МАН-ын залуус Хятадын коммунист намтай сүжрээд, сүйд майд

Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд 21 аймгийн дээд удирдлагуудынхаа хамт БНХАУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн ч энэ талаар сүртэй мэдээлэл нийгэмд цацагдсангүй.

Айлчлалын гол зорилго нь Бүх Хятадын залуучуудын эвлэл орон нутгийн төвшинд залуусынхаа нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага судлах, хоёр орны залуусын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн байна. Гэхдээ энэхүү үйл явдлыг шарлуулж тайлбарлавал МАН-ын шинэ үе социалист үзэл баримтлалдаа үнэнч үлдсэн хэдхэн улсын нэг, тодруулбал БНХАУ-ын коммунист намтай улстөрийн ураг барилдчихлаа гэж тодорхойлж болох.

Ер нь бол 1949 оны аравдугаар сарын 16-нд БНХАУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа албан ёсоор тогтоосноос хойш эдүгээ хагас зуун жилийг элбэг үдээд байна. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд Хятад, Монголын харилцаа, тэр тусмаа улстөрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирснийг бид бүхэн мэднэ. Харин НАМЗХ БНХАУ-ын Бүх хятадын залуучуудын холбоотой сая л санамж бичигт гарын үсэг зурсан нь учиртай биз. Цагаанаар харвал шинжлэх ухаан, техник технологи дээр тулгуурлан гэрлийн хурдаар хөгжиж буй урд хөрштэй хамтын ажиллагаатай байж, сурч мэдэх, туршлага судлах их ажлын эхлэлийг тавьсан байж болох юм. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг БНХАУ-аас сурч, мэдэх зүйл монголчууд бидэнд мэдээж чамгүй их байлгүй яах вэ.

Бизнес эрхлэгч залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэг болон соёл урлаг, хотын хөгжлийн чиглэлээр хамтрах, санал солилцох, оюутан солилцоог хийх гээд л аяны богц дүүрэн ирсэн тэд ирээдүйд эх орноо удирдан зална, ихийг бүтээнэ гэсэн чин хүслээр энэ бүх ажлыг зохион байгуулсан нь тодорхой. Тэгэхдээ МАН-ын генсек У.Хүрэлсүх тэргүүтэй томчууд нь “Ард түмнээ сонсъё” гэдэг нэрийн дор БНСУ руу айлчилж тансагласан бол залуучууд нь урд хөршийнхөнтэй холбоогоо зузаатгах нэрээр тав хоног зугаалаад ирлээ гэж хардах хэсэг ч байна. Мөнгөтэй улс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд хамаагүй гээд хаяж болох ч эрх баригч нам ямар баян байна вэ гэж хэрэгт дурлах хүн тун олон. Харин чих тавих нь ээ, МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “МАК”-ын дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр намынхаа 24 залуугийн бүх зардлыг даагаад Бээжин хотоор эрхлүүлсэн юм байх. Хэрэг хуучирдаггүй гэгчээр идэж, уусан мөнгөний асуудал эргээд сөхөгддөгөөс хойш эртнээс санаа суусан НАМЗХ-ны залуус өөрсдийнхөө зардлыг “ангийн” андаараа даалгасан шиг сэтгэл амар урд хөршийг зорьсон нь энэ бололтой. Ийм замыг сонгосон нь ч зөв. Тэгвэл үүгээр Монголын хөрөнгөтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “МАК”-ийн залуу залгамжлагч Н.Номтойбаяр МАН-д хоёр тэрбум төгрөг хандивлаад Дорнод аймгаас нэр дэвшихээр зэхэж байна гэх яриа батлагдав. Сонгуульд нэр дэвших нүхээ малтаж, намын нөхдөөсөө өндөр “очков” авахын тулд л Н.Номтойбаяр мөнгийг ийнхүү баруун, солгойгүй цацаж буй биз. Бас Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын “эсэргүү”-нүүдийн эсрэг жагсаал, цуглааныг өнгөрсөн дүн өвлийн хүйтэнд 80 саяар зохион байгуулсан гэж сонсогддог. Мөнгөөр бүгдийг биелүүлж, бүтээж сурсан Н.Номтойбаярын тухай энэ мэт элдэв таагүй яриа байдаг ч хөрөнгөтэй хүн л сайн мэдлэг, боловсролтой, чадварлаг боловсон хүчин болж чаддагийг үгүйсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл хүн хэдий чинээ мөнгөтэй байна, төдий чинээ сайн боловсролыг дэлхийн аль ч өнцөг булангаас олоод эзэмшчих боломжтой. Энэ утгаараа НАМЗХ удирдах зөвлөлөө боловсролтой, хөрөнгөтэй залуусаар бүрдүүлснээс хойш гадаад харилцааг хөгжүүлэх, тэр дундаа залуусын боловсрол, боловсон хүчний асуудалд ихээхэн хувь нэмэр оруулах болсон нь ажиглагдаж байна. Тухайлбал АНУ-ын Ардчилсан демократ намын залуучуудын холбоо, Английн хөдөлмөрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага, Нэгдсэн Орос намын дэргэдэх Молодая гвардия, Германы социал демократ намын дэргэдэх залуучуудын байгууллагатай амжилттай хамтран ажиллаж байгаа гэх юм билээ. Дэлхийн хөгжлийн гол тулгуур болсон шинжлэх ухаан, техник технологийн дэвшил хурд хүчээ авсан энэ үед гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь туйлын зөв ч манай залуус чухам ямар гадаад бодлого барих нь ойлгомжгүй байгааг нуух юун. Энэ удаа лав Хятадын коммунист намтай сүжрээд, сүйд майд шүү, цаадуул чинь.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих