Бөх хүнд бууж өгөх гэдэг цээртэй
Дээр үеийн бөхчүүд, ахмадууд бөх хүнд бууж өгөх цээртэй, хийморь лундаа доройтдог гэдэгсэн. Тиймээс бөхчүүд барилдааны талбарт гараад л арслан барс шиг тэмцэлддэг байж. Ийм уламжлал ахмад болон түрүүхэн үеийн бөхчүүдэд тогтчихсон байсан гэж болно.
Гэтэл зарим бөхчүүд танил тал, нутаг нугын бөхдөө, бас сүүлийн үед мөнгөтэй хүнд тахимаа өгдөг буруу жишиг, монгол бөхийн уламжлалд харш зан гаргах болоод байна. Улс төрд албан тушаалыг мөнгө, хөрөнгөөр үнэлдэг болсонтой адил бөхчүүд даваа биш унаснаа үнэлүүлэх гэж шунадаг болов.
Тиймээс улсын наадмаар даваа бүрт авлигатай болсон гэдэг. Улсын начин цолд хүрэхэд 200 саяас доошгүйг төлдөг болсон гэдэг ердөө нууц биш. Буулт хийсэн бөхийн хийморь лундаа доройтдог гэдэг нь ч амьдрал дээр харагдсаар байна. Булган аймгийн харьяат улсын гарьд И.Доржсамбуу гэж хачин сайхан бөх дөө.
Даанч сүүлийн жилүүдэд дан мөнгөний барилдаан хийж наадмын тавын давааны эхэнд бушуухан сөхөрч өгдөг болсон. Хэдэн ч жил начин төрүүлэв дээ. Бууж өгдөг “өвчин” нь бас ах дүүсдээ халдварлаж улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж нар мөн л ах гарьдынхаа замаар орсон.
Тэгээд И.Доржсамбуу ч, хоёр дүү нь ч урьдын амжилтдаа хүрч барилдахаа болив. М.Өсөхбаяр заан даацтай барилдаанч тун сайхан бөх. Гэтэл начин төрүүлж нэрээ сэвтээгээд бас Хэнтий аймгийн 90 жилээр дор даваанд аймгийн начин залууд бууж өгснөөр огт барилдаж чадахаа байлаа.
Саяхны нэг барилдаан дээр нэгийн даваанд өнхөрч харагдав шүү. Хайран заан. Бууж өгснөөр бөхийн сүр сүлд доройтно гэдэг энэ байхаа. Дундговийн Л.Пүрэвжав гэж тун гайгүй бөх гарч ирсэн. Цолоо ахиулахын төлөө зүтгэх байтал бас начны мөнгөнд хууртаж нэрээ баллачихсан. Одоо барилдаад гурав давахаа байх шив.
Хэнтийн наадамд .очоод наадамчдын нүд бүлтийлгэн бууж өгсөн арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар нар ч урьдынх шигээ барилдахаа байж байна уудаа. Бас нэг зүйлийг хэлэхэд барилдаагүйгээр бүсээ тайлж тахимаа өгдөг том цолтны дэмийрэл 2-3 удаа гарсан байгаа.
Тиймээс энэ алдааг засахын тулд бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт хиймээр юм. Яалт ч үгүй ахмад бөх залуу хүнд тахимаа өгөхийн өмнө заавал газарт өвдөглөж харагддаг уламжлал байдагсан. Бөхийн холбооныхон бөхийн дэвжээ рүү сав хог шиддэг үзэгчтэй тэмцэх тухай ярьдаг. Камер тавьсан гэдэг.
Тэгэхээр бөхчүүд ёс зүйтэй, хөлийн засуулууд шударга байвал хэн хог шидэх юм бэ. Бөхөө л ёс зүй, дэг заншлаа сахьдаг. болго. Тэгвэл болоо юм биш үүү. Бурууг бусдад нялзаах оролдлого алдааг өөгшүүлсэн хэрэг болно гэдгийг бөхийн зүтгэлтнүүд хатуу санаач.
Ц.Лувсан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: