Сирийн мөргөлдөөнийг 2013 оны голлох үйл явдлаар нэрлэжээ
“Арабын хавар” манатай. “Арабын хавар” биш боллоо, өрнийнхний ардчиллын зарчим ямар ч утгаараа Арабын ба лалын орнуудад нэвчсэнгүй, панисламизм-ыг үгүй хийхгүй бол дэлхий тайвшрахгүй нь хэмээн америкийн неоконсервативчүүд, христиан европчууд, жүүдийн израиль үздэг болсон нь 2013 онд нууц биш боллоо. Өрнийнхөн Ойрхи Дорнод руу тулгаж байсан өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээсээ түр татгалзаж, ислам дээр анхаарлаа төвлөрүүлэхээс өөр аргагүй болж байна. Хүний эрхийг зөрчин, ардчиллыг өлгийд нь нугасалж, цэргийнхнийг дэмжиж түлхэх замаар исламыг хазаарлах тэр зорилгодоо хүрэхийг ч үгүйсгэхгүй. Одоо өрнийн орнууд дахь зүүн либерал үзэлтнүүд дарангуйлагч Асадыг дэмжиж, Сири дэх засгийн эрхийг исламистуудад өгүүлэхгүй байх санал уйгагүй дэвшүүлж байгаагаар энэ нь нотлогдоно. Египетийн цэргийн хунтыг дэмжиж, итгэл өгч байгаа нь ч үүний бас нэг нотолгоо биз ээ.
Сирид хийхээр төлөвлөсөн, бараг эхлэхээ шахсан гадаадын халдлага хэрэгжиж чадаагүйгээс үүдэн “Хүйтэн дайн” дууссанаас хойшхи дэлхийн шинэ дэг журам өөрчлөгдөх эхлэл тавигдлаа. Энэ бол 2013 оны хамгийн гол үр дүн болно. АНУ голлож оройлсон ганц туйлт ертөнц байхгүй боллоо хэмээн Башар Асад хэвлэлд ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн нь 2013 оны хамгийн чухал афоризм байж болох юм. Тэрээр туркийн Ulsal хэмээх ТВ-д ярилцлага өгөхдөө тэгж хэлсэн юм. АНУ хойшид цорын ганц глобал гүрэн байхаа болилоо гэж тэрээр шууд хэлжээ.
Сири ингэхэд хэнд найдав, түүний холбоотон нь хэн бэ? БРИКС гэх эвсэл үүссэнээр АНУ тэргүүлэх хэт их гүрэн байхаа болилоо гэсэн нь нэг талаасаа зөв болов уу. Тэгэхдээ БРИКС дотроос яг хэн нь сирийг дэмжээд байнав гэдэг нь өөр асуудал. 2013 оны оны онцлох зүтгэлтнээр В.Путин тодрохыг үгүйсгэхгүй. Чухам тэр л Сири рүү хийх гадаадын халдлагыг саармагжуулсан. Обама Путины заналхийлэл дор авантюраасаа татгалзсан гэж хэлэхэд хилсдэхгүй. БРИКС шууд Сирийг дэмжээд туслаад байгаа юм байхгүй, гэвч бүс нутгийн тогтвортой байдлыг гаднаас хангаж байна хэмээн Асад хэлж байгаа нь дэлхийн геополитикт АНУ ба өрнийнхний эсрэг баланс баригч нь Бразил–Орос–Энэтхэг–Хятад–Өмнөд Африкийн энэ эсвэл шүү гэсэн санаагаа илэрхийлсэн хэрэг биз ээ.
2013 оны Асадын бас нэг афоризм байна. Хөрш Египет рүүгээ хандуулсан мэт боловч нийт лалын ертөнц рүү, тэр дундаа шашны ариун дайн жихадыг өөгшүүлэгчдэд хандаж хэлсэн анхааруулга гэж буухаар юм. Ерөнхийлөгч М.Мурсийн уналтыг тэрээр:
- Улс төрийн ислам гэгч төгсгөл болсны илрэл. Мурситэйгээ хамт улс төрийн исламын үзэл суртал нурлаа. Шашинжаагүй төрийг шашны зүтгэлтнүүд хянах гээд бүтэлгүйтсэнийг Египетийн жишээ харууллаа.
- Шашныг улс төрийн зорилгоор, эсвэл ямар нэг бүлгийн эрх ашгийн төлөө ашиглах гэвэл хаана ч ялгаагүй ингэж түлхэгдэн унана гэжээ.
“Тахрирын хоёрдугаар хувьсгал” бол Асад болон сирийн эрх баригчдын хувьд нутагт нь үүрлээд үймүүлээд байгаа жихадистуудаасаа салж авахад маш том дэм, урам зориг, хөшүүрэг боллоо гэж үзэхэд буруутахгүй. Сири дэх тэр үй олон жихадистуудын эсрэг Сирийн Асад дангаараа зогсож байгаа юм биш, мөн л гадаадын “хөлсний бус” цэрэг өдий төдий бий. Ливаны шиитүүдийн Хэзболла зэвсэгт отряд, Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын дайчид, Иракийн шиитийн шашны зүтгэлтэн Моктад Садрын зэвсэгт дайчид гэх мэт.
Ийнхүү Сирид шиит шашинтны зэвсэгт гинжин холбоо үүсчээ. Энэхүү гинжин хэлхээг, тодорхой нэр заавал Иран–Ирак–Сири–Хэзболла-г таслах гэж 2013 оны турш чармайгаад бүтсэнгүй. Цаад нууц ноёнтон нь ортодокс үнэн алдартны Орос болж таарах уу? Дамаскийн эсрэг маш сонин эвсэл үүсэх шахлаа. Түүхнээ өмнө нь байгаагүй. “АНУ–Франц–Израиль–Арабын консерватив монархууд–Турк” гэсэн христосын, жүүдийн, мусульманы эвсэл 2013 онд бүрдэхийн хүн төрөлхтөн үзэж гайхшрахын даваан дээр байна. Иран–АНУ-ын харилцааны сайжралыг дагалдаад Израиль–Саудын Арабын цэргийн эвсэл бүрдэхэд яг бэлэн байна. Хүн төрөлхтөн загалмайтны григориан тооллоор 2013 оноо үдэж байна. Жүүдийн Рошха-Шан тооллоор 5774 он, лалын хижрийн тооллоор 1434 он дээрээ явж байна. Энэ түүхэн мөчлөг дээр христос– жүүд– мусульманы их эвсэл бүрдэж ертөнцийн чихийг сортолзуулах юм биш байгаа?
Төгсгөлд нь Барак Обамагаас эшлэе. 2013 он АНУ-ын гадаад бодлогыг сорьсон, өдөн дуудсан он болсныг Обама өөрөө хүлээн зөвшөөрчээ. Сирийн химийн зэвсгийг устгах болсон, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ хийхээр Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярьснаа 2013 оны гол онцлох үйл явдал хэмээн тэрээр үзжээ. Хятадын шинэ удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийсэн, Н.Манделаг хөдөөлүүлэх ёслолд оролцохоор Өмнөд Африкт очсон, G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Орост очиж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан, НҮБ-д үг хэлэхдээ АНУ-ын глобал бодлогод дургүйцэх явдал буйг хүлээн зөвшөөрсөн гэхчлэн тэрээр ярьснаас гадна Сирид АНУ ялагдал хүлээлээ хэмээн Жон Хопкинсын сургуулийн профессор Даниель Сервер дүгнэсэн нь анхаарал татлаа. Сирид Асадын эсрэг экстремистүүд давамгайлж байгаа нь ноцтой асуудал үүсгэж, Сирийн мөргөлдөөн хөрш Ирак, Иордан, Турк, Ливаны төрийн бүтцийг ганхуулж, эрсдэлд оруулж буйг энэ эрдэмтэн 2013 оны голлох үйл явдлаар нэрлэжээ. 2014 онд ч ялгаагүй дэлхий нийтийн анхаарал Сири дээр төвлөрнө. НҮБ-ын ивээл дор болох Сирийн энх тайвны бага хурал гол үйл явдал болно. Мөн америк цэргээ гаргасны дараахи Афганистан анхаарлын төвд үлдэнэ. АНУ-аас Афганистан, Пакистан, мөн Хятад, Оростой тогтоосон харилцааны хэлж таашгүй бүрхэг байдал АНУ-ын гадаад бодлогыг үргэлжлүүлэн сорих ажээ.
эх сурвалж: bayarkhuu.niitlelch.mn
URL: