Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.12.26/ нэгдсэн хуралдаан 10 цагт 55.3 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр батлав. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг хэлэлцэж, нэр дэвшигчдийн танилцуулгыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1,2, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.5-д заасныг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох тухай асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгчдээс саналыг нууцаар хурааж, дүнг илтгэх комиссын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 62 хувийн санал авсан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Дамдинсүрэнгийн Солонго, 53 хувийн санал авсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Шарын Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснийг өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд зуун хувийн саналаар дэмжсэн юм.
Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн Д.Солонго 55 настай, 1966-1976 онд нийслэлийн 10 жилийн 21 дүгээр дунд сургууль, 1977-1983 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн хууль зүйн факультет, 1979-1980 онд Москвагийн их сургуулийн дэргэдэх Улс төрийн их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Тэрээр 1983 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2000 оноос мөн сургуулийн Эрдмийн зөвлөлд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2007 оноос Төрийн захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, 2011 оноос захирлаар ажиллаж байгаа аж.
Харин нэр дэвшигч Ш.Цогтоо 59 настай, 1975 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн сургууль, 1976-1981 онд ЗХУ-ын Воронежийн их сургуулийн хуулийн анги, 1985 онд Москвагийн хуулийн удирдах ажилтны дээд курс, 1986-1988 онд Намын дээд сургуулийн захиргааны анги төгссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, профессор цолтой.
Тэрээр 1981-1986 онд Сүхбаатар аймгийн гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, 1988-1992 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын их сургууль, Удирдлагын академид багш, ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, 1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2002-2013 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Төрийн захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, 2013 оноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигчдийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, Н.Батцэрэг нар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүн Ц.Даваасүрэн олон шавь бэлтгэсэн багш, судлаач хүмүүсийн хувьд үлгэр жишээ болж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлээд иргэний эрх ашгийг хамгаалж ажиллахыг захисан бол гишүүн С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийг шүүх хэлбэрээр нь байгуулж чадаагүйгээс тухайн үеийн эрх баригчдын эрх ашигт тааруулсан, Үндсэн хуулийн эрх зүйгээс гажсан шийдвэрүүд гаргаж байсныг анхаарч ажиллах, гишүүн Ц.Оюунбаатар өнгөрсөн хугацаанд цэц алдаа оноотой ултөржсөн, эрх баригчдаас шууд шалтгаалсан нөлөөлөлтэй шийдвэрүүд гаргаж байсныг дурдаад цэцийн гишүүнээр томилуулахаар хэн санал болгосноос үл хамаарч шударга, хүний эрхийг дээдэлж хариуцлагатай ажиллахыг захилаа.
Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад нэр дэвшигч Ш.Цогтоог хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь, Д.Солонгыг 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжлээ. Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: