ЯАГААД ХҮМҮҮС ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР “GOOGLE”-ЭЭС ГАРДАГ ВЭ
Дэлхийд алдартай “Google” компани бол ажилчдынхаа тав тухыг дээд зэргээр хангадаг компани билээ. Гэхдээ “Google”-д ч бас дутагдалтай тал байдаг бололтой яагаад гэвэл тэнд ажилд орсон хүмүүс хэдэн жилийн дараа ажилаасаа сайн дураараа гарахыг хүссэн өргөдлөө өгдөг аж. Юу дутлаа гэж тэр хүмүүс ажлаасаа гардаг юм бол оо? Тэгвэл тэр хүмүүсийн нэрээ нууцлан байж “Business insider”-т өгсөн “Google” компанийн дотоод ертөнцийг манай сайт та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Программист л биш бол та хэн ч биш
Энэ зарчим алдарт “Google” компанид нэвт шингэсэн байдаг гэнэ. Ихэнх компаниудад менежерүүд, инженер болон бусад ажилтнаас эрх ашиг нь дээгүүрт тавигддаг. Харин “Google” компанид дизайнерууд, бүтээгдэхүүний менежер, зар сурталчилгааны менежер гэх мэт ажилчид тэнд ажилладаг ямар ч программистаас доогуур хоёрдугаарт тавигддаг аж. Ийм болохоор хоёрдугаарт тавигдсандаа эвлэрдэггүй ажилчид хэсэг хугацааны дараа өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө барин удирдлагуудынхаа өрөөний үүдэнд суух нь цөөнгүй. Хамгийн ихээр уран бүтээлчид буюу зохион бүтээгч, дизайнерууд үүнийг тэвчиж чаддагүй байна. Уран бүтээлчдын бардам зан энэ үзэлтэй тэрсэлддэг тул хамгийн ихээр ажлаасаа гардаг. Тийм болохоор “Google”-ийн дизайны хэлтэс байнга шинэ хүнээр хүчээ сэлбэж байдаг ажээ.
Нэг хэвийн уйтгарт амьдрал
“Google” компани ажилчдаа тав тухтай байлгахын тулд ажил дээрээ биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлж, (газрын, ширээний теннис, биллъярд зэрэг) дээр нь ажилчиддаа дуртай юмаа хийх цаг зав гаргаж өгдөг. Тэгвэл энэ нь зарим ажилчдын дургүйг хүргэдэг юмны нэг болдог байна. Учир нь энд олон жил ажилласан хүмүүсийн ярьснаар “Aжлаа тараад найз нөхөд гэр бүлтэйгээ цаг заваа өнгөрүүлдэг олон зүйлийг энд хийх боломжоор хангасан нь тэднийг заримдаа ажил, хувийн амьдрал хоёр нь нэг саван дотор холилдон оршиж буйд дургүйцэл төрүүлдэг” гэжээ. Учир нь үүний гайгаар гэр бүл найз нөхдөөсөө хөндийрч зожиг болоход хүрдэг байна. Жишээ нь амралтын өдрүүдээрээ байнга салхинд гарангаа спортоор хичээллэдэг байсан хүн энд ажилд орсноор бүх юм гар доор нь бэлэн болсноор урьд цаг заваа гарган дурладаг байсан зүйлсээсээ татгалзаж эхэлдэг аж. Тийм ч учраас “Google” компанид амьдралынхаа нилээдгүй хугацааг өнгөрөөсөн хуучин ажилтнууд энэ шалтгаанаас болж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч өөр компанид ажилд орохыг илүүд үздэг юм.
Харьцуулж үзэх хүсэл
“Google”-ээс өөрийн карьераа эхэлсэн ажилчид зарим нь одоо “Facebook”-т ажиллаж байна. Эдгээр хүмүүс зүгээр л энд ийм байхад тэнд ямар байдаг бол гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өөрийн хүсэлтээр гардаг. Жишээлбэл “Google”-д энэ нь ийм байдаг, харин “Facebook” компанид тэр нь ямар байдаг бол “Microsoft”-д энэ нь ямар байдаг бол гэсэн бодол өвөртөлсөн сониуч уйдамтгай хүмүүс байдаг байна. Ингэж нэг компаниас нөгөө компани хэсэж явдаг хүмүүсийн дийлэнх нь чадварлаг программистууд байдаг аж.
Өөрийн ажлаа хийх цаг боллоо
Ийм бодолтой хүмүүс анхнаасаа ажлаас гарах хугацаагаа тодорхой мэдэж байдаг зөвхөн ямар нэг хүчин зүйлээс болоод л “Google”-д толгой хорогддог. Ийм төрлийн хүмүүсээс “Google”-ийн удирдлагууд жийрхдэг юм. Тэд анхнаасаа л андашгүй байдаг гэнэ. Гэрээ хийж эхлэх үед өндөр цалин урт хугацааны нууцлалын гэрээг биш, дундаж цалин богино хугацааны нууцлалын гэрээг сонгодог. Учир нь эдгээр хүмүүс өөрийн хүсэлтээр “Google”-ээс гарахдаа гэрээний нууцлалын хугацааг дуустал өөрийн бизнес санааг ул суурьтай боловсруулах бэлтгэл ажилдаа ордог байна. Гэрээний нууцлалын хугацаа дуусмагц тэд “Google”-ийн хүчтэй өрсөлдөгч болон хувирдаг аж. Алдарт микроблог “Twitter”-ыг “Google”-ийн экс ажилтан Ив Уилъямс ажлаасаа гарсны дараа үүсгэн байгуулсан. Мөн “Instagram” төслийн Кевин Систром, “Foursquare”-ийг санаачилсан Деннис Кроули, “Pinterest”-ээс олон зуун саяын ашиг олсон Бен Зильберман нар нь бүгд өмнө нь “Google”-д ажиллаж байсан хүмүүс юм.
Орчуулсан: Mr.Unuku
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕССНЬЮС МН
URL: