Сарын цалингаараа шинэ жил тэмдэглэх нь монголчуудын хувьд юу ч биш
Шинэ он гарахад ердөө тавхан өдөр үлдлээ. Энэ баярыг монголчууд үндэсний томоохон баяруудаасаа дутахааргүй өргөн тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Бүх насныхны баяр учраас гэр бүлийнх ч гэж хэлж болно. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-нд баярын ширээгээ засч, гэр бүлээрээ баярладаг.
Баярын ширээ аль болох өнгөлөг, дүүрэн байхын хэрээр ирэх ондоо хангалуун цатгалан байдаг хэмээн бэлэгшээж, үүнд ихээхэн анхаарал хандуулдаг. Зөвхөн ширээ засах төдийгөөр зогсохгүй хүүхдүүддээ гацуур мод засч өгч, амттан алаглуулсан бэлэг авч өгдөг
Энэ мэтээр шинэ жилийн баяр монголчуудын халаасыг хоосолдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин наймаачдын хувьд эсрэгээрээ халаасаа түнтийлгэх боломж буюу орлогын оргил үе нь.
Тиймээс тэд энэ боломжийг алдалгүй худалдаж буй бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөө ч мэднэ. “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр 18.00 цагийн үед очиход хүнсний лангуунууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хотын төвд байрлалтай бөгөөд ажлын цаг тарах үе байсан болоод ч тэр үү.
Хүнсээ цуглуулж яваа хүмүүсээс үнэ ханш ямар байгааг сонирхвол “Энэ жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ угаасаа л өссөн. Гэхдээ баяр дөхсөн болоод тэр үү, амттаны үнэ бүр ч өсчихсөн юм шиг байна” гэцгээж байв. Харин өөрөө худалдан авалт хийх гэж буй мэтээр хүнсний бүтээгдэхүүний үнийг сонирхвол, гурил, будаа, хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
Харин бараг хүнсний лангуу бүр дээр төрөл бүрийн савлагаатай бэлэг 2500-20000 төгрөгийн үнэтэй байв. Бэлэгний үнэ сонирхоод зогсч байтал нэг эгч хажууд ирээд надтай зэрэгцэн бэлэг сонирхсон юм.
Түүнийг Г.Нарангэрэл гэдэг. Шинэ жилийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг, ойролцоогоор хэчнээн төгрөгөөр гэрийнхнээ баярлуулдаг болохыг түүнээс асууж, түр ярилцахыг хүссэн юм. Тэрбээр хоёр тор дүүрэн хүнс цуглуулчихсан явж байсан ч төвөгшөөлгүй ярилцлаа.
-Та өдөр тутмын хүнсээ цуглуулаад явж байна уу, баярын бэлтгэлээ базааж явна уу?
-Өнөө маргаашийн хоолны бүтээгдэхүүнээ л цуглуулж явна. Гэхдээ баярын ширэндээ хэрэгцээтэй зарим зүйлээ авч чадлаа. Жишээлбэл, баяраар гэрийнхэндээ хийж өгөх салатныхаа майонезыг авсан.
Бас тавгийн чихэр, том савтай жүүс зэргээ авчихлаа. Баяр дөхчихөөр майонез, оргилуун дарс, өндөг зэргийн оочер дараалал нь дийлдэхээ больж үнэ нь өсчихдөг. Заримдаа бүр олдохоо больчихдог шүү дээ.
Танайх шинэ жилийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?
-Боломжоороо сайхан тэмдэглэхийг л хүсдэг. Ялангуяа хүүхдүүд энэ баярыг тэсч ядан хүлээдэг болохоор тэднийгээ сайхан баярлуулчих юмсан гэж боддог. Гацуурыг нь засч өгнө, хэр боломждоо таарсан бэлэг авч өгнө.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдийн бэлгийг хэдэн төгрөгт тааруулан сонгох гэж байна?
-Манайх гурван хүүхэдтэй. Том нь оюутан л даа. Ямар оюутан болсон гээд бэлэг авч өгөхгүй ганцааранг нь бүлтийлгээд орхилтой биш. Гурвууланд нь ижилхэн бэлэг авч өгөх болно. Тиймээс дундаж үнэтэйг нь л сонгоно доо. Нэг бэлгийг 10 мянган төгрөгт тааруулаад авна гэж бодсон ч олигтой юм олдохгүй шинжтэй. Би айлын том болохоор дүү нарынхаа хүүхдүүдийг баярлуулах болдог. Тиймээс хүний өөрийн хэдэн хүүхдүүддээ амттангуудыг нь авч байгаад өөрөө бэлэг боосон нь дээр юм шиг санагдлаа.
-Юмны үнэ хэр байна?
-Чихэр шоколад, компот зэрэг амттаны үнэ жаахан өссөнийг эс тооцвол гайгүй л байх шиг байна шүү дээ.
-Танайх шинэ жилийн баярыг ойролцоогоор хэчнээн төгрөгөөр тэмдэглэдэг вэ?
-Яг тооцож үзэж байгаагүй юм байна. Гэхдээ энэ жилийн хувьд 300-400 мянган төгрөг шаардагдах юм шиг байна. Бууз, салат хийж, закуск бэлтгэнэ. Чихэр, жимс, торт, ундаа, оргилуун дарс зэргээр ширээгээ чимдэг. Энэ бол бараг тогтмол авдаг, хийдэг зүйл нь. Өөрийн гурван хүүхдэдээ бэлэг авна, дүү нарынхаа хүүхдүүдэд ч бэлтгэж тавина. Манай дүү нар шинэ жил, цагаан сараар цуглацгаадаг юм. Тиймээс ширээгээ аль болох дүүрэн байлгах гэж хичээдэг. Хоолоо ч арвин хийх шаардлагатай болдог.
-Өмнөх жилүүдэд ч өдий хэмжээний мөнгөөр шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан уу?
-250-300 мянгаар хүргэчихдэг байсан. Энэ жилийн юмны үнэ өссөн шүү дээ. Тиймээс мянган төгрөгөөр илүү байна л даа. Энэ бол бүл, ах дүүстэйгээ баярлах төсөв. Түүнээс гадна хүүхдүүдийн сургуулийн шинэ жил, өөрсдөө ажлынхантайгаа баярлахад багагүй мөнгө ордог шүү. Шинэ жилийн төсөв үүгээр хязгаарлагдахгүй шүү дээ.
-Та хувийн байгууллагад ажилладаг уу, сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Тийм ээ. Хувийн байгууллагад ажилладаг. Сарын цалин гэж 550 мянган төгрөг авдаг.
-Бүтэн сарынхаа цалингаар Шинэ жилээ тэмдэглэдэг хэрэг үү?
-Сарын цалин байтугайг нь зарцуулна шүү дээ. Нөхрийнхөө цалингаас ч нэмэрлэнэ.
URL: