“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлэг 68 жилийн дараа булшлагдлаа

“Москвагаас ярьж байна!” монгол хэлний нэвтрүүлэг 1946 оны 3-р сарын 1-нд анх удаагаа эфирээр нэвтэрч байсан бол 12-р сарын 31-ний өдөр манай сүүлчийн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авч байна. Харамсалтай нь, дэлхийн санхүүгийн хямрал Орос улсыг тойрсонгүй.

Төсвийн хомсдолын улмаас төрийн байгууллага болох манай радиокомпани 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэлээд хэдэн хэл дээр явуулдаг нэвтрүүлгээ эрс багасгасан болон зарим хэлний нэвтрүүлгээ бүрэн хэмжээгээр хааж байна. Гадаад хэл дээр нийтлэгддэг манай Интернет сайтуудын хувьд ч үүнтэй адил зүйл гарсан. Тухайлбал, монгол хэл дээр явуулдаг нэвтрүүлэг бүрэн хэмжээгээрээ хаагдаж байна.

“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн уран бүтээлчид бид энэ тухай гүнээ харамсан ярьцгааж байна. Бид Монгол улс руу, Монголын ард түмэнтэй 68 жилийн турш шууд нэвтрүүлгээр холбогдож байлаа. Тэр тусмаа бид Монголын үндэсний радио нэвтрүүлгээр дамждаг байсан. Интернет сайт байгуулагдсан цагаас найман жилийн турш бид хэдэн зуун мянган монгол нөхдүүдтэй дотносон нөхөрлөсөн юм.

Бид Японы милитаристуудыг бут цохисон Дэлхийн хоёрдугаар дайны аугаа эх ялалтаас 6-7 жилийн дараа эхлүүлсэн Монголын чиглэлийн манай ажлын түүхийг эргэн санахыг хүсч байна. Эдгээр он жилүүд манай хоёр орны хувь заяанд шийдвэрлэх үйл явдлуудаар дүүрэн байсан. Үүнд “Москвагаас ярьж байна!” нэвтрүүлэг манай ард түмнүүдийн хоорондын найрамдал, харилцан ойлголцлын бат бэх гүүр болж байсан юм.

Бид эдгээр жилүүдэд манай нэвтрүүлгийг илүү оновчтой, сонирхолтой болгох үүднээс манай хамт олонтой хамтран ажиллаж байсан үе, үеийн Монголын нэвтрүүлэгч, орчуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлъе!

Бид янз бүрийн цаг үед манай сурвалжлагчдад ярилцлага өгч, манай микрофоны өмнө үг хэлж байсан Монголын хэдэн мянган иргэдэд талархал илэрхийлмээр байна. Тэдгээрийн дунд нам, төрийн удирдагчид, хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид хийгээд Москва дахь Монгол улсын дипломатуудад байсан билээ.

Бидэнд өөрсдийн ахуй амьдрал, ажил байдал, тулгамдсан асуудлууд болон ирээдүйн төлөвлөгөөгөө бичиж, халуун дулаан үгтэй захидал ирүүлж байсан та бүхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлъе!

Бид манай асуулт хариултын уралдааны ялагчид болон Монгол хэлний нэвтрүүлгийн ажилтнуудтай Монгол орноор хийсэн аялалуудыг сэтгэл хөдлөн дурсан санаж байна.

Орос улсын амьдралд жинхэнэ сонирхолтой, манай хоёр орны түншийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой манай бүх сонсогчид болон Интернет –сайтын уншигчид та бүхний тухай бид зүрх сэтгэлдээ хайрлан дурсаж байх болно. “Оросын дуу хоолой” радиогоос хэрэгтэй мэдээллүүдээ авч заншсан та бүхэн минь ….

Шинэ жилээс энэхүү боломж үгүй болох нь харамсалтай. Гэхдээ бид энэ нь нэг их удахгуй болов уу гэж найдаж байна.

Тиймээс “хагацъя” бус, дараа дахин уулзатлаа баяртай гэж хэлъе. Бид “Оросын дуу хоолой” монгол хэлний нэвтрүүлгээ сэргээх болов уу гэж найдсаар байх болно.

Үүнд хамтдаа итгэцгээе, найз нар аа!

Бизнесньюс.мн сайтын зүгээс ОХУ-ын Москва хотоос Монгол хэлээр 68 жилийн турш нэвтрүүлгээ явуулж байсан нийт ажилтан албан хаагчдын амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Түүнчлэн энэхүү нэвтрүүлгийг булшлагдсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье. Мөн энэ нэвтрүүлгийг хаалгахгүй байх талаар ямар нэг алхам хийгээгүй Монгол Улсын төр засгийн эрх мэдэлтнүүдийн харалган, харанхуй үйлдэлд харамсаж байна. Эдгээр хүмүүсийн цалин мөнгийг нь олгоод ажлыг нь цаашид үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө Монгол улсад байгаагүй гэж худлаа бүү бураарай. Боловсрол Шинжлэх Ухааны сайд асаны авилгалаар олсон мөнгөний хажууд багахан мөнгө л зараад асуудлыг шийдэх боломж бүрэн байсан гэдэг нь тодорхой. Цаашид энэ асуудлыг ахин авч хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр болон Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт уриалж буйгаас гадна энэ талаар төр засагт уламжилж, санаа оноогоо хүргэхийг ОХУ-д суралцаж, ажиллаж, амьдарч байсан бүх Монголчуудад уриалж байна.

Жич: Бид булшлагдах гэх үйл үгнээс өөрөөр тохирох харамслын үгийг олж чадаагүй юм.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕСНЬЮС МН


URL:

Сэтгэгдэл бичих