРДЛАГА БИЕЛҮҮЛСЭН ЦАГТ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭНЭ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэлтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайг хаасан гэсэн. Ямар шалтгаанаар хаах болсон бэ?
-Үндсэн гурван шалтгаанаар хаасан. Тухайлбал, автозамын ажил дуусаагүй. Хяналтын талбай байхгүй. Түүнчлэн, хилээр гаргаж байгаа нүүрсийг жинлэх жин байхгүй байсан.
-Өмнө нь хэд хэдэн удаа хааж байсан. Тухайн үед энэ төрлийн зөрчил гарч байгаагүй юм уу?
-Хоёр жилийн өмнө хаасан. Гэхдээ өөр шалтгаанаар хааж байсан. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хааж, үйл ажиллагааг зогсоосон. Гэвч энэ үед Улсын комиссоос эрхийг нь сэргээсэн. Харин энэ удаа дээрх гурван шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эрхийг сэргээнэ.
-Одоо тавьж байгаа автозам стандартын шаардлага хангаж байна уу?
-Нийт 340 км хатуу хучилттай автозам тавигдана. Үүнээс өнөөдрийн байдлаар зургаан км автозам тавигдаагүй байна. Гэхдээ хөрс хуулалтын ажил эхэлсэн.
-Хөшөөтийн уурхайг түшиглэсэн хатуу хучилттай автозам тавигдсанаар түүнийг дагасан хөгжил гарна. Гэтэл нутгийн иргэд компанийн хооронд үл ойлголцол үүсч эхэлсэн мэдээ байна. Тухайлбал, хатуу хучилттай автозамаар нутгийн иргэд зорчихгүй. Зөвхөн уурхайн хүнд даацын автомашин явна гэх. Энэ талаар?
-Автозамын ажил 70-80 хувьтай явж байгаа. Замын ажил дуусч Улсын комисс хүлээн авснаар дараагийн асууд-ал яригдах учиртай.
ХЭД ХЭДЭН КОМПАНИЙН ҮҮДИЙГ ЛАЦАДЖЭЭ
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн компанийн хаалгыг мөн барьсан байна. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй “Шижир алт”, “Дацантрейд”, “Тод Ундарга” зэрэг арав гаруй алтны уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Тэдний үйл ажиллагааг ямар шалтгаанаар хаасан тухай эх сурвалжаас тодруулахад “Туул голын голдирол өөрчилсөн” гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.
Дээрх компаниуд өнгөрсөн онд олгогдсон, голын голдирол өөрчлөх зөвшөөрлийг энэ жил дахин ашигласан байсан. “Монголросцветмет” нэгдлийн харьяа “Шижир алт” уурхай руу нинжа нар дайрсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ нь ташаа мэдээ мэдээлэл гарсныг мэдэхгүй. Харин “Дацантрейд” компани руу хувиараа алт олборлогчид дайрч орсныг Сумын цагдаа, хүчний байгууллага хамтран таслан зогсоосон” хэмээсэн юм. Одоогийн байдлаар тус компаниудын үүдийг лацдсан байна.
М.Ариунтуул http://www.niigmiintoli.mn/
URL: