Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар

 

-Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, 10 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа.-

 

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангана

 

Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн 5 жилд 1.8-2.0 хувь болж өсчээ. Энэ нь хүн ам зүйн цонх үеийн мөчлөгийн үр дүн бөгөөд 2012 оны сүүлийн байдлаар манай улсад 1.4 сая эмэгтэйчүүд байгаагаас 57.64 хувь нь төрөх насны эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, 2013 оны жилийн эцсийн байдлаар 79.6 мянган хүүхэд төрж, 16.1 мянган хүн нас барж, хүн амын цэвэр өсөлт 63.5 мянга болох тооцоо байна.

 

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.

 

Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 2 дугаар улирлын эхээр төрнө. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай. Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлын бэлтгэлийг одооноос эхлэх шаардлага гарчээ.  Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгыг үндэслэн энэ ажлыг зохион байгуулах өндөр түвшний комиссыг Засгийн газрын холбогдох гишүүдийг оролцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэлээ.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.

 

2013 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байна. Түүнчлэн, 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 галт зэвсэг тоологдсоноос үзэхэд  жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байна. Цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул түүнийг худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай болжээ.

 

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зургаан бүлэг, 27 зүйлтэй бөгөөд галт зэвсэг өмчлөх, эзэмших, галт зэвсэг, сум ашиглах, хадгалах, худалдах, цуглуулах, үзмэрт тавих, бүртгэх, зөөх, тээвэрлэх, хураах, устгах, тооллого явуулах, Монгол Улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой харилцааг зохицуулна. Төсөлд галт зэвсэг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдах, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилах, жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах, гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар тусгасан байна.

 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх зохицуулалт хийх юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт-сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага  хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих