Эмэгтэйчүүдээ хайрладаг төр засагтайг мэдрүүлсэн төрийн тэргүүнд талархъя

44edfc294b8548fboriginal“Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийн талаархи бодлого, эрх зүйн орчин хохирогчдод ээлтэй бус байгаа. Охид бүсгүйчүүдийн эсрэг бодлого үйлчилсээр өнөөдрийг хүрсэн. Би нөхөртөө зодуулж, шөнө дөлөөр олон удаа гэрээсээ зугтааж байлаа. Цагдаа дуудаад ямар ч нэмэргүй. Нөхөр согтуу биш бол эрүүл хүнийг эрүүлжүүлэх рүү авч явахгүй гээд орхиод явна. Согтуу бол авч яваад хэдэн цагийн дараа гаргачихна. Бодвол цагдаа нарт мөнгө өгч байсан байлгүй. Маргааш нь ирээд цагдаад өглөө гэж өширхсөндөө бүр их зодно. Би энэ хүний гараас амьд гардаг юм бол дахиж энэ гэрт орж ирэхгүй гэж олон удаа тангарагладаг байв. Бүх бие хөх няц болтлоо зодуулсан ч гэр бүлийн маргаан гээд захиргааны хариуцлага тооцон, 15-20 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг. Хэрвээ би нөхөртөө биш өөр хүнд зодуулсан бол аль хэдийнэ Эрүүгийн хэрэг үүсгээд явах байсан. Ийм л ялгаатай, тэнцвэргүй эрх зүй бидэнд үйлчилсээр өнөөдрийг хүрлээ” Нөхөртөө олон жил зодуулж, хүнд гарынх нь шүүсийг олон удаа хүртсэн турьхан нэгэн бүсгүйн яриа. Эр хүний хатуу нударга энэ хүүхний хаана нь бууж байсан хэрэг вэ гээд бодохоор эмэгтэйчүүд бид мөн ч бөх улс юм даа. Амссан зовлон дарамт шахалт нь түүнийг наснаас нь эрт хөгшрүүлжээ. Нүд нь галгүй болж.

Нүдний гал яах вэ, одоохондоо нулимсгүй, өвлийн хүйтэнд шөнө дөлөөр нялх хүүхдээ дагуулан айл айлын хаалга тогшин явах тэр замыг л хаах юм сан. Тэгсэн цагт нүдний гал аяндаа асна. Өмнө нь цагдаа “Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг” гээд огт хэрэг гэж тооцдоггүй байж. Харин одоо эмэгтэйчүүд өөрийнхөө гэрт, хамгийн хайртай хүмүүсийнхээ хамт жарган суух ёстой гэрт нь ийнхүү хар хорын хүчирхийлэл амь бөхтэй байсаар байгааг төр засгийнхан сая л олж мэджээ. “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв”-өөс санаачлан Хууль зүйн яамныхан хамтран Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэн найруулж дорвитой өөрчлөлт хийхээр төсөл боловсруулж байгаа. Он солигдохын босгон дээр болсон аймшигт хэргүүдийн “ачаар” дээрх төслийг яаравчлах талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн өндөрлөгүүд бүгд л анхаарлаа хандуулж эхэллээ. С.Эрдэнэ сайдын тэргүүлдэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг салбарын хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжихийн хажуугаар хамгаалах асуудал чухал болоод байгааг хаана хаанаа ойлгоод эхэлчихэж. Төрийн тэргүүн маань он солигдох торгон мөчид хэлсэн үгэндээ эхчүүд эмэгтэйчүүдээ өмгөөлсөн үгээ илгээлээ. “2014 он Монгол түмний хувьд ээлээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна. 2013 онд улс гэр маань олон шинэ охид хөвгүүдээр бүл нэмлээ. Шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр иргэнээ бид хүлээн авлаа. Удахгүй бид гурван саяулаа болох гэж байна. Бид улам өнөр өтгөн болно. 2014 онд охид эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудын эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход онцгой амжилт гаргахын төлөө ажиллах болно” гэж хэлсэн үг ард түмэнд ялангуяа нөхрийн хатуу гарт тарчилж суугаа мянга мянган эмэгтэйчүүдэд сэтгэлийн дуудлага болон сэргээсэн нь дамжиггүй. Ерөнхийлөгчийнхөө энэ үгэнд эрэмшсэн олон олон эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрүүл мэнд, эрх чөлөөний тэмцлийн төлөө босох болно. Заавал хэн нэгнийгээ үхэлд хүргэж байж энэ хатуу тавиланг нийтээрээ ойлгох ёстой байсан юмуу, тэгвэл нэг биш нэг хэсэг бүсгүйгээ бид алуурчин нөхрийн гарт амийг нь зольчихоод өнөөдрийг хүртэл “илжиг” болохоос эмээн суусаар байсан.

Харин одоо хүний эрхийн хуульч М.Ичинноровын хэлсэнчлэн төр гэдэг “илжиг” жороолохоор шийдэж байгаа нь юутай их дэвшил вэ. Эмэгтэй хүнгүй айл өрх гундуухан, ээжгүй өссөн хүүхэд ядруухан байдгийн адил эмэгтэйчүүдтэйгээ зүй бус ханддаг нийгэм харгис болж, харгисчуудаар дүүрвэл ямар аймшиг вэ. Ээжээс төрөөгүй, ээжийн энгэрт зүүгдэж өсөөгүй хүн араатан болдог гэж настайчууд ярих нь бий. Ямар ч эх хүн хүүхдээ араатан болог гэж “араатны” жороор өсгөхгүй нь мэдээж. Гэхдээ л эхнэр хүүхдээ тарчлаан зовоож буй шалтгааныг судалсан судалгааг үзэхэд архи, хардалт нэгдүгээрт бичигддэг. Хар бол өвчин, эмчлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаач, эмч нар өөгшүүлдэг. Хүн сэтгэл санаагаа тайвшруулаад, зөв сайхан бодол тээгээд явбал тэрэн шиг хурдан илааршдаг өвчин гэж байхгүй. Тиймээс өвчин гэж бодолгүй зөвхөн түр зуурын сэтгэлийн гэмтэл гээд бодчихвол засрахдаа амархан байж магад гэж санагдаад байх юм. Одоо төрийн тэргүүнээсээ эхлээд Монголын сор болсон эрчүүд маань эхнэрээ харддаггүй, хар бол хайргүйн шинж гээд хэлээд өгчихвөл нийгэм тэр чигээрээ дагана даа. Харанхуй мунхгаасаа болж тулганы цаадхыг харах чадваргүй болсон эрчүүд л эхнэрээ хардан дотор нь шатаж, оволзож явдаг гэх. Мөн амьдралын хатуу хөтүүг үүрэлцэж яваа эхнэрээсээ дор, бядгүй, хүчгүй, чадваргүй дорой гэдгээ байнга мэдэрдэг эр хүн эмэгтэйгээ нударгын хүчээр дарахыг хүсдэг гэсэн сэтгэл зүйчдийн судалгаа ч байдаг. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдгийг амьдрал баталсан. Айл гэрт аав ээж, үр хүүхдүүд нийлж байж голомтоо бадрааж явдаг. Өнөө үед харгис ааваар яахав гээд ихэнх эмэгтэйчүүд ганц биеэр амьдрах болсон нь өрх гэрээ доголон авч яваагаас өөрцгүй. Энэ нь эмэгтэйчүүдийн маань буруу бишээ. Одоо бид эмэгтэйчүүдээ хамгаалдаг, хайрладаг, ойлгодог, хайр халамжиндаа багтаадаг төр засгийн удирдлагуудтай гэдгээ мэдлээ, мэдэрлээ. Шинэ оныг бид урам сэргээсэн, улам ухаажсан үгтэйгээр угтлаа, төрийн тэргүүндээ талархлаа. Хүчирхийллийг таслан зогсоохын төлөө уйгагүй ажиллаж яваа 20 гаруй төрийн бус байгууллагын бүсгүйчүүддээ гялайлаа. Та бүхэн минь л биднийг үеийн үед хүчгүйдсэн ч гэсэн өмгөөлсөөр ирсэн. Одоо хуулийн төслөө маш сайн боловсруулан, яаравчлан өргөн барих ажлаа шуурхайлаарай. Та бүхний шаардлагад олон олон төрийн байгууллагаас хариу ирүүлж, шуурхай ажиллаж эхэлсэн нь эмэгтэйчүүдийн хүч юм. Төр засгийн удирдлагуудыг хөдөлгөж чадсан шигээ одоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, цаашилбал гишүүд, олны танил эрхмүүдийг эхнэрээ хардаж зовоолгүйгээр яаж хайрладаг талаар олон нийтэд үгийг нь хэлүүлчихвэл нийгэмд бүр гоё хандлагыг бий болгоно доо.

Б.МӨНХТУЯА

URL:

Сэтгэгдэл бичих