“Сочи”-ийн эргэн тойронд

5ea2a7a15740adc2big

Тасалбарын 75 хувийг Оросууд худалдаж авна

ОХУ-ын Үндэсний олимпийн хороо, наадмыг зохион байгуулах хороо “Сочи-2014” наадмын тасалбарыг худалдаж эхлээд байгаа.

Тасалбар 2013 оны гуравдугаар сараас зарагдаж эхэлсэн бөгөөд өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нийт тасалбарын 75 хувийг эх орныхоо иргэдэд худалдахаар шийджээ.

Сочигийн олимпийн тасалбарын үнэ 1000-50000 рублиэр борлуулагдаж байгаа бөгөөд үүнээс зургаан тэрбум рублийн ашиг олохоор төлөвлөсөн байна. Нээлтийн, тасалбар хамгийн үнэтэй бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс 6-50 мянган рублиэр төлөх юм.

Харин хаалтын тасалбарын үнэ 4.5-37 мянган рублиэр зарагдаж байна. Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний тасалбарын үнэ хамгийн үнэтэй буюу 7-40 мянган рубль зарагдаж байна.

Хоккейн урьдчилсан шатны хамгийн хямдхан тасалбар 500 рублийн үнэтэй аж. Хоккейн дараа уран гулгалтын тэмцээний тасалбар үнэтэйд тооцогдож байна.

Мөсний бүжигчдийн тэмцээнийг үзэхийг хүсвэл 1.5-23 мянган рубль төлж байгаа юм. Харин хамгийн хямдхан тасалбар нь цанын хоёр төрөлт, бобслей, чарганы төрлийнх байх аж. Чарганы тэмцээний тасалбар 1000-2500, бобслей 1500-3000, цанын хоёр төрөлтийнх 1500-3500 рублийн үнэтэй байна. Одоогийн байдлаар хоккей, уран гулгалт, биатлон, уулын цанын төрлийн тэмцээний тасалбарын борлуулалт 80 гаруй хувьтай байгаа аж.

Сонирхуулахад, Сочигийн олимпийн наадам “Ванкувер-2010”-аас тасалбарын үнээс 40-1746 рублиэр үнэтэй байгаа аж. “Сочи-2014” паралимпийн тасалбарыг есдүгээр сарын 27-ноос худалдаж эхэлсэн байна. Мөн паралимпийн тэмцээний тасалбар ч эрэлттэй байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд “Сочи- 2014” олимпийн наадмын тасалбарыг дамлах сөрөг явдал гарч байна.

Дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг спортын том тэмцээнүүдийн үеэр байнга гардаг энэ асуудлыг Оросын Засгийн газар зохицуулах нэгэн арга сэдсэн нь хөгжөөн дэмжигчдийн паспорт аж. Тодруулбал, тэмцээн үзэх хүмүүс худалдан авсан тасалбараа бүртгүүлж, карт нээлгэх ёстой аж.

Хүмүүс голдуу тус дэвсгэртийг дурсгал болгон худалдан авч байна

100 рубль эргэлтэд оров

ОХУ-ын төв банк Сочигийн олимпод зориулан 100 рублийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж, эргэлтэд оруулаад удаагүй байна. “Сочи-2014”-ийн шинэ 100 рубль гүйлгээнд гараад төдийлөн амжилт олохгүй байгаа ч хүмүүс голдуу тус дэвсгэртийг дурсгал болгон худалдан авч байна.

XXII өвлийн олимпийн наадмыг бэлгэдсэн, хөх өнгөтэй 100 рублийн эх загварыг Репиний нэрэмжит уран зургийн академийн оюутан Павел Бушуев гаргажээ. Тус сургуулийн оюутнуудын дунд 2011 онд олимпод зориулсан мөнгөн дэвсгэртийн уралдаан зарлаж, Бушуев түрүүлсэн юм. Сонирхуулахад, Оросууд олимпийн наадамд зориулж, мөнгөн дэвсгэрт гаргасан хоёр дахь орон болж байгаа юм. Тэднээс өмнө нь Хятадууд 2008 онд Бээжингийн олимпод зориулан 10 юанийн шинэ дэвсгэрт гаргаж байжээ.

Казахууд медальтнууддаа хамгийн их мөнгө aмлалaa

ОХУ-ын Сочи хотод өвлийн олимпийн XXII их наадам хоёрдугаар сарын 7-23-нд болно. Олимпоос медаль хүртсэн тамирчдад Казахстаны Засгийн газар хамгийн өндөр шагнал буюу олимпийн аваргадаа 250 ам.долларын цалин олгохоор болжээ. Харин казахууд мөнгө, хүрэл медаль хүртсэнд 150, 75 мянган ам.доллараар шагнал амлажээ. Казахстаны араас Итали, Беларусь, зохион байгуулагч ОХУ орж байна.

Апенниний хойгийнхон олимпийн аваргаа 140 мянган евро буюу 192 мянган ногооноор шагнахаар болжээ. Харин мөнгө 103, хүрэл медальтан 69 мянган ам.долларын урамшуулал хүртэх аж. Беларусийн Засгийн газар тамирчдаа 150, 75, 50 мянган ногооноор мялаахаар болжээ. Харин “Ах нар” нутгийн дэвжээн дээрээ аваргалсан тамирчинд дөрвөн сая рубль буюу ойролцоогоор 122 мянган ногооны шагнал хүртээх аж. Харин Украиний Засгийн газар 85,62, 41, Францчууд 69,27,18 мянган ам.доллараар тамирчдаа шагнахаар болсон байна.

Улс орнууд тамирчдынхаа амжилтыг ийн үнэлж байхад огт мөнгө өгөхгүй гэсэн улс мэр сэр байгаа юм. Тодруулбал, Норвеги, Их Британи, Шинэ Зеланд, Швед улс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагнал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Скандинавын хойгийн Норвеги, Шведэд cap бүр олимпийн медальтнуудын урамшуулал олгодгоос гадна олимпийн аваргуудаараа газар нутгаа нэрээ нэрлэж, харин хувийн хэвшлийн ивээн тэтгэгчид нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг байна.

Хэдийгээр Шведийн Засгийн газар тамирчдаа мөнгөн шагнал өгөхгүй хэмээн мэдэгдсэн ч тус улсын цанын холбооноос медаль хүртсэн цаначиддаа 30, ес, таван мянган ам.доллараар шагнахаар болжээ.

Аюулгүй байдлыг хангах цагдаа нар гурван хэлээр ярина

“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын үеэр цагдаа нар үзэгчид болон бусад зочидтой англи, франц, герман гэсэн гурван хэлээр харилцана гэж тус улсын дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Ирэх оны хоёрдугаар сарын 7-23-нд ОХУ-д анх удаа болох зохион байгуулагдах гэж буй өвлийн олимпод аюулгүй байдлыг хууль сахиулах байгууллагын 40 мянга гаруй албан хаагч хангахаар болжээ. Тэдний олонх нь дээрх хэлийг судлахаар эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих