Э.Алтаншагай: Иргэд хувьцаа ч үгүй, нэг сая төгрөг ч үгүй үлдэх гээд байна
Зарим иргэн нэг сая төгрөгөө авъя гэдэг санал гаргасан. Засгийн газраас хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад нэг сая төгрөг өгөх тогтоол гарч, энэ асуудал шийдэгдсэн.
Ингээд 300 мянган иргэн нэг сая төгрөгөө энэ тогтоолын дагуу авчээ. Үлдсэн 1.5 сая иргэн нэг сая төгрөгөө авъя, хувьцаагаа буцааж зарна гэдэг өргөдлийг хороогоороо дамжуулж өгчээ.
Энэ асуудлыг хэрхэн шийдэх гарцын талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийг үүсгэн байгуулагч Э.Алтаншагайгаас тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа ч үгүй, нэг сая төгрөг ч үгүй хоцрох гээд байгаа иргэд хаана хандвал зохих вэ?
-Инфляцийн өсөлттэй холбоотойгоор жилийн өмнөх сая төгрөг, өнөөдрийн сая төгрөгтэй тэнцэхгүй учраас больё, хувьцаагаа авъя гэдэг шийдвэрийг иргэд гаргаж байна. Ингээд үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцаагаа авъя гэхээр хувьцаа нь үнэт цаасны дансанд орохгүй блоклогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, та хувьцаагаа зарна гээд өргөдлөө өгчихсөн байна шүү дээ гэдэг. Ингэхээр тухайн иргэн хувьцаа ч үгүй, нэг сая төгрөг ч үгүй хоцрох гээд байна.
-Энэ асуудлаар танай төвд одоо хэчнээн иргэн хандаад байна. Асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
-Манай байгууллагын удирдах зөвлөл хуралдаад өргөдлийн маягт баталсан. Энэхүү маягтын агуулга нь маш энгийн. Засгийн газарт нэг сая төгрөгөө авахаа больё, хувьцаагаа авъя л гэж хандаж байгаа юм. Энэ өргөдлийн маягтыг ганцхан сарын дотор 500 орчим хүн бөглөж өгөөд байна. Бид эдгээр өргөдлийн эхний ээлжийг ирэх он гарангуут Засгийн газарт өгнө.
Ардчилсан төр, засаг хоёр сонголтыг өгсөн ч ирэх оны төсөвт иргэдэд өгөх нэг сая төгрөгийг суулгаагүй. Харин 2016 онд өгч магадгүй. Гэхдээ тэр үед энэ хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжигдаад нэг ширхэг нь 10 мянган төгрөг болчихсон байхыг үгүйсгэхгүй.
-Засгийн газарт наймаагаа буцаах сонирхол бий гэдэгт та нар итгэлтэй байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд хувьцааг нь эргүүлэн өгөх боломжтой. Яагаад гэвэл, жилийн өмнө 1,5 сая иргэн өргөдлийнхөө дагуу нэг сая төгрөг авах ёстой байсан. Гэтэл энэ мөнгийг өгөлгүй бүтэн жил өнгөрлөө. Тиймээс бүтэн жил тэвчээртэйгээр хүлээсэн наймаагаа буцаах эрх бидэнд бий. Хувьцаагаа буцааж авъя. Угаасаа бид мөнгөө аваагүй учраас хэлцэл дуусаагүй гэсэн үг.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: