ДУТУУ ИДСЭН ХООЛ
Манайхан тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдал энэ тэр гэж их ярих. Энэ удаад тэр чинь алс холын, том юм биш гэдгийг нотлох гэж байна. Зүгээр л хоол хүнснээсээ эхэлье. Хоол хүнс олон учраас хиамнаас эхэлсэн ч болно. Энэ талаар асуудал хөндөх гэсэн юм…
Жинхэнэ хүнсний үнэр
Бидний багад өвөл дэлгүүрт ороход алим, мандрины (жүрж) үнэр ханх тавьдаг байв. Бараг гармааргүй байдаг байж билээ. Одооны жимс ямар ч үнэр алга. Хүүхдүүдэд хэлэхэд өөдөөс бараг инээх. Арай л Та хөгшрөөд юм үнэртэж чадахгүй байна гэх шахаж байна. Мөн хиам гэж сайхан үнэртэй, амттай салахын аргагүй нэг юм байлаа. Энэ хиам, сосиска чинь нэг л биш гэнэ. Тоох хүн манай гэрт л лав байхгүй. Бүгдээрээ л шалтаг болгонд идэцгээнэ. Бусад айлууд ч бүгдээрээ тэгдэг шиг байгаам. Миний багын ундаа гэхэд л нулимс гартал хийжүүлсэн байдагсан. Зайрмаг гэхэд л янзтай.
Эхлээд би социализмын үеийн хүүхдүүд бид юм үзээгүй “өлсөж үхэх” шахдаг байсан болоод хааяа нэг идэх юм үзэхээрээ тэгж айхтар тод санадаг байжээ гэж бодоод өөрийгөө буруутгадаг байсан. Гэтэл тийм биш байжээ…
Ард түмний хүнс
Сая би ЗХУ-д хүнсний чанар стандарт болон асуудлыг яаж хангаж байсан талаар нэг өгүүлэл уншив. Энэ асуудал манайтай шууд хамаатай учраас товч агуулгыг хүргэж байна. (Сонирхсон хүн эл өгүүллийг http://svpressa.ru/society/article/80025/ хаягаар үзнэ үү.)
1974 оны зөвлөлтийн стандартаар “докторский” хиам: 23% дээд зэргийн үхрийн мах, 70% гахай, 3% өндөг, 2% үхрийн сүү, 2% цардуул буюу гурил гэсэн найрлагатай байжээ. Энэ болон бусад хиаманд натурал биш ямар ч хольц хийдэггүй байжээ. Энэ болон бусад орос хиамыг манайхан сайн мэднэ дээ. Энэ бол хатуу стандарт байсан ба үүнийг аль эрт 1936 оны 4 дүгээр сард баталсан байна.
Энэхүү стандартыг баталсан тогтоолд: “Иргэний дайн болон хаант засгийн дарлалын улмаас эрүүл мэнд нь нэрвэгдсэн хүмүүст тусгайлан зориулсан” гэж тэмдэглэсэн байж. Энэ стандартыг зөрчвөл нэн хатуу шийтгэдэг байсан нь хожим хадгалагдан үлджээ.
Үүнээс өмнө Зөвлөлтийн Эрүүл Мэндийн Ардын Коммисариатын дэргэд Хоол Тэжээлийн эрдэм шинжилгээ-судалгааны улсын Институт байгуулж, захирлаар нь эрдэмтэн биохимич Б.И.Збаркийг томилжээ. Энэ яамны сайд нь бидний “сайн мэдэх” Анастас Иванович Микоян байжээ.
Энэ үе бол Зөвлөлт Орос дөнгөж өлсгөлөнгөөс гараад байсан учраас хүнсний асуудал амин чухал байжээ. Ард түмний хүнс тэжээлийн асуудлыг сууриар нь шийдэхийн тулд Голланд, Данид Д.Гранников, Германд В.Василевский нарын том эрдэмтдийг, АНУ-д А.Микоян нарыг явуулжээ.
Тэд эргэж ирээд хүнсний аж үйлдвэрийг нийт аж үйлдвэржүүлэх төлөвлөгөөнд оруулж асар олон хүнсний үйлдвэр барьжээ. Ингэж байж эх орны дайныг даван туулж чадсан байна. Дайн хоол хүнсний чанарт бүр ч өндөр шаардлага тавьжээ.
Асар удалгүй дээр дурдсан институтыг Бүх Холбоотын Хүнс Тэжээлийн Институт болгон өөрчлөв. Түүний дарга хүнс тэжээлийн физиологийн том мэргэжилтэн, профессор О.П.Молчанов өөрийн мэргэжлийн гайхамшигт багийн хамт “О вкусной и здоровой еде” (“Амтат, эрүүл хоолны тухай”) гэдэг одоо ч манай эхнэрүүдийн амтархан унших дуртай номыг тэртээ 1939 онд зохиожээ. Би хүртэл тэрийг чинь зав зайгаараа хардаг гээд бодчих. Харин дөнгөж саяхан зохиосон гэж боддог байсан юм. Мэргэжлийн өндөр түвшин гэж үүнийг л хэлдэг байх.
Хожим Эх орны дайны дараа аж үйлдвэрийг сэргээхэд энэхүү хүнсний хатуу стандартыг яг тэр хэвээр нь үлдээж, Горбачевын ардчилал эхлэх хүртэл хэвээр нь мөрдсөн байна. Ийм болоод л орос хиам амт сайтай байдаг байсан аж.
Оросууд олон юман дээр стандарт зөрчдөг байсан боловч хаа очиж хүнс хоолон дээрээ тэрийгээ хатуу барьж заншжээ. Ингээд ардчилал эхэлж, олон жил мөрдсөн стандартыг эвдэж, зах зээлийн зарчим үйлчилж эхэлжээ.
Үр дүн
Зах зээл хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмсэн боловч чанарт өчүүхэн ч ахиц гаргасангүй. Ганц хиаман дээр жишээ авахад л оросын хиамны 40% нь махан дүүргэлттэй, бусад нь арьс хөрсний эмульс, тосны эмульс, хүүхдийн будаа, төмсний болон эрдэнэ шишийн цардуул, арвай, цагаан будаа, овъёос, хөц зэргийн гурил, маргарин, наран цэцгийн тос зэрэг олон нэмэлт байдаг байна. Өөрөөр хэлбэл одоогийн орос хиам бол ихэнхи нь өөр юмаар дүүргэсэн хиам хэлбэртэй эд байдаг аж.
Хэрэв ийм жороор хиам үйлдвэрлэвэл орост хүнсний ямар ч хомсдол үүсэхгүй юм байна. Нөгөө талаас орост онкологийн өвчин ихээхэн газар авч байна гэж энэ өгүүлэлд дурдсан байна.
Монголтой харьцуулах нь
Энэ өгүүллийг уншаад яагаад миний бага, залуугийн буюу “социализмын хиам” амттай байсныг учрыг олов. Миний “хамар” муудаагүй аж. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улс Зөвлөлтийн стандартыг хатуу барьдаг, үгүй ядахдаа бага зэрэг өөрчлөөд мөрддөг байсан нь ямар ч эргэлзээгүй.
Иймээс манай социализмын үеийн хоол хүнсний стандарт нэлээд шилдэг байсан нь тодорхой байна. Тэр үед монголчууд турж үхэхийн ирмэг дээр байсан гэдэг яриа бол суртал нэвтрүүлгийн үнэн утгагүй заль мэх мөн. Юм ховордуу байсан нь үнэн ч бид хангалттай цатгалан байсныг саяхны түүх гэрчилнэ.
Эдүгээ манайхан хиам болон бусад хүнсэндээ элдэв төрлийн дүүргэгч болон бусад нэмэлт бодис ямар ч хараа хяналтгүй нэмэн дүүргэж байгаа нь ямар ч эргэлзээгүй гэж би бүрэн үндэстэйгээр хардаж байна.
Дөнгөж саяхан 80-аад оны сүүлээр би монгол хиамаа хаа байсан Болгарт аваачаад хоёр гурван сарын дараа гадаадынханд гайхуулаад иддэг байсан юм. Одоо тэгвэл гарцаагүй үхнэ гэдгээ би нэг муу мэдэхтэйгээ…
Иймээс би ардчиллын үед монголчуудын хүнс тэжээлийн чанар ихээхэн муудсан гэсэн дүгнэлт хийж байна. Учир нь үндэсний хүнсний үйлдвэрлэлийн цогцолбороо бүхэлд нь устгасан учраас…
Цогцолбор гэдэг бол эдийн засаг, технологи зэрэг олон зүйлээрээ бусад салбаруудтайгаа нягт холбоотой амилаг системийг хэлдэг. Ухаандаа сүүний үйлдвэр гэхэд л хөдөө аж ахуй буюу үнээний ферм, мал эмнэлэг, зоотехникийн албад, тээвэртэй шууд холбоотой байх жишээний.
Зарим нь миний өөдөөс тооцоо судалгаагүй, мэргэжлийн бус гэж дайрах нь гарцаагүй. Миний болон бусад монголчуудын хамар, ам болон бусад мэдрэх эрхтэн байхад тооцоо судалгаагаар ямар үхснээ хийнэ. Харсаар байтал илт юм чинь. Энд би ганц хиаман дээр жишээ авч байна. Цаашилбал мах, сүү, цагаан идээ, ногоо гээд бүх хүнсэн дээр ярьж болно. Ухаандаа монголчуудыг архи их уудаг болохоор нь хортой архи зараад алаад байж болно гэж бодож болохгүй биз дээ…
Хэрэв социализмын үед хоолны хордлого гаргасан албан тушаалтан “толгойгүй” болох байсныг би сайн мэднэ. Иймээс ч хордлого бараг гардаггүй байсан. Үүнийг хариуцлага гэдэг юм. Одоо бол төрийн хүлээн авалт, хүүхдийн зуслан, сургууль, цэцэрлэгт хүнсний хордлого гарахад бид цаг агаарын мэдээ шиг зүв зүгээр уншаад өнгөрдөг болж байна.
Ийм утгагүй тэнэг, адгийн муу юманд дасаж болохгүй ш дээ, монголчууд аа…
Ийм хоол хүнсийг хятадууд, оросууд, америкууд авчирч өгөө юу. Үгүй ш дээ. Монголчууд өөрснөө зөөн авчирч, өөрсдөө үйлдвэрлэж, монголчууддаа зарж ашиг олж байгаа биз дээ.
Энэ асуудлыг шийдсэн, шийдэх гэж зүтгэдэг төрийг “ухаалаг төр” гэж би ойлгодог юм ш дээ. Гэтэл “шилэн данстай”, “соёлч боловсон” үйлчилдэг “эмнэлэг шиг” юмыг хэлдэг юм байна…
Эндээс чинь ёстой нөгөөх тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал чинь эхэлдэг юм. Шууд хэлэхэд тусгаар тогтнол ард түмний хоол хүнснээс эхэлнэ. Ард түмнээ хорлочихоод, хордуулчихаад бизнесийн эрх чөлөө нэмээд өг гэнэ үү. “Ухаалаг” Ерөнхийлөгч эрх чөлөөг нь “нэмэх” юм гэнэлээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 04.
URL: