2013 оны отгон хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын 2013 оны отгон хуралдаан өнөөөдөр өдөр болж, дараах шийдвэрүүд гаргалаа.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг цахимжуулна

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүн харуулсан юм. Одоогийн эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулж байна. 2008 онд 45 мянган хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол 2013 он гэхэд энэ тоо хоёр дахин өсч, бүртгэлийн байгууллага өдөрт 220 орчим хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна.

Жил ирэх тутам ачаалал нэмж буй энэ ажлыг цахим хэлбэрээр хийвэл төвөг чирэгдлийг багасгахаас гадна төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо цаасгүй, шуурхай хэлбэрт шилжиж, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим сан бий болох гэх мэт олон хэлбэрээр эдийн засагт өгөөж өгнө.

Шинэ хуулийн төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, мэдээлэлд нь оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохгэх мэт бүх харилцааг цахим хэлбэрээр хийхээр зохицуулжээ. Хууль батлагдсанааар хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, олон газар хийдэг байсан ажлыг нэг газарт нэгтгэж, гэрчилгээг цахим хэлбэрээр илгээдэг болно.

Хуулийн төсөл боловсруулахдаа Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд эхний долоон байр эзэлсэн орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулж үзсэн тул олон улсын жишигт нийцсэн зохицуулалт болно гэж Засгийн газар үзэж байна.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталлаа

УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгасан 19 зорилтын хүрээнд 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр энэ төлөвлөгөөнд тусгажээ. Ингэхдээ салбарын яам, агентлагийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг ангилан салгаж, зөвхөн Засгийн газрын эрх хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай заалтуудыг төлөвлөгөөнд оруулжээ. Тухайлбал, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, протоколуудад нэгдэх, шинээр эрх зүйн зохицуулалт бий болгох, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд батлах, энэ салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх, нөхөн олговор олгох, хөнгөлөлттэй зээл, тусламж олгох зэрэг асуудлууд төлөвлөгөөнд багтсан байна.

 

“Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг ирэх онд тэмдэглэнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил” болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Жилийн ажил зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахална.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат харилцааны 65 жилийн ойг өргөн агуулгатай тэмдэглэхээр ярилцсан юм. Жилийн арга хэмжээний хүрээнд талууд  харилцан соёлын өдрүүд, өсвөр залуу үеийнхний спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, үе үеийн элчин сайдуудын дурсамжийн цуврал нэвтрүүлэг хийнэ. Мөн Монголын хөрөнгө оруулалтын уулзалтыг Бээжин хот, Ляонин мужид хийж, монголч эрдэмтдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хэрэгжүүлэх төслүүдийн

бэлтгэл хангахыг даалгалаа

 

Төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэлийг оны эхний хоёр сард багтаан хангахыг Засгийн газрын хуралдаанаас яам, агентлагуудад үүрэг болголоо.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний дотор эцэслэж бэлэн болгоно. Үүний тулд төлөвлөгөөнд багц дүнгээр туссан ажил тус бүрийг байршил, хүчин чадал, санхүүжих дүнгээр нь нарийвчилж 1 дүгээр сарын 5-ны дотор, орон нутаг, харъяа агентлаг руу эрх шилжүүлэх арга хэмжээний саналыг 1 дүгээр сарын 7-ны дотор тус тус гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх үүргийг Төсвийн Ерөнхийлөн захирагчдад өглөө. Түүнчлэн, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний бэлтгэлийг 1 дүгээр сард багтаан хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Бэлтгэл нь хангагдсан төслүүдийн худалдан авах ажиллагааг оны эхнээс шуурхай зохион байгуулах, барилгын ажлыг 4 дүгээр сарын 1-нээс хоцроолгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Товчхон:

·     -   Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хууль батлагдсанаар банк санхүүгийн тогтолцоон дахь хууль бус мөнгөн хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураах, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох эрх зүйн зохицуулалт бий болно.

 

·     -  Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Инженерийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ. Инженерийн мэргэжилтний хэрэгцээ шаардлагыг яамдын саналыг үндэслэн тодорхойлох, төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх үе шатыг Японы талтай тохиролцохыг БШУ-ны сайдад даалгалаа. Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих гэх мэт чухал бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүдийг энэ төслийн хүрээнд бэлтгэх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих