Та бэлгийн чиг хандлагын талаар хэр мэдэх вэ?

zaluuӨсч том болох үйл явцын салшгүй нэг хэсэг нь өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг таньж мэдэх явдал юм. Ижил хүйсийн болон эсрэг хүйсийн хэн нэгэнд сэтгэл татагдаад эхлэх юм бол санаа зовох нь элбэг байдаг.
Бэлгийн мэдрэмжээ илэрхийлэх нь
Мэдрэмж, мөрөөдөн бодох зэрэг нь хэн нэгний бэлгийн чиг хандлагыг илэрхийлж байх албагүй. Ихэнхдээ бэлгийн амьдралын эхний үед өөрийн ижил хүйсийн хэн нэгэнд татагдаж байсан мэдрэмж нь тодорхой хугацаанд үргэлжилдэг. Харин дараа нь эсрэг хүйсийнхэндээ татагдаж эхэлдэг. Бисекс хандлагатай хүмүүс байдаг ч насанд хүрсэн том хүн болохын цагт ихэнх хүний бэлгийн мэдрэмж нь тодорхой болдог байна.
Мэдрэмжийн шалтгаан нь юу байдаг вэ?
Яагаад зарим хүн ижил, зарим нь эсрэг хүйстэндээ татагддагийг хэн ч яг тодорхой хэлж мэдэхгүй. Зарим нь бэлгийн зан үйлийг олдмол зан үйл гэж үзэж байхад нөгөө хэсэг нь удамшил, амьдралын орчин, бага насны хүмүүжил бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг гэж үздэг. Өсвөр насанд тохиолддог олон өөрчлөлтийн үед шохоорхлын шинжтэй гомосекс мэдрэмж төрж байвал нас бие гүйцэж том хүн болохын цагт ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох хандлагатай болно гэсэн үг биш юм.
Гомосекс хүмүүс аз жаргалгүй амьдардаг
Нийгэм гомосекс чиг хандлагыг хэвийн зүйл гэж үздэггүй. Иймээс гомосекс мэдрэмжтэй залуучууд энэ сэдвээр яриа өрнөхөд эвгүйцдэг нь тодорхой. Гомосекс чиг хандлагын эсрэг мухар сүсэг, хэвшмэл ойлголт байдгийг ч үгүйсгэх аргагүй юм. Ижил хүйсийнхээ хүнд татагдаж буйгаа мэдэрдэг хэн нэгэн “гей” гэсэн үгийг таагүй байдлаар хэрэглэж байгааг сонсоод мэдрэмжээ аль болох нуухыг эрмэлздэг. Тэд бусдын мухар сүсэг, бүдүүлэг, тэсвэрлэшгүй зан байдлын уршгаар бэрхшээлтэй учирдаг. Гомосекс хүмүүс өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж бэлгийн амьдралаа нууцлахад хүрдэг. Ингэснээр тэд аз жаргалгүй амьдралыг туулдаг байна.
Асуулт, хариулт
“Гей, лесби хүмүүс ямархуу байдаг бол?”
-Гей, лесби хүмүүс нь гетеросекс хүмүүсийн нэгэн адил бэлгийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Тэд ч гэсэн нэг нэгэнтэйгээ ойр дотно байж, дурлалцдаг. Тэд бэлгийн мэдрэмжээ бэлгийн харилцаа, хайрлах, дурлах, халамжлах зэргээр илэрхийлдэг.
“Би хөвгүүдийг л зүүдэлдэг. Гэвч урьд шөнө би найз охиныгоо үнсэж байна гэж зүүдэллээ. Би лесби юм болов уу?”
-Хүн бүр л сексийн тухай бодож, зүүдэлдэг. Чиний зүүд найз охиндоо хайртай гэдгийг л харуулж байна. Лесби гэсэн үг биш. Иймэрхүү зүүд хэвийн зүйл юм.
Эцэг, эхийн бэлгийн зан үйл хүүхдэд нөлөөлөхгүй
1. Гомо зан үйл нь гаж зуршил.
Энэ бол худлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан, хорхой шавьж болон хүн төрөлхтөний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Хүмүүс өөрсдийнхөө бэлгийн амьдралын чиг хандлагыг сонгох боломжтой.
Энэ бас худлаа. Хүмүүс хэнийг сонирхож, таалахаа сонгох боломжгүй. Харин мэдэрдэг. Иймд олон эрдэмтэн, судлаач өнөөдөр хүмүүний бэлгийн чиг хандлага нь хүний амьдралын их эрт үед, ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдэгт итгэх болсон.
3. Хүүхдийнхээ гомо болох уу, үгүй юу гэдэгт эцэг, эх их хэмжээгээр нөлөөлдөг.
Энэ бас л худлаа. Эсрэг болон ижил хүйстэнтэйгээ, мөн хоёулантай нь бэлгийн харьцаанд ордог хүмүүс янз бүрийн гэр бүлд төрж өссөн байдаг. Олон жилийн судалгаа эцэг эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан, хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд ордог хүний ихэнх хувь нь эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий гэр бүлд төрж өссөн байдаг.
4. Гомо хүмүүс үнэхээр хүсч, хичээж хөдөлмөрлөвөл өөрийгөө өөрчлөх боломжтой.
Худлаа. Гей буюу лесби хүмүүс энэ чиг баримжаагаа өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан нь талаар өнгөрч байжээ. Хүмүүс ихэвчлэн ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу өвчин гэж үзэж эмчлэхийг оролдож байсан ч эмчлэгдэх боломжгүй байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Гомо хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан зуршлыг өөрчлөх боломжтой. Харин өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөх боломжгүй юм. Тиймээс гей, лесби хүн эсрэг хүйсийнхэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог чиг баримжаатай болохыг эрмэлзэж, оролдох нь өөрийнхөө дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүрч ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, өвчлөлтэй болдог байна.
5. Хэрвээ та ижил хүйсийнхээ хэн нэгэнтэй ихэд тааламжтай бэлгийн харьцаанд орсон бол гомо гэсэн үг.
Энэ бол худлаа. “Гомо гэдгээ яаж мэдэх вэ?” гэсэн асуудал олон гардаг. Бэлгийн чиг баримжаа гэдэг хүний хүслээр болдог зүйл биш ээ. Түүнчлэн ижил хүйсийн хэн нэгэнтэй сэтгэл ханамжтай секс нэг удаа үйлдсэн тухай ч ярьж байгаа юм биш. Үнэндээ тааламж авсан, түүнчлэн ижил хүйсийн хүний тухай тачаадан бодох тохиолдол байдаг. Ингэснээрээ тэд гомо болчихлоо гэсэн үг биш юм. Гомо хүний хувьд тэдний хүсэл, бэлгийн тачаал ижил хүйсийн хүмүүсийн зүг татагддаг. Бэлгийн амьдралын чиг хандлага гэдэг нь үнэндээ хувь хүний бэлгийн мэдрэмжийн тухай л асуудал юм.
6. Гомо хүмүүсийн ихэнх нь өөрсдийн мэдрэмжийн талаар амьдралынхаа эрт үед, өсвөр насандаа, түүнээс ч эрт мэдэрдэг.
Энэ бол үнэн. Ихэнх гомо хүн өөрсдөө бусдаас ямар нэгэн байдлаар өөр байгаагаа бага насандаа мэдэрсэн тухайгаа ярьдаг.


URL:

Сэтгэгдэл бичих