Төрийн түшээдийн баяр хэзээ дуусах бэ

08020001_8fffc4fd

УИХ-ын гишүүд баяр наадам далимдуулаад ажлаа хийхээ болилоо. Шинэ жилийн баярыг хилийн дээс алхаж тэмдэглэсэн зарим гишүүн төрийн ажлаа таг мартчихсан бололтой. Бодлого боловсруулдаг төрийн түшээд жирийн иргэдээсээ ч доогуур ухамсартай байх юм. Бүх нийтийн албан ёсны амралт энэ сарын 1-ний өдрөөр дуусч албан байгууллагууд хэвийн ажиллаж эхэлсэн. Гэтэл төрийн түшээд ажилдаа ирдэггүй. Энгийн иргэн ажлаа тасалбал ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авдаг.

Тиймээс нойроо хугаслан байж ажлаасаа хоцрох вий гэж яардаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гурван гишүүн хуулийн төсөл өргөн барьснаас өөр ямар ч үйл явдал Төрийн ордонд өрнөсөнгүй. О.Баасанхүү гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шонхор шувууг худалдан борлуулахгүй байх УИХ- ын тогтоолын төслийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сангийн сайд Ч.Улаан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг мөн өдөр өргөн барив.

Долоо хоногийн пүрэв гариг бүрт уламжлал болгон зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж өнгөрлөө. Иймэрхүү байдалтай нэг долоо хоногийг үдэв. Байнгын хороо, ажлын хэсгүүд, чуулганы нэгдсэн хуралдааны сураг ч гарсангүй. Төрийн ажлын төлөвлөгөө ч шинэчлэгдсэнгүй. Шинэ он гарчихаад байхад Төрийн ордон эл хуль хэвээрээ. Гишүүдийн хариуцлагыг сайжруулахаар хурууны хээгээр бүртгэхээр болсон нь амжилт биш бөөн хэл ам дагууллаа.

Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүгээр эмх замбараагүй байдлыг бага ч гэсэн цэгцлээсэй. Сөрөг хүчнийхэн болоод эрх баригчид эрх ашиг нь хөндөгдсөн асуудалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж сүрийг үзүүлдэг. Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэхэд танхимаараа цугларсан бол хамгийн сүүлд хоёр сайдыг огцруулах асуудлаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж кнопоо дарсан. Одоо эрхэм гишүүд төрийн ордонд хэзээ залрахыг нь хүлээж суухаас өөр зам үлдсэнгүй.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

URL:

Сэтгэгдэл бичих