Л.Эрхэмбаяр: Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг илүү дэмжих нь зүйтэй
Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хөтлөн явуулсан юм.
Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийг дэмжсэн олон хууль, Засгийн газрын олон тогтоол гарсан байдаг. Гэвч хэрэгжиж үр дүнгээ өгсөн нь маш цөөн. Үйлдвэрлэл, технологийн эрх зүйн байдлын тухай, ЖДҮ-ийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Инновацын тухай зэрэг олон хууль батлагдаж гарсан. Мөн Экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай хууль, Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, “Үйлдвэржилтийн шинэ эрин” Засгийн газрын тогтоол зэрэг маш олон шийдвэр гаргасан боловч тодорхой үр дүнд одоо хүртэл хүрээгүй байна. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-д эзлэх дахин боловсруулсан үйлдвэрлэлийн хэмжээ 5-6 хувиас хэтэрдэггүй байдал хэвээрээ үргэлжилж байна. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үйлдвэржилтийг гацаанаас яаж гаргах вэ. Хууль, эрх зүйн байдал нь ямар байвал гацаа тайлагдах вэ гэдэг талаас хууль гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.
Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн зарим нь кластер төв, кластер технологийг төр, засгаас дэмжих, түүнд хөрөнгө оруулалт хийх талаар санал дэвшүүлжээ. Гэвч зөвхөн кластер төвийн хөрөнгө оруулалтыг төр, засгаас дэмжиж таарахгүй, бүх аж ахуйн нэгж ижил тэнцүү эрхээр хангадсан байх ёстой. Нэгийг дэмжиж нөгөөг орхиж болохгүй гэж үзэх хэсэг ч байгаа юм байна.
Хуулийн төсөлд түүхий эдийг түүхий чигээр нь экспортод гаргадгийг зогсоох, аль болохоор өртөг шингэсэн, дахин боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн гадагш гаргадаг болъё. Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг илүү дэмжих нь зүйтэй. Компаниудад үйл ажиллагаагаар нь, ажиллагсдын тоогоор нь, тогтмол үйл ажиллагаагаар нь барьцаалж зээл олгодог хэлбэр рүү оръё, үйлдвэр хөгжүүлэх сантай болъё гэх зэрэг санаануудыг тусгаж өгснийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр танилцууллаа.
Ажилчин мэргэшүүлэх зардлыг томоохон үйлдвэрүүдэд шууд өгдөг болсноор завсрын дамжлагагүйгээр томоохон үйлдвэрүүд дотроо мэргэжил, сургалтын тэнхим, хэлтэс байгуулж ажиллах, тэнд шууд татаасаар ажилчдыг мэргэшүүлдэг байх талаар мөн төсөлд тусгажээ. Ажилчдын орон сууц барьж байгуулж, тэднийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, үйлдвэрүүдийн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төсөвт тодорхой хэмжээний зардлыг жил бүхэн суулгаж өгч байх тухай санал ажлын хэсэг дээр гарсан байна.
Үйлдвэрлэлийг дэмжих нэг гол хөшүүрэг нь гаалийн тарифын бодлого юм. Гэвч Тарифын бодлогын орон тооны бус зөвлөл дандаа сайд, дарга нараас бүрдсэн, ажлын албагүй, жилдээ ганц хуралддаг, хөшүүн хойрго ажиллагаатай байдаг. Үүнд анхаарч гаалийн бодлогод онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурийг хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн гаргажээ.
Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг 20 хүртэл хувь нэмэгдүүлэх боломжтой. Одоо гаалийн бүх татвар таван хувьтай байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд зарим зүйл дээр гаалийн татварыг нэмж өгье. Тарифын бодлогын зөвлөлийг ажлын албатай болгож байнгын ажиллагаатай болгоё гэсэн санал мөн гарсныг зөвлөх Л.Эрхэмбаяр онцоллоо.
Төрөөс дотоодын үйлдвэрүүдийн бараа, үйлчилгээг худалдан авдаг механизмыг тодорхой болгох тухай саналыг бас тусгажээ. Дотооддоо түүхий эдэд хоёроос доошгүй удаагийн боловсруулалт хийсэн үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртгийн 60 гаруй хувь нь Монголдоо бүтсэн байдаг. Ийм бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж үзэж, үүнийг төрөөс худалдан авахад илүү дэмжлэг үзүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн хэлбэртэй болгох чиглэл рүү хуулийн төсөлд тусгаж буй санаанууд чиглэж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.
Түүхий эдийг гадагш экспортоор гаргахад 0 хувийн татвартай байдаг атал дотооддоо хоорондоо худалдах тохиолдолд татвар төлдөг байдлыг зохицуулах талаар ч хуулийн төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлэгт ҮХААЯ, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
URL: