УИХ-ын гишүүн Г.Уянга Үндсэн хуулийн цэцэд хандав
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрбээр Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэхдээ ойн сан, усны эх бүхий газрын хязгаарлалтын бүсийг 500 метр байсныг өөрчлөн 300 метр болгосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийнхэнд энэ сэдвээр мэдээлэл хийсэн юм. Засгийн газар хязгаарлалтын бүсийг наашлуулан тогтоосноо компаниудад олон тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох болсонтой холбоотой гэсэн тайлбарыг өгч байгаа аж. Иймд хэн гэдэг хүний ямар үйл ажиллагаа эрхэлдэг компани нөхөн төлбөр шаардаж байгаа болохыг олон нийтэд ил тод болгох хэрэгтэй гэж гишүүн Г.Уянга хэллээ.
Өмнө нь “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-аас 2011 онд уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухай гомдлоо шүүхэд гаргаж байсан ба Улсын дээд шүүхээс Засгийн газарт энэхүү хуулийг хэрэгжүүлэхийг даалгасан шийдвэр гаргаж байжээ. Ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төдийгүй хүчин төгөлдөр хуулийн зүйл заалтыг өөрчлөхөөр оролдож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж гишүүн Г.Уянга үзэж байна. Мөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт холбогдох хэргийг ирэх лхавга гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Иймд энэ хэргийн шийдвэрлэлтэд иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулж, эл хэргийг буу зэвсгийн гэхээсээ илүүтэй уул уурхайн зөв зохистой ашиглалтыг дээдэлж, байгаль орчноо хамгаалсан үйлс байсан гэдэг өнцгөөс нь харж дүгнээсэй гэсэн хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Б.Туул
URL: