Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин “ФС Краби” багт тоглоно
Монголын хөлбөмбөгчдөөс хамгийн анх гадаадын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт хөл тавьсан, үндэсний шигшээ багийн тамирчин А.Мөрөн Улаанбаатар хотноо өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.
Тэрбээр өөрийн менежерийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Мэргэжлийн тамирчин болох хүртлээ чамгүй саад бэрхшээлийг давж гарсны эцэст Тайландын I лигийн “ФС Краби” багтай хамтран ажиллах хоёр жилийн гэрээ байгуулсан анхны гадаадын хөлбөмбөгч болов. “ФС Краби” багт манай тамирчнаас гадна нэг япон тоглогч байдаг аж.
Тайландын I лигийн тэмцээн хоёрдугаар сарын 21-нд эхлэх юм. А.Мөрөнг тус лигийн гарааны бүрэлдэхүүнд багтана гэдгийг түүний менежер Такаши Моримото онцлов. “Монголд хөлбөмбөг тоглох авьяастай олон хүүхэд бий. Миний нүдэнд хамгийн түрүүнд А.Мөрөн өртсөн. Би цаашид олон авьяаслаг тоглогчийг мэргэжлийн лигт хөл тавихад нь туслах болно. Энэ бол эхлэл. Монголын хөлбөмбөг хөгжих замдаа орж байна. Өөрийгөө нээхийг хүссэн хүн бүр надтай холбогдож болно” гэв.
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин энэ сарын 9-нд Тайланд руу буцаж, бэлтгэлээ базаах юм.
Д.Өлзий MONTSAME
URL: