О.Баасанхүү: ”Д.Тэрбишдагва намайг намаасаа гарахыг зөвлөсөн”

об
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Таныг намаасаа хөөгдсөн гэсэн мэдээлэл зарим сайтуудад гарчээ. Энэ үнэн үү?
-Би твиттер хуудастаа “Намайг намаас гарахыг зөвлөв” гэж бичсэн юм. Сэтгүүлчид уран зөгнөл болгоод ташаа мэдээлэл тараачихлаа. Би “Намаас гарлаа”, эсвэл “Намайг намаас гар гэлээ” гэж бичээгүй. Нөгөө талаар би бодитой юм ярьж байна. МАХН-д Н.Энхбаяр дарга гол хүн яах аргагүй мөн. Н.Энхбаяр даргатай ойр дотно харилцаатай явдаг хүмүүсийг хавчин гадуурхаж байгаа нь үнэн. Түүнийг хүчгүй байлгахын тулд ийм үйлдэл хийж байна гэж би хувьдаа харж байна. Би тэдний энэ үйлдлийг дэвэргэмээргүй байна. Яг үнэндээ МАХН-ыг татан буугдаасай, тараасай гэсэн хүсэл МАН, АН-д маш хүчтэй байгаа.Удахгүй МАНАН үүсгэх зохион байгуулалтын хурлаа хийх сураг чимээ байна. Ер нь Монголд хоёр нам байна гэж ярьдаг буруу. Хоёр намын олигархиуд л байгаа шүү дээ. Уг нь нам бол төрийн бодлого хэрэгжүүлдэг институци байх ёстой. Гэтэл албан тушаалд хүрэх дамжлага болчихлоо. МАХН-ыг мөхөөх бодолтой хүмүүс нь намайг хавчин гадуурхаж байна. Гэхдээ надад энэ намаас гарах бодол алга.

-Намаас гарахыг хэн зөвлөсөн юм бэ?
-Д.Тэрбишдагва тэгж зөвлөсөн. Намын зорилго, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөө, намын даргын асуудлаар ярьсныг илт эсэргүүцэж байна гэдэг энэ намд байх хэрэггүй гэж бодож байгаагаас өөрцгүй. Би намтай холбоотой юм ярьсан. Д.Тэрбишдагва өөр зүйл ярьсан. Бидний дунд үл ойлголцол үүссэн байгааг нуухгүй. -Жишээ нь та хоёр ямар асуудалд байр суурь нийлэхгүй байгаа юм бэ? -Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг манай нам бодлогын төвшинд авч үзэх ёстой гэж би боддог. Үүний төлөө засгаас гарсан ч болно шүү дээ. Яагаад гэвэл Чингэлтэй дүүрэг “Шударга-Ёс” эвслийн тойрог. Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулсан гишүүний саналыг дэмжихгүй хавчин гадуурхаж байна. Бүлгийн зүгээс болон засагт орсон гишүүд энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлэх ёстой. Хэрэв үүнийг дэмжихгүй байгаа бол бидний бодлого хоорондоо зөрчилдөж байна гэсэн үг. Буруу бодлого хэрэгжүүлбэл Засгийн газрыг дэмжиж чадахгүй. Гэхдээ зөрчилдөөн гэдэг ардчиллын нэг баталгаа. Эрүүл байгаагийн шинж.

-Ерөнхий сайдаас утасны дугаарыг нь авч чадсан уу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дугаарыг өгч болохгүй гэсэн албан бичгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг надад ирүүлсэн. -Танай намын даргын биеийн байдал ямархуу байгаа вэ? -Хүн харахад бие нь гайгүй юм шиг хэрнээ эсийн төвшинд өвдчихсөн байгаа хүн. Н.Энхбаяр даргыг эх орондоо битгий ирээсэй гэж бодож байгаа хүн хоёр намын аль алинд нь байна.

-Танай нам дотор тийм бодолтой хүн байгаа юу?
-Манай нам дотор ч байгааг нуух шаардлагагүй. АН, МАН-ынхан өдөр болгон уулздагийг би мэднэ.

-УИХ-ын гишүүний хувьд 2014 онд бодлогын төвшинд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн онд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барилаа. Эхнээсээ бат лагдаж байна. Үр бүтээлтэй жил боллоо гэж дүгнэж байгаа. Энэ онд илүү урам зориг, эрч хүчтэйгээр ажиллана. Надад бодож санасан ажил их байна. Жишээлбэл, 21 аймаг тус бүр ан амьтан юмуу ургамлаар бэлгэдлээ хийх санал оруулж байгаа. Аймгийнхаа брэнд болсон ургамал, амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэх, сурталчлан таниулна гэсэн үг. Аймаг бүр экологийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм. Герман Улсын брэнд амьтан баавгай. Баавгайтай цаг, аяга гээд бэлэг дурсгалын зүйлс зардаг. Гараа өргөсөн баавгайг хараад хүмүүс Герман гэж боддог. Үүн шиг Монголыг бүрэн утгаар нь илэрхийлэх бэлгэдэлтэй болох хэрэгтэй. Нийслэлийн бэлгэдлийг би хувьдаа шонхор шувуу байгаасай гэж хүсдэг юм. Хууль эрхзүйн бодлогын төвшинд олон ажил хийнэ. Өнөөдөр /өчигдөр/ би гурван хуулийн төсөл өргөн барьж байгаа. НӨАТ-ын тухай хууль, Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шонхор шувууг худалдан борлуулах тухай тогтоолын төслийг боловсрууллаа. Чуулган завсарлангуут зүүн аймгуудаар явж хууль сурталчлах ажил хийхээр төлөвлөж байна.

-Дээрх хуулийн төслүүдэд яг ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
-Засгийн газраас шонхор шувууг худалдан борлуулахгүй байх тогтоол баталсан мөртлөө бэлэглэлийн журмаар ашиглаад байна. Үүнийгээ бид худалдаагүй бэлэглэж байна гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бэлэглэсэн юм чинь татварт мөнгө орох уу үгүй юу гэдэг асуудал байна. Шонхор шувууг гадны оронд гаргахгүй, худалдан борлуулахгүй гэдэг бодлогоо тууштай баримтлахын тулд хуульчлах хэрэгтэй. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Бахархлаа зарна гэдэг аймшигтай. Бид хамгаалах үүрэгтэй. Тиймээс би энэ хуулийн төслийг өргөн барьсан. Хоёрдугаарт, НӨАТ-ын тухай хууль байна. Иргэд НӨАТ төлмөөргүй байна гэдэг. Энгийнээр орлогоос зарлагыг хасаад үлдсэн мөнгөнөөс нь татвар авдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар зарлагад ордог. Уг нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үүнийг төлөх нь ашигтай юм л даа. Гэтэл манайд уг хуулийг хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй учраас хүндрэлтэй байдаг. Тиймээс үүнийг чанаржуулья гэж бодсон юм. Тамхины хяналтын тухай хуулийн талаар иргэд хангалттай ойлголттой байгаа. Ер нь тамхины үнэ өсөөд, татвар төлөлт багасчихсан. Тамхины хуулийн хэрэгжилт муу байгааг харуулж байна. Тиймээс тамхины татвар болон тамхи татах цэгийг тодорхой болгох шаардлагатай байна. Тамхи татах цэгийг зааж өгөөгүй нь хуулийн хэрэгжилтийг сааруулахад нөлөөлж байгаа. Ер нь шуудхан хэлэхэд тамхи зарж байна гэдэг хор зарж байна гэсэн үг. Үүнийг татвар болон хандив гэсэн хоёр аргаар багасгаж болно л доо.

-Энэ онд нийгмийн аль салбарт түлхүү анхаарал хандуулж ажиллах вэ?
-Хуульч болохоор хууль, эрхзүйн салбарт илүү ажиллах хүсэлтэй байдаг. Гэвч санаснаар болохгүй байна. Гишүүд утга учиргүй их хууль баталж байна. Тиймээс зөвхөн хуульзүйн салбар гэхгүйгээр байгаль орчин, эдийн засгийн салбарт анхаарал хандуулж ажиллах бодолтой байна.

-Хуулийн төсөл өргөн барихаар намаар алагчилдаг гэх гомдол байдаг юм билээ.Заримынх нь төслийг гурав хоногт хэлэлцдэг бол гурван сар ч дарах тохиолдол байдаг гэж. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг маш хурдан хэлэлцдэг. УИХ-ын гишүүд хууль санаачлах, батлах гэж энд сууж байгаа. Гэтэл гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй зориудаар удаах, ажлын хэсэг судалж боловсруулж байна гэж царцаах бодлого явж байгаа нь үнэн.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

URL:

Сэтгэгдэл бичих