УЛСЫН ИХ ХУРАЛ 2013 ОНД

-Улсын Их Хурал 2013 онд 215 хууль тогтоомж батлав-

Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар бие даасан 25 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 106 хууль,  зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 4 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, Улсын Их Хурлын 69 тогтоолыг хэлэлцэн баталлаа.1. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг тодорхойлов

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж, улмаар УИХ-ын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиудыг батлан гаргав. Эдгээр хуулиудыг баталснаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, татварын тогтвортой байдлыг хангах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ямар нэг ялгаваргүйгээр адил хэмжээнд авч үзэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад татан оруулах, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийг эрүүлжүүлэх үндсийг бүрдүүлэв.

2. Шүүх, цагдаагийн эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэв

УИХ “Шүүх байгуулах тухай”, “Цагдаагийн албаны тухай”, “Тахарын албаны тухай”, “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулиудыг баталлаа. Эдгээр хуулийг баталснаар шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулах, цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг шинэ нөхцөлд зохицуулан өөрчлөх, шүүхийн болон гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах шинэ зохицуулалтыг бий болголоо.

3. Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав

УИХ-ын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай” хуулийг батлав. Энэ хууль батлагдсанаар иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжих, банк дампуурсан тохиолдолд хадгаламжийн даатгалын сангаас харилцагчдын хөрөнгийг нөхөн олгох тогтолцоог бий болгож, банкны жижиг харилцагчдын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж, улсын төсөвт учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг бууруулах, урт хугацаанд банкны салбарын тогтвортой байдал сайжрах ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг боллоо.

4. Бизнесийн орчинг дэмжив

Улсын Их Хурал бизнесийн орчинг дэмжих зорилгоор импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай OSB хавтан, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай OSB хавтан, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах төслийн хүрээнд импортоор оруулж ирж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөв. Мөн үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэл эхэлснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулж ирэхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

5. 2014 оны төрийн мөнгөний бодлогыг тодорхойлов

Улсын Их Хурал Төрөөс мөнгөний талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, төрийн мөнгөний бодлогыг тодорхойлов. Мөн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийг баталж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон хяналтын тогтолцоогоо сайжруулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийв.

6. Нийгмийн ач холбогдол бүхий зарим хууль, гэрээг батлав

УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хаягжуулалтын тухай” хуулийг баталж, хаягжуулах ажил нь нэгдсэн арга зүйтэй, байр зүйн зурагт суурилж, кадастрын бүртгэлээр баталгаажсан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байхаар хуульчлав.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаар сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх аливаа хүчин зүйлсийг бууруулах, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн сэтгэл засалч эмчийн өвчтөнд өгсөн зөвлөгөө нь даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад хамаарах зэрэг асуудлыг шийдвэрлэв. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжих Эрүүл мэндийн 4, 5 дугаар төслийн гэрээг соёрхон батлав.

7. Иргэний нисэхийн бодлогыг баталж, хилийн боомтын эрх зүйн орчинг сайжруулав

Улсын Их Хурал “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталснаар Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа, тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа бий болох, агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж, нислэгийн тоо нэмэгдэн, тээврийн тариф буурах, иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсөх, худалдаа, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих эрх зүйн нөхцлийг бүрдүүлэв.

Хилийн боомтын тухай хуулийг баталснаар эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх ажлыг боомтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан бэрхшээл, хүнд суртал буурч, хилийн боомтод хийж буй хяналт, шалгалтын үр өгөөж дээшилж, чиг үүргийн давхардал арилан, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжиж, ажиллах нөхцөл, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа сайжрах боломжийг бүрдүүлэв.

8. Авлигажсан төсвийг царцааж батлав

Улсын Их Хурал 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ төлөвлөж байсан хэмжээнд хүрэхээргүй байгааг харгалзан Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулж батлав. Улмаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиудыг батлахдаа улс орны төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах зорилгоор 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан гэх 243 төсөл, арга хэмжээг царцаав.

Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,5 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1,1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29,7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1,4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289,9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2,5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг батлав.

9. Парламент хоорондын харилцааг өргөжүүлэв

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо, Данийн Вант Улсын Фолькетингийн дарга Могенс Люккетофт, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Р.Миглиори, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Эдуард Освальд, Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий, Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын дэд дарга Алена Гаядушкова тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канад, Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж, УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцов.

10. Олон улсын чуулга уулзалтууд болов

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан Ардчиллын төлөөх парламентчдын чуулга уулзалтад Монгол, АНУ, Бутан, Гүрж, Индонези, Итали, Латви, Ливан, Литва, Мексик, Польш, Тайван, Финлянд зэрэг 15 улсын парламентаас 50 гаруй төлөөлөгч оролцов. Чуулга уулзалтад оролцогчид авлигатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авлигатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааны талаар өөр өөрийн орны туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн санаачлагаар төрийн албаны төв байгууллагуудын олон улсын уулзалт Улаанбаатар хотод зохиогдож, 13 орны төрийн албаны төв байгууллагын 30 гаруй удирдах албан тушаалтан оролцов.

12. Мэдээллийн технологийн шинэчлэл хийв

Улсын Их Хурлын Тамгын газрын бүх хэрэглээний программ хангамж, үйлдлийн системүүдийг нээлттэй эхийн систем рүү шилжүүлснээр Улсын Их Хурал, түүний Тамгын газарт оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийг бүрэн нэвтрүүлэв. Хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулагдсан Төрийн мэдээллийн ТМ эмхэтгэл, Улсын Их Хурлын цахим хуудасны Parliament MN, хууль эрхзүйн Laws MN программ хангамжуудыг 2013 онд шинээр бүтээн ашиглаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг www.parliament.mn цахим хуудас болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар суваг, ТМ телевиз, Сансар, Юнивишн кабелийн телевизүүдээр шууд дамжуулдаг болсноор УИХ-ын үйл ажиллагаа хамгийн нээлттэй ил тод болов.

13. Хоёр төсөл хэрэгжүүлж эхлэв

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх юм.

Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь төвлөрлийг сааруулах бодлогын хүрээг бий болгосноор нутгийн удирдлагын үйлчилгээ хүргэх чадавхийг дээшлүүлэх үндсэн зорилготой. Төслийг 2016 онд хэрэгжүүлж дуусгана.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих