Ким Чен Ун хүргэн ахаа аймшигтайгаар тамлан цаазалжээ
Английн “Dialy mail” сонин БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун олон жил өндөр албан тушаал хашиж байсан өөрийн хүргэн ах Чан Сон Тэкийг хэрхэн аймшигтайгаар тамлан цаазалсан тухай манай урд хөршийн төрийн мэдлийн “Wen Wei Poi” сонинг иш татан мэдээлжээ.
“Wen Wei Poi” сонинд гарсан нийтлэлээс үзвэл Чан Сон Тэкийг таван хам хэрэгтнийх нь хамт нүцгэлээд гурван өдөр хооллоогүй 120 өлсгөлөн ноходтой өрөө рүү шиджээ. Амьдаараа нохдын хоол болж цаг гаруй тарчилсан тэднийг Ким Чен Ун тэргүүтэй БНАСАУ-ын 300 гаруй өндөр албан тушаалтан ажигласан гэнэ.
67 настай нөлөө бүхий хүргэн ахаа “Куан жүй” буюу өлсгөлөн нохдоор идүүлэх энэ дундад зууны цаазын аргаар хороосон Ким Чен Ун Пхеньяны дэглэмтэй тэрсэлдсэн хэн боловч шийтгэл хүлээнэ гэдгийг анхааруулсан хэрэг гэж үзэж болохоор. Чан Сон Тэкийг цаазласны дараахан Францын Парис хотноо суралцаж байсан Ким Чен Уны 19 настай үеэл дүү оюутны байрнаасаа оргон зугтжээ.
БНАСАУ-ын удирдагч хүргэн ахаа цаазлан дуулиан тарихаасаа өмнө өнгөрсөн оны наймдугаар сард өөрийн найз бүсгүй асан дуучин Хён Сон Волыг 11 хөгжимчний хамт садар самууныг сурталчилсан хэргээр баривчлан олны нүдэн дээр пулемётоор шүршин цаазласан билээ. Чан Сон Тэкийг хамсаатнуудынх нь хамт мөн ийм аргаар цаазласан тухай мэдээлэл урьд өмнө гарч байсан юм.
Харин “Куан жүй” буюу өлсгөлөн нохдоор идүүлэн цаазласан тухай дэлгэрэнгүй нийтлэл БНХАУ-ын төрийн мэдлийн сонинд гарсан нь олон улсын тоймчдын анхаарлыг татаж байна. Энэ материалын үнэн худлын талаар БНАСАУ байр сууриа албан ёсоор хараахан илэрхийлээгүй байгаа билээ.
Дээрх материалыг Пхеньяны шинэ удирдлагын баримталж буй шинэ бодлогод дургүйцсэн Бээжингийн байр суурь гэж үзэж болохоор. БНХАУ хуучны түнш Пхеньяны шинэ удирдлагыг дэлхийн хамтын нийгэмлэгийн нүдэн дээр харлуулан өрнөдийн ертөнцөөс бүрмөсөн тусгаарлан ганцаардуулахыг эрмэлзсэн бодлого байж болзошгүй гэнэ.
“Wen Wei Poi” сонинд гарсан мэдээллийн үнэн бодит байдалд эргэлзэгчид ч цөөнгүй байна. Цаазын энэ арга БНАСАУ-ын хувьд ч дэндүү бусармаг, байж боломгүй харгис явдал гэж нэртэй хүний эрхийг хамгаалагчид ч мэдэгдэх болжээ.
Юутай ч Чан Сон Тэкийг хамсаатнуудынх нь хамт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд Пхеньян дахь Улсын аюулгүй байдлын яамны байранд буудан хороосон тухай БНАСАУ-ын хэвлэлээр албан ёсоор мэдээлсэн юм. Ким Чен Ун түүнчлэн шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, хүргэн ахыгаа цаазласнаа дахин нотлоод эрх баригч Хөдөлмөрийн намын эв нэгдлийг эвдэж буй зарим албан тушаалтнаас бүрэн цэвэрлэхээ мэдэгдсэн аж.
Чан Сон Тэкийг улсын өмч хөрөнгийг шамшигдуулан эмэгтэйчүүд болон хар тамхинд зарцуулж байсан хэрэгт буруутган цаазласан билээ. Чан Сон Тэк БНАСАУ-ын улс төрийн амьдралд дэндүү нөлөөтэй байсан нь түүнийг зайлуулсны гол шалтгаан гэж ажиглагчид үзэж байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй биз ээ.
Зууны мэдээ
URL: