Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан 21,9 тэрбумаар энэ онд хийх ажил
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан 2014 онд дүүргийнхээ нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээнийхээ талаар танилцуулсан байна.
Тэрээр дүүргийн орлогыг 21.9 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл 219 тэрбум гээд ташаа мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ. Энэ бол огт үндэслэлгүй зүйл шүү гэж тодотгожээ.
Сүхбаатар дүүргийн төсөв 2014 онд бусад дүүрэгтээ харьцуулбал харьцангуй өндөр ч үүнээс 6.3 тэрбумыг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх даалгавар авсан байгаа. Дүүргийн хэмжээнд дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн.Тухайлбал, дүүргийнхээ хөрөнгөөр анх удаа 69 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл болон хамгийн их хүн амтай 16 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барихаар иргэдийн хурал баталж өгсөн. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, иргэдийн амрах талбай, эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлэгүүдэд 400 гаруй сая төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгөхөөр болсон байна.
Энэ оны төсвийг батлахаас нь өмнө нийслэлд иргэд анх удаа саналаа өгсөн. “Иргэдийн оролцоотой төсөв-2014”-ийн үеэр хамгийн түрүүнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэдгийг иргэд санаа нэгтэй хүлээн зөвшөөрсөн учраас энэ онд нийтдээ 10 орчим цэцэглэгийг ашиглалтанд оруулахаар болсон.
Мөн гэрэлтүүлгийн асуудлыг иргэд дурдсан болохоор ялангуяа гэр хорооллын хэсгийг яаралтай гэрэлтүүлэгтэй болгож 120 гаруй байршилд 250 орчим камер суурилуулахаар төлөвлөжээ.
URL: