Орчин үеийн Монголын төрд хос ёсны онол хэрэгтэй юу?
Монгол оронд ардчиллын түүх бичигдсэнээс хойш 20 гаруй жил өнгөрөч, энэ хугацаанд бүхэл бүтэн нэгэн үе төрж, өсөж бойжоод байна. Энэхүү шинэ үеийнхний хувьд 1990-ээс өмнөх үеийн нийгэм огт төсөөлшгүй зүйл. Цаг үе цаг үеэ л мэддэг, хүмүүс тухайн нийгэм, ахуйн бүтээгдэхүүн байдаг.
Ардчиллын 20 гаруй жилийн өндөрлөгөөс харахад төрийн удирдах ажилтны төлөвшил хангалттай биш байна. Энэ нь ялангуяа төрийн дээд байгууллагад ажиллагсдын хувийн ёс зүйтэй юуны өмнө холбоотой. Нэг нам солигдоход нэг үзэл санаа гарч ирэх нь зайлшгүй ч, харин шинэ намынхан түрүүчийн намын үед гаргасан албан хаагчдын төрийн хөрөнгөөс идэж шамшигдуулсан хөрөнгийг ихээхэн тоон үзүүлэлтээр баримтаар гаргаж байгаа нь Ардчилсан нийгэмд үл зохих, ёс бус үйлдэл газар авсны шинж, үүний нэг илрэл нь авлига яах аргагүй мөн юм. Залуусын дунд “Авлига авахгүй, Авлига өгөхгүй” гэх мэт хөдөлгөөн өрнөж байгаа ч энэ ньтөдий л үр дүнтэй шалгарсан арга биш, арга ядсан мухардмал шинж чанартай байна.
Үүнээс үүдэлтэйгээр Монголын төрийг, улстөрч хийгээд төрийн зүтгэлтний ёс зүйг хэрхэн төлөвшүүлэх талаархи асуудал зайлшгүй гарч ирж байна. Үүний тулд орчин үеийн төр ямар байх талаар гадаадын загварчлалыг шууд хуулан авснаас илүүтэй дотоод уламжлал, түүхээ шинэ нөхцөлд дахин гаргаж ирэх байдлаар асуудалд хандах нь зүйтэй болов уу?
Өнөөдөр монголчууд америк маягийн ардчиллын загварыг авахыг сонгодог үлгэр жишээ гэж үздэг. Тэр загвараар ёс зүйг төлөвшүүлэх нь үнэндээ Монгол орны хувьд байж болох ганц хувилбар, энэ талаар тэдний жишээнээс суралцахад ч болохгүй гэх зүйлгүй. Гэвч, Америк орчин үеийн шинжлэх ухааны технологийн үлгэр жишээ орон хэрнээ ёс зүйн хэм хэмжээтэй холбогдох зүйл нь шашингүйн үзэл бас биш байна.
Яагаад. АНУ бол Христийн шашинд суурилсан ёс зүйтэй, түүнийг үндэсний ёс зүйн хэм хэмжээ болгосон байх аж. Хэн бүхний мэдэх жишээ гэвэл, АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө библи дээр гараа тавьдаг гэх мэтээс үзэхэд АНУ нь орчин үеийн шинжлэх ухаан.технологийн орон мөн боловч ёс зүйн асуудалд уламжлалт Христийн шашныг баримталдаг хэвээр байгаа нь тэдний хоцрогдол биш, харин байх ёстой соёлын ёс зүйн хэм хэмжээ гэж үзэхэд хүргэж байна. Ингэлээ гээд Америк муудсан юмгүй, улирсан баларсан Дундад зуундаа үлдсэнгүй, харин ч тус улсын дэлхий нийтэд харагдах орчин үеийн өнгө төрх нь бүрдсэн байна.
Улс төрийн ёс зүй нь иргэний ёс зүйн хүрээнд буюу юуны өмнө микро, макро орчинд төлөвшдөг. Хэрвээ энэ төвшинд төлөвшөөгүй бол улстөрч болсон хойноо төлөвших боломжгүй. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг шиг хүн болгон адилгүй ч, орчин үеийн Монголын нийгэмд баян айлын эрх танхи өссөн, хэт их хөрөнгө мөнгөөр аливаа асуудлыг шийдэж сурсан, ёс зүйн хувьд эвдэрсэн нөхөд сонгогчдод эдийн засгийн янз бүрийн аргаар нөлөөлөх байдлаар олноороо гарч ирээд эрх дарх тогтоох байдал гарч ирж байна.
Улмаар тэдгээр шинэ үеийн улстөрчид ард түмний амьдралыг дээшлүүлнэ хэмээн ардчилал гэдэг сайхан үгээр ард түмнийг хичнээн донгодон ятгавч бодит байдал эсрэгээр болж хувирна. Тэгвэл бид улс орноо ардчилсан улс гэж томъёолох боломжгүй болгоход хүрэх юм. Ардчилалд нэг л загварчлал байх ба тэр нь ардчилал өөрөө оршин байх явдал юм. Харин үүний хэм хэмжээг бүрдүүлэх боломж, ялангуяа, суурь онолын нөхцлийг нь гаргаж ирэх хэрэгтэй.
Монголын уламжлалт ёс зүй уг нь Бурханы шашинд суурилах нь илүү ойр. Гэтэл өнөөдөр Бурханы шашны ёс зүйг төрийн хэм хэмжээ болгоно гэвэл хэн ч хүлээж авахгүй. Энэ тохиолдолд магадгүй зарим нь өөр санал ч гаргаж мэдэх юм. Ерөнхийдөө өнөөгийн байр суурь нь шашингүйн үзэлд л суурилаад байгаа юм. Энэ нь өнгөрсөн түүхэн хугацаанд социализмын үндсэн зарчим байсан билээ.
Харин өнөөдөр баримтлах ёс жаяг байхгүй болж, хөрөнгө мөнгийг хэт шүтэх үзэл газар авч, хөрөнгөтэй хэсэг бүлэг хүмүүс бусдыг хүн биш гэх хамгийн ёс зүйгүй иргэншил төлөвшиж байна. Монгол орон бас эртний нүүдэл ба шашны уламжлалыг хослуулсан өвөрмөц соёл иргэншилтэй ард түмэн. Бурханы шашин нь их эртний уламжлалтай, их том гүн ухаантай, их ариун ёс зүйтэй билээ.
Үнэндээ, Бурханы шашны ёс зүйг орчин үеийн Лам хуварга нар өргөх байтал унагаж байгаа нь их болсноос тэдэнд дургүйцэх, шашныг шүүмжлэх үзэл санаа нийгэмд бий болжээ. Өнөөдөр олон тооны лам нар, ялангуяа залуу лам нар тэдгээр Бурханы шашны нэр хүндийг унагаж байгаа цөөн тооны нөхдийг шүүмжилж байна. Манайд 1990-ээд оны эхээр гарч ирсэн сөрөг хандлага нь Бурханы шашны үндсэн зарчимтай нийцэхгүй төдийгүй цаашдаа ч газар авахгүй. түр зуурын явцгүй буруу явдал мөр болон түүхэнд үлдэх нь дамжиггүй.
Энэ тохиолдолд энгийн иргэд бид ч гэсэн өөрсдийн Бурханы щашныг үзэх хуучин үзэл санаагаа өөрчилж, шинэ байр сууринаас хандах шаардлага гарч ирнэ. Өнөөдөр дэлхий дахинд Бурханы шашин нь ихээхэн өндөр байр суурьтай байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Сэтгэл ба Амьдрал” нэрийн дор Энэтхэгийн Дарамсалад дэлхийн олон орны эрдэмтэд, Төвдийн шилдэг гэвш нар хамтран XXVII хурал зохион байгуулжээ.
Жавзундамба төвийн багш, гавж Нямсамбуу энэ хуралд оролцоод ирсэн талаараа мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн хурал нь сэтгэлзүйтэй холбогдсон бөгөөд урьд нь квант физиктэй холбогдсон хурал ч хэд хэдэн удаа болж байсан байна. Ийнхүү орчин үеийн эрдэмтэд нийгэмд үүсч бий болсон янз бүрийн сөрөг асуудлыг харилцан хэлэлцэх байдлаар асуултынхаа хариуг авах оролдлого хийж байгаа юм.
Харин манайд иймэрхүү Бурханы шашны шинжлэх ухаанч байр суурь хандлагыг дэмжсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь Бурханы шашны талаар буруу байр суурь нийгэмд төлөвшин бэхжүүлэхэд хүргэж байгаа нь бидний нэг дутагдал юм. Хэрвээ бид иймэрхүү шинжлэх ухаанч хандлагыг дэмжсэн Бурханы шашны үйл ажиллагаа явуулбал байдал одоогийнхоосоо нэлээд сайжрах боломжтой.
Өнөөдрийн шинжлэх ухаанч байр суурь ч шашинтай нэгдмэл нэгэн үзэл санаатай хорших байдлаар явагдах нь яг үнэндээ шинжлэх ухаанд бүр илүү ашигтай, шинжлэх ухааныг өнөөгийн мухардмал байдлаас гаргана гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө АНУ-д “Туулайн хэвтэр буюу орчлонт ертөнцийн тухай ба бид өөрсдийнхөө талаар юуг мэдэхгүй байна вэ” гэсэн баримтат кино гарч удалгүй ном болсноор олон сая хувь борлогдсон (монголоор уг ном удахгүй гарах гэж байна) төдийгүй энэ үзэл санаа олон орны эрдэмтэдийн дунд нэлээд яригдах болсон юм.
Тэгэхээр энд яригдаж байгаа шашны мөн чанар нь бусад шашнаас илүүтэй Бурханы шашинд чиглэж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн, орчин үед Бурханы шашны олон тооны үзэл санаа шинжлэх ухаанаар батлагдсан хэвээр байна. Хүний биеийн хүрдний тогтолцоо, энергийн хийн гүйдэл, хоосон чанарын гүн ухааны мөн чанар, бясалгалын үр дүн гэх зэргийг юуны өмнө дурьдаж болно.
Бид энэ талаар Хинду шашнаас бус, Ошо, Шри Чинмой нараас бус, өөрсдийн шашнаа судлаад л мэдэх боломж бий. Түүнчлэн, англи тэргүүтэн барууны дам эх сурвалжаас бус үндэсний соёлын жинхэнэ охь шимээс нь хүртэх боломж бий. Бясалгалын талаар олон тооны тогтолцоо дорно дахины орнуудад байна. Тэдгээрээс хамгийн шилдэг аргачлал нь Бурханы шашны янз бүрийн шатны аргачлал мөн бөгөөд тэдгээр нь манай хуучин цагийн лам нарын бүтээлд тусгалаа олсон юм. Бурханы шашинд хамгийн анхан шатны төвлөрүүлэх бясалгалаас аваад Тантра ёсны хий гүйлгэх бясалгалыг нэрлэж болох юм.
Саяхан надтай уулзсан нэгэн эмч АНУ-д бясалгалын үйл ажиллагаа зарим дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсанаас гадна анагаахын мэргэжлийн сургуульд бясалгал оруулах болсон талаар ярьж байлаа. Тэгтэл энэхүү Бурханы шашны эртний уламжлалт Монгол оронд байдал ямар байгааг та бид бэлээхэн мэдэж байгаа. Ийм байдал улстөрчдийнх нь үзэл санаанд ч нөлөөлсөн байх ажээ.
Бурханы шашныг шинэ нөхцөл байдалд гаргаж ирэх гол зүйл нь бидний энэхүү шашинд хандах ойлголтоо шинэчлэх маягаар хандах хэрэгтэй. Үүний хүрээнд Бурханы шашны онолын шинэ үзэл баримтлал боловсруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл,”сүсэг бишрэл” гэдэг үгийн албан ёсны түвшинд итгэл үнэмшил гэсэн үгээр сольж болох юм. Тус сургаалыг даган мөрдөгчдийн хувьд “сүсэг бишрэл”, харин төрийн албан ёсны нэр томъёо нь “итгэл үнэмшил” болох юм.
Энэ тохиолдолд Бурханы шашинтай гээд хуучин байсан шиг заавал лам багштай байх албагүй, дэмжигч буюу итгэл үнэмшилтэй байхад л болно. Гэртээ заавал Бурхан, судар тавих албагүй. Харин хүндэлнэ. Бурханы сургаалыг гэгээрэх хөтөлбөрийн дагуу биш, зарчмыг нь хүндэлдэг байх. Бусад шашнаас илүү гэдэг талаар зохих мэдлэгтэй байх. Харин нэг зүйлд илүү сүсэгтэй байж болох ба энэ нь ёс зүйн сургаалд нь итгэлтэй байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, буян, нүгэл гэж байна, үйлийн үр гэж байна, сайн үйл хийвэл үр шимийг нь хүртэх, муу үйл хийвэл шийтгэлтэй гэдэгт шинжлэх ухаанч байх шаардлагагүй юм. Хэрвээ итгэл үнэмшилээ сүсэг бишрэл болгох гэвэл тухайн хүний хувийн асуудал. Төр,шашин хослох орчин үеийн төрийн бодлого нь юуны өмнө иргэдийн уламжлалт давуу байдал, тэдний дотоод сэтгэлд тулгуурласан тийм бодлого байх нь гарцаагүй.
Төр зарчмын хувьд Бурханы шашныг хүлээн зөвшөөрсны улмаас төрийн тэргүүн ерөнхийлөгч маань АНУ-ын Ерөнхийлөгч шиг Бурхан багшийн Билэг барамида сударт гараа хүргэж тангараг өргөлөө гэхэд гадаадынхан манай асуудалд оролцохгүй, харин бид тэдэнд өөрсдийн онцлогийг тайлбарлах л хэрэгтэй болно.
Түүнчилэн, Бурханы шашны хичээл дунд сургуульд орж, бясалгалын дасгал ч хийлгэхэд буруудах юмгүй. Энэ талаар хэдий оройтсон ч америкачуудаас судлах, тэдний бэлэн боловсруулсан технологид ч суурилж болох юм. Төрийн ёс зүйн хэм хэмжээг Бурханы шашны ёс зүйн зарчмаар удирдлага болгож ч болно хэмээн үзэж байна.
СУИС-ийн багш Б.Нарантуяа
URL: