Заяаны хань зам дээр байдаг уу?
Хэрэв та заяаныхаа ханийг хайж байгаа бол болзоо таны хувьд зүгээр л нэг зугаа цэнгэл хайсан учрал биш, харин ирээдүйд ханиа сонгож, дүгнэж цэгнэхэд зориулагдсан уулзалт байх ёстой.
Таны анхны болзоо кино театрт, эсвэл драмын театрт болох ёсгүй. Учир нь ийм газарт хүний зан чанар тэр болгон сайн таних боломжгүй байдаг.
Анхны болзоо танд болон таны залууд саад болохгүй, хүн хөдөлгөөн цөөтэй, дуу шуу багатай орчинд болж өнгөрвөл зүгээр. Хамгийн гол нь хангалттай зав зайтай байх нь чухал. Таны анхааралдаа авбал зохимжтой өөр нэгэн зүйл бол уулзаж болзохдоо сонирхож буй залуугаа нэг их “шатаах” гээд хэрэггүй. Яагаад гэвэл эрчүүд анх таалагдсан бүсгүйд нэг бол сэтгэлээ эсвэл мөнгөө зориулдаг юм. Харин танд түүний мөнгө биш, сэтгэл нь илүү хэрэгтэй шүү дээ.
Болзоогоо төлөвлө. Болзохдоо заавал сонин юм сэтгэх албагүй. Телевиз, сонины зарлал үзээд сэтгэлдээ нийцсэн аятайхан газар сонгоод залуудаа санал болгоорой. Амралтынхаа өдөр хотоос зайдуу зугаалах, дугуйгаар аялах, загас барих зэрэг нь ямар ч баар ресторанд сууснаас дээр.
Болзоогоо сонирхолтой болго. Үүнд:
Нэг. Хотынхоо хуучин байшин барилгуудыг сонирхох
Хоёр. Түүхийн сэдэвтэй музейнуудыг үзэж, улс орныхоо түүх соёлтой танилцах
Гурав. Үндэсний зоогийн газар орж, харь улс үндэстний хоолноос амсах
Дөрөв. Залуучуудын цуглаан мэтгэлцээн зэрэгт очиж, сонирхсон сэдвээрээ ярилцах
Анхандаа залуу чинь тийм ч дуртай биш байж болно. Гэсэн ч яваандаа амтанд нь орно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ихэнх эмэгтэйчүүд баар, ресторанаас өөр оновчтой болзооны газар мэддэггүй учраас залуучууд залхсан байдаг. Та үүнийг ашиглаж, залуутайгаа тэдний боддогоос тэс өөр газар уулзаж учирч байвал илүү амжилтанд хүрнэ.
URL: