Н.Батболд: ТЕГ-ынхан толгойд хар даавуу углаж, гар гавлаад бүтэн өдөр суулгасан

Түүхэн кино хийх хүсэл эрмэлзлээсээ болж “Онц хүнд гэмт хэрэгтэн” гэгдэж шүүгдэх болчихоод байгаа “Галдан Бошогт Хаан” сан ТББ-ын тэргүүн Н.Батболдтой ярилцлаа. 

1538682_467793006662932_1205134913_n

-Хэдхэн сарын өмнө “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэдэг кино хийж явсан хүн яагаад өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт ор­­чихдог байна аа? 

-Тагнуулын Ерөнхий газраас намайг өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд барьж саатуулсан. Эрүү­гийн бай­цаан шийтгэх тухай хуулийн 82.1-т заас­наар төр зас­гийн эрхийн хууль бусаар авахыг завд­сан, хуувилдаан зохион байгуулсан гэх ямар ч ор үндэслэлгүй зүйл ангиар сэжигтнээр татан бүтэн 1.8 жил шалгаж, байцаалаа.

Үнэнийг хэлэхэд улс орон болон нийгэмд ямар нэгэн хохирол  учруулаагүй учир хэвлэл, олон нийтэд хандахгүй өдийг хүрсэн юм. Гэтэл маргааш буюу энэ сарын 26-нд шүүх хурал болж, биднийг хий­гээгүй хэргийн төлөө хилс хэргээр яллах гэж байна. Тиймээс яах аргагүй хэвлэл мэдээлэлд хандаж байна даа.

-Тэгэхээр  хийгээгүй хэр­­гийн тань төлөө ял оноож, хилс хэрэгт унагах гээд байгаа болж таарах нь ээ?

-Тийм ээ. Уг нь би Гал­данбошогт, Энх-Амгалан хаан, Өндөр гэгээн Зана­базар болон өөрөөр хэлбэл тухайн үеийн Монголын ноёд түш­­­мэдүүдийн хоо­рондын тэмцлийн тухай кино хийж өөрөө тоглох хүсэлтэй явсан. Учир  нь  би   Галдан­бошогт хааны төрсөн дүү болох Доржзовджамин гэ­­дэг хү­ний удмын хүн байгаа юм. Энэ ч үүднээсээ “Галдан Бошогт Хаан” сан ТББ-ыг 2008 онд бай­гуулсан. Би Ховд айм­гийн Эрдэнэбүрэн сумын уугуул. 1995 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Дараа нь Удирдлагын академийг 2006 онд Биз­несийн   удирдлага  мэргэж­лээр магистер хамгаалсан. Ирэх жил Галданбошогт хааны мэндэлсний 370 жил болно. Энэхүү түүхэн ойд нь зориулж  кино хийх гэсэн биш ийм байдалд хүрчихлээ.

-Зүгээр л түүхэн кино хийх хүсэл, эрмэлзэлтэй явсан хүн яаж яваад төрийн эсрэг гэмтэн болчихсон юм бэ. Та жаахан дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Галданбошогт хааны тухай түүхэн кино хийх гэж явахдаа найруулагч Бадамрагчаатай танилцсан. Улмаар Бадамрагчаагийн “Суудал” нэвтрүүлэгт орсон юм. Гэхдээ “ETV” телевизийн энэхүү  нэвтрүүлэгт олон хүн оролцсон л доо. Тухайн үед Бадамрагчаа найруулагч гурван хуудас цаас авч ирсэн байдаг. Тэнд нь нэвтрүүлэгт бэлт­гэсэн сэдэв, асуултууд байсан. Би нийгмийн асууд­лыг сонгож ярилцсан. Ту­хайн үед Бадамрагчаагийн асуусан асуултад хариулж, өөрийн  үзэл бодлоо л хэлсэн. Гэтэл энэ  нэвтрүүлэгт оролц­сон гурав нь ийм асуудалд холбогдоод байна.

-ТЕГ-аас таныг өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд сэжигтнээр татсан байдаг. Тухайн үед найруулагч Бадамрагчааг ч бас саа­туулсан биз дээ?

-Тэгсэн. Тэр нэвтрүүлгийн дараа биднийг ТЕГ-аас саа­туулсан. Ингэхдээ бидэнд урьдчилж ямар нэгэн зүйл хэлээгүй, бичиг ирүүлээгүй. Өглөө ажилдаа явах гээд гэрийнхээ гадаа байхад багтай хэдэн залуу хүрч ирээд шууд толгойнд хар даавуу углаж, гав зүүгээд л аваад явсан. Тэгээд болоогүй бүтэн өдөр гавтай, толгойд минь хар даавуу углаатай байлгасан. Би юу болоод байгааг үнэхээр ойлгоогүй.  “Та нар чинь юу болоод байна аа, хүнтэй андуурсан юм биш биз” гэхэд шууд л “Та хэргээ хүлээ” гэсэн. “Ямар хэрэг” гэсэн чинь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82.1-т зааснаар төр засгийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жилээр яллана“ гэсэн зүйл анги уншсан. Тухайн үед ТЕГ-ын Мөрдөн байцаах тасгийн  дарга Цогтбаатар гэдэг хүн байсан.

-Та авлига, хээл ха­хуулын хэргээр шалгаг­даж бай­гаа гэх Д.Цогтбаатарыг хэлж байна уу?

-Тийм ээ.  Энэ  хүн өнөөдөр өөрөө авлигын хэр­гээр шал­гаг­даж байгаа. Шууд­­хан хэлэхэд энэ нөх­рийг л албан тушаал, эрх мэдлээ ашиглаж гэм зэмгүй биднийг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэж байна гэж бодож байгаа.

-Та бүхнийг хилс хэ­рэгт гүтгэх нь ямар ач хол­богдолтой гэж?

-2012 оны УИХ-ын ээл­жит сонгуулийн өмнө шоу, синсаци тарьж албан ту­шаалаа ахиулах гэж л бид­нийг хүн үнэмшмээргүй ийм хилс хэрэгт гүтгэсэн. Өөрөөр хэлбэл тэр хүн нэр төр, албан тушаал авах гэж хүний амьдралыг юман чи­нээ бодохгүй  байна шүү дээ.

-Таныг хоригдох үед Цэнгэл гэсэн нэр гарч бай­сан санагдана. Та тэр хү­нийг хэр сайн мэдэх вэ?

-Цэнгэл гэж өвөрмонгол залуу бий. Тэр яг нэг жил, хоёр  сар 23  хоног  хоригдсон. Үнэндээ  30  хо­ногийн хуурай өлсгөлөн  зарлаад үхэх ша­хахад нь гаргасан юм билээ. Би Цэнгэл гэдэг хүнтэй   найз  биш. Най­руулагч Бадам­рагчаагаар дам­­жуулж 2-3 удаа л уулзсан. Гэхдээ  хүнийг  хилс  хэ­рэгт гүтгэж байгаа ч гэсэн наана  цаадахыг нь  бодож үзэх  хэрэгтэй  баймаар.

Манай   улс чинь Парламентын за­саг­­­лалтай орон. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын төр засаг УИХ-ын 76 гишүүнтэй салшгүй холбоотой гэсэн үг.  Гэтэл гуравхан хүн 76 ги­шүүнийг огцруулж төрийн эргэлт хийхийг санаараж чадна гэж үү. Яаж ч бодсон боломжгүй зүйл биз дээ.

-Шүүх хурал маргааш болно. Таны хэрэг дээр хэн гэдэг өмгөөлөгч ажиллаж байгаа вэ?

-А.Ганбат гэж өмгөөлөгч бий. Хүнийг гүтгэж, дормж­лоод зогсохгүй эрхийг маань бүдүүлгээр зөрчсөн үйлдэл олныг гаргаж бай­на. Тухайлбал яллах дүг­­­нэлт гэдэг зүйлээ бидэнд гардуулж өгөөгүй. Зөвхөн та­нилцуулчихаад л далд хий­­чихсэн. Гэтэл тэр яллах дүгнэлтэд  нь  төрийн нууц­тай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байгаагүй.

-Та сая яллах дүгнэлтэд төрийн нууцтай холбоотой нэг ч материал байгаагүй гэж хэллээ. Үүнийгээ жаа­хан тодруулахгүй юу? 

-Үнэхээр төрийн эсрэг өдүүлсэн  ямар ч  мате­риал бит­гий хэл үг, үсэг ч бай­гаагүй. Хэдхэн  хү­мүүсийн яриа, гэрчийн мэ­дүүлэг зэрэг л байсан. Наад зах нь найруулагч Бадам­рагчааг ТЕГ-аас ганц худагт сууж байхад нь Энхтөр бай­цаагч нэг хүнтэй ирж бич­гийн хэвийг чинь шалгана гэж баахан юм бичүүлчихээд гарын үсэг зур гэхэд нь Бадамрагчаа гарын үсгээ зураагүй тэр материалыг ял­лах  дүгнэлтэд оруулчихсан явж байх жишээтэй.

Ийм муухай аргаар хү­нийг онц хүнд ноцтой гэмт хэргээр яллах гээд байна. Үүнийг төр засаг мэдээсэй, дуулаасай гэж бодож байна.

-Гэхдээ өнгөрсөн хуга­цаанд шүүх хурал хэд хэдэн удаа тов­логдсон ч болоогүй гэж сонссон юм байна?

-“Нотлох баримт хангалт­гүй” гэх үндэслэлээр шүү­хээс хоёр удаа буцсан. Харин энэ удаа прокуророос эсэргүүцэл бичиж, улмаар шүүх хурлыг товлож байх шиг байна. Бид нийгэмд хор хохирол учруулаагүй. Биднийг баригдсаны дараа манай ажил болон гэрийг нэгжсэн.

Манайхаас үнэндээ нэг ширхэг сумны хэлтэрхий ч олоогүй. Үнэнийг хэлэхэд над мэтийн 40 гарчихсан хүн үлдсэн насаа, тэр тусмаа хилс хэргээр торны цаана өнгөрүүлнэ гэдэг нь цаазалж байгаагаас ялгаа алга. Тиймээс үүнийг эрх мэдэл бүхий, хууль тогтоодог хүмүүс нь анхааралдаа аваасай гэж хүсч байна.

-Хэвлэлд хандахаас өм­нө хуулийн болон хүний эрхийн байгууллагад ханд­сан уу?

-Хүний эрхийн Үндэсний комисст хандсан. Цаашдаа Олон улсын хү­ний эрхийг хамгаалах  газруудад  хандах бодолтой байгаа. Хамгийн инээдтэй нь биднийг нууц задруулж болохгүй гэж гарын үсэг зуруулах гэж оролдсон.

-Нууц задруулах гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Бид зураагүй. Өөрсдийн­хөө тухай олон нийт, хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэсэн утгатай  юм билээ. Энэ чинь хүний эрх, эрх чөлөөг хэт зөрчиж байна шүү дээ.

-“Суудал” нэвтрүүлэгт орохдоо хамаагүй юм ярьчихсан юм уу?

-Янз янзын сэдэв, асуулт санал  болгоход  нь  арай өргөн хүрээтэй юм гээд нийг­мийн амьдрал, өнөөгийн байдлын талаар ярилцъя гэсэн юм. Тухайн үед “ Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж Чингис хаан хэлсэн гэж манайхан ярьдаг.

Гэтэл үнэндээ “Сэтгэлийг засаад биеийг зас, биеийг засаад гэрийг, гэрийг засаад төрийг зас” гэсэн Нанхиадын  Күнзийн хэлсэн үг гэх зэргээр нэлээд шүмжлэлтэй ярьсан л даа. Гэтэл  энэ нэвт­рүүлгийн тухай гурван хуудас материалыг ТЕГ-аас төр эргүүлчихээд хийх гэж байсан ажлууд чинь энэ үү гэж найруулагч Бадамрагчаад тулгаад бай­гаа.  Гурван  сая хүрэхгүй монгол­­чууд  бид нэг нэг­нийгээ хайр­лах хэрэгтэй. Бие биенээ үл хүндэлж, хоорондоо алалцаад байвал Монгол Улс яаж амар ам­галан байж, яаж хөгжих билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын иргэн үзэл бодол, итгэл үнэмш­лийнхээ төлөө хэлсэн үгэндээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй” гэж  заасан  байдаг.  Уран бү­тээлч бид сэтгэлийн хөөрөл, фантастик ихтэй хүмүүс. Түүнээсээ болоод нийг­мийн болж бүтэхгүй  зүй­лийг янз бүрээр ярьж, хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл биднийг  их муухай, муйхраар гүтгэж хүний амьдралыг хярамцаг болгож байна даа.

лого


URL:

Сэтгэгдэл бичих