Махны үнэ өссөөр байна
2013 оны сүүлийн долоо хоногийн байдлааг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурч, есөн нэрийн барааны үнэ өсчээ.
Махны үнэ
Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8010 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 165 төгрөгөөр, үхрийн цул мах 2.7 хувиар буюу 250 төгрөгөөр өссөн байлаа.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 155 төгрөг, хонины цул махны үнэ 5.2 хувиар буюу 350 төгрөгөөр тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1300 төгрөг, нэгдүгээр зэргийнх 700-900 төгрөг, хоёрдугаар зэргийнх 500-800 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна.
“Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
URL: