УСУГ-ын хариуцлагагүй байдлаас идэр есийн хүйтнээр 26 айл усанд автлаа

Онцгой байдал, УСУГ-ын хойрго ажиллагаанаас болж иргэд хохирч байна

  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн найман гудамжны айлууд дүн өвлийн хүйтэнд усанд автжээ. Учир нь, Дарь-Эхийн зам дагасан төвийн шугам хэд хэдэн газарт задарч, тус орчны айлуудыг бүхэлд нь усанд автуулсан байна.

Гэнэт хашаанд нь ус орж ирэхийг мэдсэн оршин суугч иргэд аргаа барахдаа харьяа дүүргийн онцгой байдлын хэлтэст хандсан боловч амралтын өдрүүд гээд юман чинээ тоогоогүй өнгөрчээ. Түүнчлэн Нийслэлийн Онцгой Байдлын Газар болон шуурхай дуудлагын 105 утсанд хандсан ч “Гүний ус ундарч байгаа биз. Наад асуудлаа өөрсдөө шийд. Бид гал гарч хүний амь эрсдэж байвал авардаг. Бусад нөхцөлд ямар ч боломжгүй” хэмээн утсаа салгасан гэнэ.

Ийнхүү бүтэн өдөржин оргилсон ус тухайн орчны хэд хэдэн гудамж, хашаа руу урсаж сүүлдээ иргэдийн гэр, байшин бүхэлдээ усанд автаж амьдрах боломжгүй байдал үүсчээ. Ид ес эхэлсэн өвлийн хүйтэнд орон гэр, байшин саваа усанд автуулсан иргэд хаачихаа мэдэхгүй сандралдаж байхад ус хаанаас гарсан шалтгааныг тогтоосон аж. Бүхэл бүтэн төвийн шугам хэд хэдэн газар задарчихаад байхад хөрсний ус ундарч байгаа юм хэмээн албаныхан хээвнэг тайлбарлаж хойрго ханджээ.

Иргэдийн үзэж байгаагаар анх дуудлага өгсөн цагт Онцгой байдал болон УСУГ-ынхан ирсэн бол ийм хэмжээний хохирол үүсэхгүй байсан бололтой. Харин хүнд суртал гаргаж, мэдэмхийрч сууснаас нь болж олон өрх амьдрах газаргүй болчихсон, ус дүүрч хөлдсөн байшиндаа толгой хоргодож сууна. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад ОБЕГ, УСУГ-ынхан огт тоосон шинжгүй, хойрго хандаж өнөөдөртэй золгоод байгаа нь тэдний ажилдаа хэрхэн ханддагийн илрэл гэлтэй. Ямар ч байсан зунжингаа зассан усны шугам задарч олон айл, өрхүүдийг хохироолоо. Хариуцлагыг нь хэн үүрч,  иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?.


URL:

Сэтгэгдэл бичих