Утаат нийслэлээсээ дайжсан Үүл Баатар хэзээ ирэх бол
Эрх мэдэлтнүүдийн ууланд дайжиж, утаанаас зугтах үзэгдэл бүр ч ил цагаан болжээ. Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн утаанаас зугтаж, АНУ-д гэр бүлтэйгээ амьдардаг болсон тухай атаархмаар мэдээ чих дэлслээ. Түүнтэй адилхан эрх мэдэлтэй, бас мөнгө ихтэй байсан бол би ч бас энэ хотын утаанаас бушуухан зугтмаар л байна. Даанч надад аль аль нь алга…
Уг нь Ардчилсан намынхан сонгуулийн үеэр утаанаас зугтах биш, бууруулах амлалтыг иргэдэд өгсөн юм. Ялангуяа хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд жил гаруй хугацаанд зөвхөн гэр хорооллын утааг бууруулах тухай ярьсан. Тухайлбал, хотын даргын тамгыг хоёр гардан авахдаа “Би нийслэлйн бүх гэр хорооллоор явна.
Хорт утааны 90 орчим хувь нь гэр хорооллоос гардаг учраас инженерийн шугам сүлжээнд холбох хэрэгтэй. Гэр хороолол гал түлэхээ больчихвол утаа багасна” гэж санаа зовниж буй дүр гарган давтан давтан хэлдэг байв. Гэтэл утааг бууруулах нь байтугаа утаатай нийслэлдээ ч Үүл баатар маань одоо алга гэнэ.
Үнэндээ түүнийг өнгөрсөн хугацаанд ярьж байсан шигээ ажиллаагүй, агаарын бохирдлыг бууруулах ямар ч ажил хийгээгүй гэдгийг Улаанбаатарын иргэд захаас авахуулаад шүүмжилдэг. Харин ч эсрэгээрээ түүнийг Ерөнхий сайдтай хамжин Багануурын нүүрсээр иргэдээ улам утаж байгааг бид мэднэ.
Үүнээс харахад Ардчилсан намынхан болоод хотын дарга Э.Бат- Үүлийг зөвхөн иргэдийн саналыг авахын тулд ийнхүү зоригтойгоор худал хэлсэн гэсэн дүгнэлтэд хялбархан хүрч болохоор байгаа юм. Тиймгүйсэн бол байгуулагдаад хоёр жил болох гэж буй Засгийн газар өдийд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бэлэн төлөвлөгөө гаргачихсан байх учиртай байлаа.
Үгүй ядахдаа “Утаа нь багасаагүй ч гэсэн хор нь буурсан” гэдэг итгэхэд ч бэрх хуурамч судалгаагаар иргэдийг төөрүүлэх гэж хичээхгүй байх байв. Гэтэл Засгийн газрын зүгээс шинэ жилийн баярын дараа агаарын бохирдолтой тэмцэх ажлын төлөвлөгөөгөө зарлаж, ард түмэнд танилцуулна гэж байгаа.
Тэгэхээр үлдсэн хоёр жил гаруйн хугацаанд нийслэлийн утааг тэд мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж дөнгөх ажээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид нийслэлийн утааг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна” хэмээн ам гарсан. Хэрэв энэ амлалтдаа хүрэхгүй бол зөвхөн надтай хариуцлага тооцоорой гэдгийг ч нэмж захисан.
Иймээс нийслэлийн хорт утааны хэмжээ ирээдүйд энэ Засгийн газарт дүн тавих хангалттай үндэслэл болж таарах нь. Мөн хэлсэн амандаа эзэн болж чадахгүй бол ирэх сонгуульд тэднээс төрийн эрхийг булаан авсан ч болох ажээ. Гэвч яг одоогийн байдлаар Ерөнхий сайдад Н.Алтанхуягт хэлсэн амандаа эзэн болох хийгээд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай ямар ч бодол алга.
Түүнчлэн улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдралаас уулын спорт түүний хувьд хувь илүү гэдгийг ч өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуяг сайд хангалттай баталсан билээ.
Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн товыг зарлах, сонгуулийн төсвийг батлах, Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалт зэргээс эхлээд улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг төрийн хэмжээнд ярилцах ёстой байсан боловч тэрбээр энэ бүхнийг үл тоон хүү А.Тулга, хүргэн Г.Дэнзэн нартайгаа ууланд авирааад алга болсон.
Тэдэнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарын 70 орчим хүнтэй баг явж, далайн түвшнээс дээш 2361.5 метр өндөрт орших Бурхан халдуныг зорин улмаар төөрч сүйд болох шахсан билээ.
Харин түүний энэ аялалд олон хүн дургүйцэж, ууланд тэнэхээс өөр хийх ажил Засгийн газарт их байгаа тухай дурссан нь ч бий. Үнэндээ түүний хувьд ууланд тэнэх гэдэг жинхэнэ хобби нь юм. Одоогоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтай таван богд”- оос эхлээд “Цэцээ гүний оргил”, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн уул нуруудад гараад байгаа юм.
Магадгүй дэлхийн хэмжээний ноён оргилд хөл тавьж үзэх мөрөөдөл тээж явдаг байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл Ерөнхий сайдтай ижилхэн хоббитой улстөрч мөн л манай улсад олон бий. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг уулын спортоор хэрхэн “өвчилж” байсан тухай хүн бүр мэднэ. Н.Энхбаяр “Ууланд авирах нь өөрөө өөрийгөө ялснаас эхэлдэг” гэж номлож байв.
Түүнд Ховд, Баян-Өлгийн зааг дээр байдаг Сайр хайрханы орой дээрээс цанаар бууж байсан сайхан цаг үе ч бий. Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайханы “Алтай таван богд ууланд авирахдаа чулуун дунд алмасын мөр байхыг харсан” гэдэг онигоог ч ард түмэн андахгүй мэддэг.
Тэгвэл тэдний энэ өвчлөлийг сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягаас дутахгүй Ч.Сайханбилэг, Ж.Батзандан нар шүтэх болоод байгаа ажээ. Монгол Улсын сайд Ч.Сайханбилэгийн тухайд Бурхан халдуны базаахгүй аяллаас гадна Отгонтэнгэр ууланд нууцаар авирсан гэдэг дам яриа “нисдэг” л юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Алтай таван богд, Мөнх хайрхан, Цамбагаравын оргилуудад гарч байсан тухайгаа сайрхах нь бас бий. Уг нь ч уулын спортоор хичээллэнэ гэдэг эрүүл мэндээс эхлээд олон зүйлд ашиг тустай гэдэг нь ойлгомжтой.
Гэвч улсын эдийн засгийн тамир муу, Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад эрх мэдэлтнүүд утаанаас зугтаж харийн орноос төрийн ажлыг явуулах, ууланд авирчихаад улсын мөнгө, улсын онгоцоор угтан тосуулдаг зэрэг нь төр иргэн хоёр ямар хол зайд оршин тогтнож буйг харуулах бас нэг нотолгоо ч байж мэдэх юм.
Д.Ганбаатар
Эх сурвалж: Үнэн.мн
URL: