Л.Дашням:Төрийн жолоо хэнээс хэнд шилжиж вэ гэдгээс дархлааг нь авч үзэх ёстой
“Ярилцах цаг” булангийн зочноор академич Л.Дашнямыг урилаа.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Одоогоос хоёр жилийн өмнө таниас улс төр, уран бүтээлийн тухай ярилцлага авч байлаа. Энэ удаагийн сэдэв түүнээс өөр, магадгүй та бид маргаж мэтгэлцэж, шүүмжлэхийн зэрэгцээ бас асуудал дэвшүүлж ч болох өнцөг юм уу даа. Төрийн тэргүүн анх хэлж одоо хүн болгон ярих болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих “хувьсгал”-д та хэр ач холбогдол өгч байна?
-Нийгмийн хөгжил, улс төрийн тогтолцоо, улс орны нөхцөл байдалд том дүгнэлт хийж, өөрчилье гэж байгаа нь сайн хэрэг юм. Бид байх ёсгүй байдалд хүрчихэж, үүнийг өөрчлөхөөс аргагүй боллоо гэж хэлж байх шиг байна.
-Тэгэхээр хэн тийм болгочихов гэсэн асуулт гарч байгаа. Та юу гэж үзэж байна?
-Наад асуултад чинь хариулахын өмнө Монголын нийгмийн ийм байдлыг гаднаас бий болгочихсон уу, аль эсвэл биднээс өөрсдөөс маань болоод ийм байдалд орчихов уу гэдгийг хариулахад хүрнэ.Миний бодлоор гаднаас хэн ч нөлөөлөөгүй, бид л өөрсдөө яван явсаар ийм байдалд хүргэсэн нь үнэн.
-Тэгвэл бид гэж та хэнийг хэлэв?
- Эзэн олон. Улс төрийн хүрээний асуудал ярьж байгаа учраас юуны өмнө улс төрийн намууд, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд хариу ирэх газрууд гарна. Ерөнхийлөгчийн зүгээс ийм байдлыг өөрчлөхгүй бол болохгүй нь гэж өөрөө манлайлан үгээ хэллээ.
Харин санаагаа томъёолохдоо соёлтой хандаж, “Тэнэг төрөөс ухаантай төр рүү” гэж хэлсэн нь цаад логик нь тэнэг хандлага л явж явж том төрд хүргэснийг хэлээд байх шиг байна. Түүнээс том жижиг, ухаантай тэнэг гэсэн үг эсрэг тэсрэг байдлыг илэрхийлдэг л дээ. Гэхдээ том юм тэнэг байдаг, жижиг бол ухаантай байдаг гэж ойлгож болохгүй. Учиргүй томорсон, буруу аргаар томорсон гэдэг нь тэнэг байдлыг л харуулж байгаа юм. Тэгэхээр одоо яагаад, юунаас болж томорсон бэ гэдэг шалтгааныг олохоос гадна, яаж засах вэ гэдэг арга замаа маш тодорхой болгох шаардлага үүсч байна. Шалтгааныг нь олохдоо “Ийм болчихжээ” гэж эзэнгүй яриад ямар ч нэмэр байхгүй. Тийм ерөнхий хандлага шалтгааныг нь ч бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй. Тиймээс Ерөнхийлөгч “Дотроо яриад шалтгааныг нь олъё, тодорхойлъё” гэж хэлэхдээ“хариуцлага” гэдэг үгээр эзнийг нь тодотгож байх шиг байна. Тиймээс ч “шалтгааныг нь яаж олох вэ, хариуцлага яаж тооцох вэ” гэдэгтээ эрхзүйн зохицуулалт хийх тухайд хэлж байх шиг байна.
-Тэгэхээр шинэ хуулиуд гаргах хэрэгтэй гэсэн үг үү?
-Миний бодлоор бол манайд хууль цөөдөөгүй. Эрхзүйн орчныг нь хуульчилж өгөөгүйгээс бүх юм муу болчихлоо гэж хэлж би чадахгүй. Хамгийн гол нь хууль тогтоогчдоосоо эхлээд хэрэгжүүлэгчдээ хүртэл тухайн хууль жинхэнэ амьдралаас урган гарсан, түүнд нийцсэн хууль байна уу, үгүй юу, тэр нь яаж хэрэгжиж байна гэдгээс эхлээд олон зүйлийг ярих учиртай. Ерөнхийлөгчийн санаачилсан хэлэлцүүлгээс харахад бүх зүйл болохоо больчихож гэдгийг нийгэм ерөнхийдөө маш сайн олж харжээ гэдэг нь мэдэгдэж байна. Яамай шүү. Гэхдээ харамсалтай нь, яг тэр хүнээс болоод, яг тэр намаас болоод ийм байдал бий болжээ гэдгийг тодорхойлсон юм алга, одоохондоо эзэнгүй яриа л байна. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж томъёолсон шигээ ямар нэг соёл заагаад байна уу, эсвэл нэрлээд хэлэх гэхээр боломжгүй, хавтгайрсан байдалд байна уу, цаанаа бас л шалтгаан байгаа байлгүй.
-Ерөөсөө төрийн эрхийг ээжлэн барьж ирсэн хоёр нам л буруутай юм биш үү?
-Олон жил хоёр нам ээлжилж эрх барьж ирсэн нь үнэн. Тэд эрх барьж байхдаа нийгмийн ардчиллыг бодитой хийж чадаагүйг одоо дэвшүүлж байгаа энэ шинэ зорилтууд тодорхой харуулж байна. Том төрөөс ухаалаг руу гээд байгаа чинь өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлүүд бодитой үр дүн болж чадсангүй. Харин ч энэ хийгээд байгаа юм нь эргээд эдийн засаг, улс төрийн хямралд хүргэж, нийгмийн өөрийнх нь тогтолцоог задалж, янз бүрээр сөргөлдүүлсэн, ёс суртахууны олон гаж үзэгдлийг бий болгосон байдал руу аваачжээ гэдгийг харуулаад байна л даа. “Оройтсоноос охинтой нь дээр” гэгчээр эртхэн энэ байдлаа засъя гэж байгаа нь сайн явдал. Гэхдээ зүгээр нэг яриа болгоод өнгөрөөчихгүй бол шүү дээ. Үнэхээр шалтгааныг нь олж харж, хариуцлага тооцож, буух эзэн буцах мөртэй болбол алдаа засагдана.
-Сонгууль болгоноор улс төрийн намууд улс орныг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр гээд гаргадаг шүү дээ. Тэр бүхний үр дүн урвуу байсан гэж үү?
-Бид олон жил тийм зүйлүүд гаргаж ирсэн. Тэр нь даан ч цаасан дээр үлддэг. Хичнээн удаа сонгууль боллоо, гаргасан хөтөлбөр нь хоорондоо уялдаагүй, улс орныг хөгжүүлье гэсэн нэгдмэл нэг санаа дэвшүүлэхээсээ илүү яаж бид сонгуульд ялах вэ гэсэн амлалтын маягтай л хөтөлбөрүүд дэвшүүлж ирсэн. Хөгжлийн хөтөлбөрөөр биш хоосон амлалтаар сонгуульд оролцдог, оролцож байгаа хүмүүс нь голдуу мөнгө түрсэн, хэдэн сонгогчдынхоо саналыг би гарыг нь цайлгаж байгаад л авна гэдэг юм уу, эсвэл ийм тийм гоё үг хэлж байгаад л гараад ирдэг шүү дээ. Намууд “бид суудал эзлэхийн төлөө л тэмцэж байгаа, улс төрийн намын гол зорилго нь Засгийн газрыг эрхшээлдээ оруулж, эзэн болоход л байдаг юм” гэж хэлдэг шүү дээ. Уг нь тэдний гол зорилго нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулах, түүний төлөө гаргасан хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд л орших ёстой биз дээ. Мэдээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхзүйн орчин, янз бүрийн байршил хэрэгтэй нь ойлгомжтой. Гэтэл өнөөгийн нөхцөлд бүх зүйл, зорилт зорилгоосоо авахуулаад толгой нь уруугаа харчихсан явна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монголын нийгэм өөрийн хөгжүүлэгч эрүүл хүчээ гаргаж чадахгүй байгаа. Ялангуяа төрийн төвшинд тийм байна. Өөр бодолтой, өөр зорилго бүхий хүмүүс тэр орон зайг нь эзэлчихдэг нь гаргаж байгаа хууль, хурал чуулганд ярьж хэлж байгаа үг ярианаас нь хүртэл тодорхой харагддаг шүү дээ. Тийм байдал өнөөдөр хонх цохиход хүргэж өөрчилье, болохоо байлаа гэж хэлүүлэхэд хүргэж байна шүү дээ. Тиймээс би төрийн тэргүүний “Болж байна гээд байгаа маань болохгүй байна, засъя”гэж хэлж байгаад нь их баярлаж байгаа. Ийм алхам хийж байгаад нь талархаж байгаа. Харин энэ санаа тавиад байгаа бүхнийг нь цаашид яах вэ, хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг л байна. Үүнийг шат шатандаа хэн хүнгүй бодох ёстой.
-Бид “Төрийн хар хайрцагны бодлого” гэж томъёолж ярьдаг. Тэгвэл өөрчлөлт, шинэчлэл дунд төрийн дархлаа, залгамж чанар нь яаж явах вэ энэ цаг үед?
-Манай Үндсэн хуульд төрийн дархлаа, залгамж чанарын тухайд тун муугүй тусгагдсан. Үндсэн хууль муу болсноос бид муу болчихоод байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд, энэ хуулийг хэрэгжүүлэгчдээс, төрийн жолоог хэн, хэзээ яаж барьж ирэв гэдгээс бүх зүйл болж байгаа юм. Тэд олигтой байсан бол, зохих төвшинд ажиллаж чадсан бол, өөрийнхөө төлөө бус улс орны төлөө ажилладаг хүмүүс байсан бол байдал өөр байх байсан. Тэрнээс Үндсэн хуулиас болсон муу зүйл огт байхгүй ээ. Харин тэр хүмүүс, тухайлбал буруутнуудыг гаргаж ирж, засч залахгүй болохоор юун төрийн дархлааны тухай ярих вэ, яриад ч хэрэггүй болчихож. Төрийн дархлааны тухай ярихдаа бүх ажил үйлийг хүн л хийдэг учраас төрийн жолоо хэнээс хэний гарт очих вэ гэдгээ л ярихад хүрнэ. Бидний ажил буруу явж байна уу, зөв явж байна уу гэдгээс шалтгаална. Улс орны эрх ашигт нийцсэн бодлого, Монгол улсын тусгаар тогтнолыг, ард түмний аз жаргалтай амьдралыг, газар нутгаа, хөрс шороогоо хамгаалж чадаж байна уу гэдэг нь бүх зүйлээс харагдаж байх ёстой. Төр бол ард түмэн, нийгэмдээ үйлчлэх л арга хэрэгсэл. Төрийн ажил үйлийг ярихад хүрвэл онол яриад хийсвэрлээд байх бус, бодитой эзэнтэй, хэрэгжих арга замтай зүйлийг ярих ёстой.
-Үндсэн хууль тогтоогчдын холбооноос Цэцэд шаардлага хүргүүлсэн. Цэц хууль зөрчсөн гэсэн шийдвэрээ гаргачихсан, гэтэл тэр нь хэрэгждэггүй, тэр талаар нь шүүмжилдэг, ярьдаг ч хэвээр явж ирсэн “Доголон долоо” гэх өөрчлөлт, нэг ёсондоо гажуудал ухаалаг төрийн өнгөнд засагдах найдлага байна уу ?
-Үндсэн хуулийн өдрийн өмнө бид Цэцэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн хуульд зааснаар Цэцийн шийдвэр эцсийнх болдог. Гэтэл өнөөдөр Цэц шийдвэр гаргаад байхад түүнийг тоодоггүй төр, улс төрийн намуудын хэлцэл зөвшилцөл бий болчихоод байна. Жаахан юм мэддэг, уншдаг, ойлгодог хүмүүс үүнийг Монголд төрийн дарангуйлал бий болжээ гэж дүгнэхэд хүрч байгаа. Тиймээс бид Цэцэд хандан“Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээч, шаардлагаа тавиач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж буй Ерөнхийлөгчид хандаач” гэдэг үгээ хэлсэн.Цэц шийдвэр гаргачихсан байхад түүнийг нь хэрэгжүүлэх хууль, механизм өнөөдөр байдаггүй гэж ярьж байна. Шийдвэрээ гаргалаа, түүнийг нь тоохгүй бол яах юм бэ гэдэг асуудал байж болохгүй. Тиймээс зайлшгүй засах, өөрчлөх хэрэгтэй. Буруу юм хийсэн бол түүнийг үтэр түргэн засч байх ёстой. Нэг буруу юм өчнөөн буруу зүйлийн үндэс болдог. Тиймээс Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт өнөөдрийн энэ байдлыг бодитойгоор бий болгосон. Ийм байдал бий болсоноос ч том төрөөс ухаантай төр рүү гэдэг яриа гарч ирж байна. Тиймээс“дордуулсан долоон өөрчлөлт”-өө эргэж харъя, засъя гэж ярьж байгаа юм. Өмнө нь бид “Энэ гажуудлаа засаачээ” гэж олон удаа хандсан боловч түүнийг өөрчлөхөөр олон юм өөрчилж засч залруулах болчихоод байгаа тул сонгууль өнгөрөөгөөд өөрчилье” гэж ярьсаар өнөөг хүрсэн. Сонгууль ойртохоор түүнийгээ мартчихдаг, дараагийн сонгууль болоход дахиад л нөгөө үгээ хэлдэг. Ийм байдалтай олон жил явж ирлээ. Одоо бид нэгэнт л том төрөөс ухаалаг руу явж байгаа юм бол үгээ тод хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ тухай Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүд бид Цэцийн даргатай уулзахдаа сайтар ярилцсан.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэж талцдаг. Энэ талаар?
-Огт өөрчилж болохгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Нийгмийн өөрчлөлтийг дагаж, нийтийн эрх ашгийн үүднээс олон өөрчлөлт хийж болно. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэрхэн хийх талаар хууль гарсан байгаа. Муугүй хууль гарсан. Тэр дагуу өөрчлөлт оруулж, ямар учраас яагаад өөрчлөх болсон, тэр нь хэрхэн яаж хэрэгжих вэ гэдгийг нийтэд ойлгуулах хэрэгтэй. Анхлан тогтоосон Ардчилсан Үндсэн хууль хууль маань бүх ард түмний оюуны өв болж хадгалагдах ёстой. Магадгүй цаашид үе үед Үндсэн хуулийн нэмэлтийн хууль гаргаж, тэр нэмэлт нь агуулгадаа Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтийг ч, чанарын шинэчлэлтийг ч хадгалах учиртай юм. АНУ Үндсэн хуулиа хэзээ ч өөрчлөөгүй гэдэг. Гэвч 300-гаад нэмэлтийн хууль гаргасан гэдэг шүү дээ. Гэтэл манайх монгол түмний оюуны өв хэмээн алтан хайрцагт хадгалах учиртай зүйлээ үрэн таран хийчихсэн. Цэцэд шаардлага хүргүүлэх үед Үндсэн хууль тогтоогчдын холбооны нэг гишүүн: “Цэц таныг бид манаач гэж ойлгож байгаа. Та бол Монголын ард түмний оюуны өвийг хамгаалж, манаж суугаа. Гэтэл таны хадгалж, хамгаалж суугаа өвд өчнөөн төчнөөн гар орж, хулгай хийж байхад яагаад амар амгалан сууж байна вэ. Энэ тухай яагаад ард түмэндээ хэлэхгүй байна вэ” гэж хэлж байна лээ.Цэц цаашид манаачийн үүргээ сайн гүйцэтгэнэ гэж амласан. Энэ бол том төрөөс ухаантай руу явж байгаагийн л нэг илрэл.
-Өнөөдөр болохгүй, бүтэхгүй байна гэж ярьж буй ч бүгдийг харлуулж бас боломгүй. Ухралт бол байгаа, гэхдээ түүний хажуугаар гялайж гялтайж буй ахиц дэвшлээс юуг нь онцолж олж харж байна вэ?
-Монголчууд 1990 оноос хөгжлийн цоо шинэ замд орсон явдал сайн талаа харуулсаар л байгаа. Жишээ нь би уран бүтээлч хүний хувьд бодсон сэдсэнээ чөлөөтэй хийж байна. Монголын оюуны амьдралыг чөлөөлснөөр өнөөдөр маш өөр бүтээл туурвидаг хүн олон болсон. Ард түмний амьдрал нээлттэй болсноор өчнөөн төчнөөн мэдээлэлт нээгдэж байна. Чөлөөт ертөнцөд амьдарснаар өөрийгөө хөгжүүлэх, аж амьдралаа дээшлүүлэх боломжууд нээгдсэн. Энэ боломжийг ашиглан хөгжиж байгаа пүүс компани, хувь хүн олон бий. Гэтэл цаашид улам хөгжихөд нь саад болоод байгаа зүйл яагаад олшроод байна? Төрийн зүгээс тэр бүхний үүд хаалгыг хааж, болохгүй бүхнийг давж туулах гарц гүүрийг нь улам олон болгох учиртай. Том гэдгийн ард сонсогдоод байгаа тэнэг байдлаас болж саад тотгорууд олшроод байгаа шүү дээ. Хөгжиж байгаагаа олж харж, бүгдийг тийм болгохын төлөө, тийм байлгахын төлөө явах ёстой.
-Та бидний ярьж буй сэдэв зөвхөн яриа биш бодит ажил болоход олон зүйл өөрчлөгдөнө биз?
-Үнэхээр тэгж бодож, сэтгэж чадвал маш олон зүйл өөрчлөгдөх ёстой. Өөрчлөлтийг бодтойгоорхийж чадсан цагт үг маань ажил болно. Төр маань ухаантай төр болно. Ухаантай төртэй болохоор нийгэм нь хөгжинө. Нийгэм хөгжихөөр ард түмний амьдрал сайн сайхан болно гэх мэт. Нийгэм бидний хүссэнд хүрэхгүй байгаагийн нэг том шалтаг нь төрд байна гэж олж хараад байна шүү дээ, өнөөдөр. Энэ буруу биш байх. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдгийг монголчууд хэдэн мянган жилийн амьдралынхаа туршлагаас аль эрт хэлчихсэн юм шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлээд байгаа үгийг аргазүйчилсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр болохгүй байгаагаа олж хараад,хэлж яриад байгаа нь нэг алхам. Хэлэхээс хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Би Ерөнхийлөгчийг болохгүй байгаа бүхнийг өөрчилье гэж үнэхээр зүтгэж байна гэж бодож байгаа. Сайхан үгийг ажил хэрэг болгоход бас ч зай бий. Хамаг ачаа нь ч тэр л зай талбарт ногддог.
-Бас нэг асуулт байна. “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй явж байна гэж та үзэж байна. Зарим хүн тухайн хэлэлцүүлэг зөв өнцгийг олж харсан ч цээжээ дэлдсэн, тэнгэр харж ярьсан юм болоод байна гэж шүүмжилсэн?
-Хэлэлцүүлгүүд судалгаанд суурилсан, болохгүй зүйлийг олж харсан бодитой хөрсөн дээр суурилахгүй зүгээр л хүний өөрийн хувь бодол, үзэлд, санагдаж байгаа зүйлд, тэгээсэй гэсэн мөрөөдөл дээр хөвөөд байгаа тал байх шиг байна. Хоёр жилийн өмнө би өөрт чинь ярилцлага өгөхдөө “Гурван сая хүний хэн нь хаана ажиллаж, юу хийж байгааг нас хүйсээр нь аваад үзэхэд нэг юм харагдана” гэж байснаа санаж байна. Тэгвэл улс орны амьдрал ийм байна гээд харж, ярьж байгаа бол түүний цаана хэрэгжүүлэх эзнийг нь олж харах ёстой. Өөр ямар нэмэлт хүч байна, түүнийг ч бас олж харах хэрэг гарна. Нэг хороонд гэхэд л хэзээ ч, ямар ч бүртгэлд хамрагдаж байгаагүй өрх айл 25 гарч ирж байгаа гэж миний удирдлагад ажиллаж байгаа судлаач залуус хэлж байна лээ. Бидний яриад байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх эзэд нь иймэрхүү л алдуул мал шиг байдалтай байна шүү дээ. Социологийн хүрээлэнгийн судалгааг жишээ нь хэн ч уншдаггүй, ямар ч хэрэгцээгүй байсаар л байна. Хотын иргэдийн сонирхол хаашаа чиглэж байгааг судалгаагаар гаргаад ирсэн байхад түүнийг түшиглээд ярьж байгаа нэг ч төрийн түшээ алга. Хэдэн мянган хурал, хэлэлцүүлэг, цуглаан хийж болно. Тэнд яригдаж байгаа зүйлс ямар судалгаанд түшиглэсэн, ямар бодот хөрсөн дээр хэрэгжих зүйл вэ гэдгээс хамаг юм шалтгаална. Зүгээр л санагдсан эсвэл бодогдсон зүйл дээр ажил хийдэггүй. Тэр тусмаа бодлого, зорилтыг тэгж тодорхойлдоггүй. Тэгвэл одоо байгаа байдлаас ямар дүр зураг харагдаж байна? Төрийн зүгээс судалгааны төвүүд, шинжлэх ухааны байгууллагуудад тодорхойдаалгавар өгөх хэрэгтэй. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих хэрэгтэйг олж харсан шигээ байгаа байдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж харах хэрэгтэй болно. Хэлэлцүүлгийн зэрэгцээ судалгааг ч эрчимжүүлэх учиртай. Хятадын төр Хуа Жинтаогийн үед шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн бодлого нь төрийн бодлогын цөм байсан гэж дүгнэдэг юм билээ.
-Өмнөх туршлагаас харахад Монголын төр аливаа асуудалд хэр судалгаатай, бодлоготой хандаж ирсэн бэ?
-1990 оноос өмнө харин ч муугүй байсан. Хатуу ч цаг үе байж. Тооцоо судалгаа хийгдээгүй зүйл Төлөвлөгөөний Комиссын босго давдаггүй байсан. Бүх зүйлийг нарийн бодож тооцож зорилтоо тодорхойлдог байжээ. Хамгийн бага зүйлийг ч хүртэл нь буух эзэнтэй, буцах мөртэй, хэрэгжүүлэх хугацаатайгаар төлөвлөнө. Хэрэгжүүлэхгүй бол хууль зөрчсөн хариуцлагад унадаг байв. Төсвийн тодотгол хийнэ гэдэг тэр үед маш хэцүү байсан. Яагаад гэвэл бодчихсон юмыг яагаад өөрчлөх гээд байгаа шалтгааныг нь гаргах учиртай болно.Орлогоосоо давсан төсөвтэй байна гэсэн ойлголт байгаагүй. Одоо бол хэдэн хүний, нэг намын, сайндаа л гэхэднамууд зөвшилцсөн нэртэй зүйл ярьдаг болж. Нам гэдэг нийгмийн нэг л хэсэг. Үнэхээр ухаантай байя гэж байгаа бол бүх нам улс орныг хөгжүүлэх нэг зорилттой, түүнийгээ нэгтгэсэн нэгдмэл нэг бодлоготой байх учиртай. Зөвхөн ялсан намын хөтөлбөрөөр хөгжинө гэдэг асуудал байх учиргүй. Тэр тусмаа намуудын хөтөлбөр улс орныг хөгжүүлнэ гэхээсээ илүүөөрсдийгөө бодсон амлалтаас бүрддэг нөхцөлд хөгжлийн тухай гол асуудал орхигдох нь мэдээж. Ер нь бол амлалтаас үүдсэн гажуудал яван явсаар том төр буюу тэнэг төрд хүргэсэн. Үүнийг л шударгаар ил тод ярих цаг иржээ гэж ойлгогдож байгаа.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: