“Баясах трейд”-ийн “Хит” супер маркет “үйлчлэгч хулгайч”-тай болов

1_1356400544Шинэ оны босгон дээр “Баясах трейд” компанийн “Хит” супер маркетад нэгэн “хулгайч үйлчлэгч” орж иржээ. Тэрээр тус супер маректэд орж ирсэн даруй 4000 төгрөгийн чихэр хулгайлаад баригдсан аж. Баригдсан даруй бужигнаан үүсч, улмаар ядарсан “үйлчлэгч хулгайч” өвгөнтэй тус дэлгүүрийнхэн нэгэн тохироо хийсэн байна. Дэлгүүрийнхэн ядарсан муу өвгөнийг цагдаад өгөөд яахав хэмээн үйлчилгээний орчмыг цэвэрлэ. Тэгээд таныг цагдаад өгөхгүй гэсэн тохироо хийж л дээ. Хүн ёсны үүднээс бол сайхан л хэрэг. Нөгөө талаар бас л өөгшүүлсэн хэрэг болно.

Харин мань “үйлчлэгч хулгайч” цэвэрлэгээ хийх явцдаа бяцхан маргаан дэгдээсэн бололтой. Тус дэлгүүрийн хамгаалагч залуу түүнийг ёстой л баруун солгойгүй нүдэж гарав. Муу “үйлчлэгч хулгайч”-аасаа хоёр дахин илүү нас залуу, биеийн жин, бяр чадал гээд бүх талаараа илт давуу залуу хамгаалагч нэг муу ядарсан өвгөнд эр бяраа гаргаад байх нь хэний ч нүдэнд өөдтэй харагдахгүй л дээ. Нөгөө талаар өөрсдөө хулгайчийг өөгшүүлж, тохиролцоод, дараа нь ийнхүү хүний эрх чөлөө, бие мах бодод ноцтой халдана гэдэг яавч зөв хэрэг биш. Тэгэж байхаар цагдаа дуудаад л өгчихнө биз дээ. Ном дүрмээр бол тус дэлгүүрт үйлчилгээний газрын соёл гэж алга. Баярын босгон дээр худалдан авагчид ид бужигнаж байхад дэлгүүрийн хамгаалагч нь хүн зодож үймээн дэгдээгээд байхаар ямар соёл байх вэ.

Түүнчлэн хүнийг нүүр нүдгүй зодно гэдэг өөрөө хууль зөрчиж буй хэрэг: Хэдийгээр хулгай хийсэн ч гэсэн хүний эрх чөлөө, бие мах бодод ийн хандсан бол хуулиар хариуцлага хүлээх ёстой байдаг. Яахав, дээр дурдсанчлан тус дэлгүүрийнхэн хүн ёсны үүднээс муу ядарсан өвгөнтэй тохирсон нь сайн л хэрэг. Эсвэл, “Хит” маркет ийнхүү цалин хөлс гэлгүй “үйлчлэгч хулгайч” ажиллуулдаг газар юм уу. Дашрамд дурдахад “Барс” болон бусад худалдааны төвүүдэд нэг ийм жишиг байдаг гэнэ. Жишээлхэд, нэг муу ядарсан нөхөр лангуун дээрээс нь хүнсний зүйл хулгайлж байгаад баригдана. Лангууны эзэн хулгайч нөхөрт нэг шанаа буулгаж хандыг нь дараад л тохиролцдог аж. Нөхрийг цагдаад өгнө хэмээн айлгана, эсвэл гадаа машины тэвшин дээр байгаа барааг дотогшоо зөөж оруулах. Ийм хоёр сонголтын өмнө нөгөө муу нөхөр зогсч байна гээд бод. Арга буюу хоёр дахь сонголтыг авч, улмаар хөлсөө гарган бараа зөөснөөр дуусна. Үнэн хэрэгтээ хулгайч нөхөр лангуун дээрээс хүнд харагдахгүй, далд аваад явчихаар багахан зүйл аваад л газар дээрээ баригдана. Ямар үнэт эдлэлийн дэлгүүрт орсон биш. Ингээд мань нөхөр үүнийгээ хэд дахин нугласан ажил хийж өгч байна. Лангууны эзэн бол үүнд бүр амташсан нэгэн байх. Аргагүй шүү дээ. Дор хаяхад 15 мянган төгрөгөөр зөөлгөх бараагаа үнэгүй зөөлгөж байгаа нь түүнд ашигтай. Угтаа бол лангууны эзэн түүнийг цагдаад өгөх учиртай. Гэтэл яагаад ийнхүү заавал хулгай хийсэн хойно нь сүр бадруулж тохиролцоонд хүрээд байна вэ гэдэг нь сонин.

С.Баяр

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих