“ДДЭШТВ”-ийнхэн малчдыг шулж, чиргэдэл учруулж байна

      Малчдыг араасаа хуйлруулж, цаг завыг нь үрж байгаа газар нь “ДДЭШТВ” гэдгийг хөдөө орон нутгаас бидэнд гомдол ирүүллээ. Тэдний гомдоллож байгаагаар “ДДЭШТВ”-ийнхэн хамгийн сүүлд тоон системд шилжих нэрийдлээр 100 гаруй сувагтай боллоо. Тийм учраас ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө нь олон сувгийнхаа хүлээн авагчийг 45000 төгрөгөөр солих хэрэгтэй гэж өдөр шөнөгүй сурталчилгаа явуулсныг уншигч та ч санаж байгаа. Ингээд шинэ жилийн баяраар үзэх харах юмтай байхын тулд малчид Улаанбаатар хотод ганцхан байдаг “ДДЭШТВ”-ийн төвийн үүдэнд урт дараалал үүсгэсэн бололтой. Зарим нэг нь ч таньдаг хүндээ захих гээд бөөн чиргэдэл болсон ч ирсэн хүлээн авагч нь тэр өдрөө л дуусчихсан гэжээ. Баяр хаяанд тулчихсан байдаг, зардал чиргэдэл болж ирсэн малчид хоосон буцах хэцүү, өөр арга бодох хэцүү болчихоод байгаа тухай мэдээлсэн юм. Цаг агаар чангарч цас хаялж буй энэ үед малчдад чиргэдэл учруулж байгаад хаа хаанаа дургүй байна.

Энэ тухай эргэн мэдээлэл сөхөхөд, 2008 онд “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ноос үндэсний телевизийн 10 сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах тендер зарласан билээ. Энэхүү тендерт “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК оролцон олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах эрхийг авчээ. Тус тендерийн дагуу Засгийн газраас зөвхөн 10 сувгийг дахин дамжуулах хиймэл дагуулын транспондерийн түрээсийн төлбөрийг санхүүжүүлэхээр тусгагдсан байсан бөгөөд газрын станц байгуулах, ашиглалт үйлчилгээний зардлыг уг тендерт ялагч өөрөө хариуцахаар заагдсан. Тус компани нь байгуулагдахдаа хөдөөний иргэдийн хэрэглэж байсан том тавган антеныг халж өөрсдийн оруулж ирсэн хятад антен түүний дагалдах хэрэгслийг малчдад шахсан тус компани цаг хугацааны эрхээр малчид болон төв суурин газрын иргэдийг хэрэглэгчээ болгоод амжсан гэдгийг уншигч та сайн мэдэх байх. Хэдийгээр үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа нь сайн хэрэг ч тэд малчдыг шулж эхэлсэн тухай саар мэдээлэл сонсогдох болсоор уджээ. Ийнхүү анх 10 суваг үзүүлж байсан тус компани 30 суваг болгон нэмэгдүүлж түүнийхээ хөлсийг даган өсгөсөн аж. Тэгснээ өнгөрсөн жилээс эхлэн 70 сувагтай боллоо хэмээн иргэдээс илүү мөнгө завшиж эхэлсэн тухай хөдөөний малчид бидэнд гомдол мэдүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих