Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 04/

417564Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 3. Тооно одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.41-д мандаж, 17.08-д жаргана.Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Таагүй өдөр. Биеэ тоосон байдал чинь дотны хүмүүстэйгээ харьцаа муутгахад хүргэнэ. Өөрийн асуудлыг шийдэхээс өмнө найз нөхөд, хүүхдэд туслахыг хичээ. Хэдий танаас шалтгаалахгүй ч саад болох зүйлээс болгоомжил. Амлалт тангарганд бүү итгэ. Хий хоосон ярианд бүү оролц. Даргатайгаа харьцахдаа өөрийн бодол саналаа хамгаал.

Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр хайр, энэрэл авах өдөр. Хэтэрхий биеэ тоох, тэргүүлэгч байх хүсэл харьцаанд тань ойлгомжгүй байдал гаргана. Хувийн амьдрал тань түгшүүртэй болж, харилцан хангалуун биш эсрэг тэсрэг байдалтай болно. Ойр дотныхоо хүмүүст тусалж, илүү их анхаарал тавь.

Загасны орд (2/19-3/20) Идэвхтэй амрах, биеийн хөдөлмөр хийх, нийтэч байхад таатай өдөр. Сэтгэлээ зовоож, сандарч болохгүй. Тайван байдал, зохицол, сайхан санаа хөгжин цэцэглэх, амжилт ирэх өдөр. Дур булаах хүч тань гайхамшгийг бүтээнэ гэдгийг бүү мартаарай.

Хонины орд (3/21-4/19): Хүнд өдөр. Аз туршсан үйлдэл, эргэлзээтэй ажил, танилаас болгоомжлохыг одод сануулж байна. Хорт явуулга, ойлгомжгүй байдал, санал зөрөлдөөн гэрт ч ажил дээр ч гарах нь байна. Ядарч, идэвх чинь буурч магад. Гэхдээ өөрийн нэр хүндийг бататгах талаар бодох хэрэг гарч мэднэ. Өдрийг үр хүүхэдтэйгээ хамт өнгөрөө. Тэд танд эрч хүчийг өгөх болно.

 Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Та авахыг хүсч буй эд зүйлстээ хэтэрхий их мөнгө үрэх хандлагатай байна. Энэ нь тийм ч оновчтой сонголт биш. Чухал мөнгөний асуудалтай байгаа зарим нэг нь шийдвэрлэх арга замыг олж, таатай мэдээг хүлээн авах болно. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлгийг хүлээн авах эсвэл гэнэтийн үйл явдалд уригдах зэрэг нь таныг ихэд баярлуулна.

Ихрийн орд (5/21-6/21): Уран бүтээлийн ажилтай эрчүүдэд ээлтэй өдөр. Урьд нь авч болохгүй байсан зүйлээ маш хөнгөхөн авч та бүгдийн анхаарлын төвд байх болно. Ухаан бодол, зөн билэг тань хэцүү асуудлаас гарахад тусална. Харин эмэгтэйчүүдэд эрт эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарилахыг одод зөвлөж байна.

Мэлхийн орд (6/22-7/22): Хянуур өдөр. Гэр бүл, ажил дээр таны зан харьцаа, биеэ хэт дөвийлгөсөн, дээрэнгүй, ихэмсэг байдлаас болоод элдэв зөрчил үүсэх бололтой. Хэрэв ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол, үдээс хойш хийсэн нь дээр. Эс тэгвээс буруу шийдэлд хүрэх магадлалтай.

Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Энэ өдөр ажил төрлийн холбоо харьцаандаа хангалуун биш байх нь. Хайр дурлалдаа итгэл найдвар алдах нь хүнд байна. Өнөөдөр та өөрийгөө сайн бариарай. Сэтгэл татсан саналуудаар бүү оролд. Тохиолдлын танилаас зайлсхий. Гэртээ амарч өнгөрөө.

Охины орд (8/23-9/22):  Боломжоор дүүрэн өдөр. Таны ажилд тань олон төрлийн нөлөөлөл бий болох болно. Холилдсон мэдээллүүд таны асуудлуудыг хүндрүүлэх бөгөөд хэрвээ та ажлаа цэгцлэхгүй бол хэцүү зүйлтэй тулгарах болно. Өнөөдөр таны амьдралын тань олон салбарт боломжуудын үүд нээгдэх бөгөөд юу хүсэж байгаагаа тодорхой мэдэж байвал та зөв шийдвэр гаргах болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Идэвхтэй өдөр. Өнөөдөр гариг эрхсийн хөдөлгөөн нэлээд эрчтэй, хөдөлгөөнтэй байх тул танд янз бүрийн нөлөөлөл үзүүлэх болно. Нар болон далай ван гаригийн таатай нөлөөгөөр танд өнөөдөр олон гайхалтай зүйлс тохиолдоно. Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хийсвэр өдөр. Од эрхэс байраа өөрчилснөөр энэ өдөр таны онцгой хүмүүстэй харилцах харилцаанд өөрчлөлт гарч болзошгүй тул анхааралтай байж бусдыг гомдоох үйлдэл бүү хий. Өөрийн амьдралд тохиолдож буй зүйлсд дүн шинжилгээ хийж хайртай хүнтэйгээ хандах хандлагад юу саад болж байгааг эргэцүүлэн бодож алдаагаа засахыг хичээ.

Нумын орд (11/22-12/21): Тааламжтай өдөр. Өнөөдөр танд нандин хүслээ амьдралд биелэл болгох гайхалтай боломж гарч ирнэ. Бүх зүйл өмнөх сарын оюун санааны болон материаллаг нөөцөөс шалтгаална. Үргэлж инээмсэглэж бай. Тэгвэл таны амьдралд сайхан бодол, ариун хайр илүү их байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих