“Ухаангүй” сайд Ц.Оюунгэрэлийн “урагшгүй” албатуудын гай

“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр өнөөх Ц.Оюунгэрэл сайдын ажилтнууд балетийн урлагт 40 жил зүтгэсэн нэгэн ахмад багшид шагнал андуурч баларсан юм байх. Ингээд зогсохгүй, шагнал андуурч өгчээ хэмээн шагналаа буцааж авчээ. Энэ нь соёлын салбарыг жинхэнэ утгаар нь самарч байгаа энэ эрхмийн дор ямар хүмүүс ажиллаж байгааг харуулсан явдал боллоо. Арга ч үгүй биз дээ.

Соёл урлагийн газрын дарга нь Н.Оргил гэж нөхөр ажиллаж байгаа бол ахлах зөвлөх нь өнөөх дуучин Д.Болд гээ биз дээ. Энэ мэт багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа салбарын ажил яаж өөдтэй байхав. Ядахад цаад мулгуучууд нь урлагийн салбарынхаа хүмүүсийг таньдаггүй юм байх даа. Хэдэн клипний дүрсэнд зураг авхуулсан нөхдөө жүжигчин хэмээн танимхайрч, хэдэн дуу поп хэмээн гоншигносон нөхдөө дуучин гэж танихаас хэтрэхгүй л болов уу. Уг нь шагнал андуурч өгсөн хүн нь балетын урлагт 40 жил зүтгэсэн ахмад уран бүтээлч байна лээ, танивал танихаар.
Энэ явдал нь өнгөрөгч долоо хоногт Ц.Элбэгдоржийг шагналын хур буулгах үеэр юм билээ.  Тиймээс ССАЖЯ-ынхан “ахмад багш танийг “Алтан гадас” одонгоор шагнахаар боллоо” хэмээн утсаар дуудсан аж. Ахмад багш шагналаа аваад явсаны дараахан яамны хүмүүс “Шагналаа андуураад өгчихсөн байна. Буцааж авна” гээд загнаж шагналаа буцаан авчээ. Тэд Драмын театрын Б.Нармандахтай андуурсан аж. Түүний шавь нар нь эргээд яаманд хандсан боловч шинэ жилтэй хэмээн авч хэлэлцэх хүн олдохгүй байгаа гэнэ. Андуурагдсан ахмад багш Москвагийн балетийн академийг төгсөж,  дуурийн театрт бүжиглэсэн бөгөөд МУГЖ балетчин Д.Алтанхуягийн анхны багш юм гэдгийг эх сурвалж хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих