Ш.Сайхансамбууг өмөөрөх үү, эс өмөөрөх үү

“Нарантуул”-тай хаяа дэрлэх “Дүнжингарав”-ыг яагаад шалгадаггүй юм
Монголын бизнесийн ертөнцөд цөөн акулуудын нэг гэж болох Ш.Сайхансамбуу нэг л биш ээ. Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатаа завханд “өвдөг шороодсон” Т.Балдан-Очирт алдсан цагаас л түүний суудал нь хазайж эхэлсэн юм болов уу. Шороотой бөхөд тахимаа өгснөөс энэ бүгд удаан үргэлжилж байгаа бололтой. Ийн нэр дэвших эрхийн мандатаа өгч байхад 2012 оны тавдугаар сар байсан. Гэтэл өдгөө 2013 он дуусах гэж байна. За энэ ч яахав, өнгөрсөн хэрэг. Саяхан түүний тэргүүлдэг “Нарантуул” худалдааны төвд гал гарч, их хэмжээний хохирол учирсан төдийгүй, хүний амь эрсэдсэн юм.

Тун удалгүй “Дэнжийн мянга”-д байрлах “Нарантуул-II” худалдааны төвд мөн л гал гарсан. Багагүй эрсдэл хүлээсэн “Нарантуул”-ын босс ч удаа дараагийн энэхүү үйлдлийг улстөрийн өнцгөөс харж байр сууриа илэрхийлсэн удаатай. Нийслэлийн МАН-ын дэд дарга гэх сул шахам албан тушаалаас өөр зүйлгүй хүний хувьд буруу ч өнцөг байж мэднэ. Тэгэхээр энэ байр суурийг нь харин өршөөхгүй байж болохоор ч юм шиг. Гэхдээ л улстөр, бизнесийн бүлэглэлийн зүгээс шидсэн чулуу байхыг бас үгүйсгэж болохгүй, өөрийнх нь тайлбарлаж байгаагаар шүү дээ.

Гэтэл арванхоёрдугаар сарын эхээр “Нарантуул” худалдааны төвд Мэргэжлийн хяналтын газраас гэнэтийн шалгалт хийсэн. Гэнэтийн шүү. Үүгээр эмх замбараагүй байдал ил задгай хог хаягдал их байна хэмээгээд энэ байдлыг арилгахад тодорхой хугацаа зааж өгсөн. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийж байгаа ч хэрдээ л зүдэрч яваа нөхрийн бизнесийг унасан дээр нь ийн дарамтлах хэрэг байсан уу гэх хүн ч цөөнгүй байсан юм. Яагаад гэхээр “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” гээд томоохон худалдааны төвүүдийн гадаад орчин ч “Нарантуул”-аас илүү гарна уу гэхээс дутахгүй шүү дээ. Гэтэл дээрх төвүүдэд гэнэтийн шалгалт оруулаагүй байж “Нарантуул”-ыг довтолдог нь бас учиртай байж болох. Үүгээр түүнийг өмөөрч болох талтай.

Харин шинэхэн мэдээлэл сөхөж суутал “Нарантуул”-д ахиад л Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийжээ. Энэ удаагийн шалгалтын овоо хараанд худалдааны төвийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон зочид буудал, мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэрэг төвүүд оржээ. Шалгалтын дүн мэдээж “онцмуу” байсан учраас холбогдох газарт шаардлага хүргүүлсэн байна. Ийнхүү худалдааны хоёр ч төв нь галд өртөж багагүй хохирол амссан бизнесменээ адлаад ч байгаа юм шиг. Нөгөө бол энэ Засгийн газар ажлаа сайн хийгээд ч байгаа юм шиг.

Уг нь “Нарантуул”-ын хаяа дэрлэн байх “Дүнжингарав” худалдааны төвд ч энэ байдал ажиглагдаж л байдаг. Гэтэл тус төвд шалгалт хийхгүй л байна. Тэр ч бүү хэл “Дүнжингарав” худалдааны төв нь зориулалтын бус газар хууль бус баригдсан объект шүү дээ. Тодотговол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр баригдсан. Хатан Туулын ай сав газарт баригдсан “Дүнжингарав” худалдааны төвд л энэ мэт шалгалт орж баймаар санагдах юм. Ихээхэн хэл ам дагуулж байж сая нээлтээ хийж байсан “Дүнжингарав” бэлээрээ гайхуулж 500 сэтгүүлч урьж, дайлж цайлсан. Тэгэхдээ сугалаа суглуулж, 100 сэтгүүлчийг Хайнаньд аялах эрх гардуулж байсан даа. Бэлээрээ гайхуулах ч яахав. Хууль бус газарт, бүр ундны эх үүсвэр дээр худалдааны төв барьчихаад сэтгүүлчдэд “Бидний хууль бус үйлдлийг битгий бичээрэй” хэмээн гэдэс гарыг цайлгаад зогсохгүй 100-гаар нь гадагшаа явуулж байна шүү дээ. Тус нээлтэд ундныхаа усыг сүйтгүүлж байгааг нь зөвшөөрч байгаа юм шиг хэд хэдэн улстөрчид сууж л харагдсан, дүүрчихсэн хогнууд. Энэ бүгдээ цэгцэлж, арга хэмжээ авахгүй байгаа учраас түүний дэргэд бол өчүүхэн алдаа гаргасан гэж болох “Нарантуул”-ын боссыг өмөөрч болохоор.

Мэргэжлийн хяналтын газраас ажлаа хийж байгааг буруутгах гэсэн хэрэг огт биш. Харин ганцхан “Нарантуул” гэх төвийг ахин дахин сонгоод байгаад л хамаг учир байна. Яг үнэнийг хэлэхэд ажлаа сайн хийж байгаа Мэргэжлийн хяналтынханг буруутгах уу, алдаж онож өөрийнхөө хүчээр бизнест хүч үзэж байгаа Ш.Сайхансамбууг буруутгах уу гэдэг асуудал зүй ёсоор тулгараад буй. Бүр цаад агуулгаар нь ажлаа “Нарантуул” хэмээх нэг цэг дээр төвлөрүүлж чадаж байгаа Засгийн газрыг өмөөрөх үү, алдсанаа нөхөж, алдаагаа засах гэж яваа “Нарантуул”-ын боссыг өмөөрөх үү гэдэг асуудал тулгарч байна л даа. Монголчууд эртнээс зүдэрсэн нэгэндээ тусалж явсан уу гэхээс биш, унасан дээр унагах гэдэг зан байгаагүй. Энэ бол эртнээс бидэнд өвлөгдөж ирсэн зан чанар. Өнөөдөл яагаад “Дүнжингарав” худалдааны төвд шалгалт хийхгүй байгаа юм. Тус газрын боссод асар их мөнгө байна. Бас чиг УИХ-ын гишүүний бүрэн эрх байна. Яах юм.

Үнэнийг хэлэхэд Ш.Сайхансамбууг Төрийн ордонд заларч байхад “Нарантуул”-д Мэргэжлийн хяналтынхан халдаж байсныг ердөө санахгүй юм. Гэтэл өнөөдөр юу болж байна вэ. Өнөөх “өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэнэ” гэдэг л болж байх шиг. Уг нь манайхаас бусад оронд бизнесменүүдээ асар их дэмждэг, тусладаг юм гэсэн. Бизнесмэнүүд бол тухайн орны нүүр царай хамгийн их хүндлэл хүлээсэн хүмүүс байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Зөвхөн Ш.Сайхансамбуу ч биш бусад бизнесмэнүүдэд ч ийм зовлон тулгарч байгааг бид мэднэ.

С.Баяр

 


URL:

Сэтгэгдэл бичих