Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртжээ

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас эрхлэн Швейцарын хөгжлийн агентлагийн цөлжилтийг сааруулах төсөл, Ногоон алт хөтөлбөр, Монголын бэлчээрийн менежментийн холбооны дэмжлэгээр зохион байгуулсан “УЦУ–ын улсын сүлжээний ажилтнуудыг бэлчээрийн эрүүл мэндийн үндэсний мониторингийн нэгдсэн арга зүйд сургах нь” сэдэвт гурван өдрийн сургалт Дархан хотод эхлэв. Сургалтад төвийн бүсийн таван аймаг Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Дархан–Уул, Улаанбаатар хотын Ус цаг уурын орчны шинжилгээний салбарын инженер, техникчид оролцож байна. “Бэлчээрийн үндэсний мониторингийн системийг бэхжүүлэх шаардлага, үйл ажиллагаа”, ”Мониторингийн цэг сонголт”, ”Бэлчээрийн үндэсний мониторингийн нэгдсэн арга зүйн шалгуур үзүүлэлт, аргачлал”, “Бэлчээрийн ургамал таних арга зүй, тэдгээрийн амьдралын хэлбэр, аж ахуйн бүлгээр ангилах нь”, “Бэлчээрийн мониторингийн шинэчлэгдсэн заавар, түүнийг хэрхэн мөрдөх тухай” зэрэг сэдвээр Монголын бэлчээрийн менежментийн холбооны мэргэжилтнүүд хичээл зааж байна.
Мөн үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсодролцоотой ярилцлаа.
–Сургалт явуулж байгаа гол зорилго юу вэ? Цөлжилтийн мониторинг хийх болсон шалтгаан?

–Швейцарын цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгээр энэ сургалтыг явуулж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цөлжилт, хуурайшилт эрчимжсэн. Тэр дундаа манай орны хувьд их эрчимтэй явагдаж байна. Яагаад гэвэл манай нутаг тунадас багатай төв Азийн цөлөөс Сибирийн тайга хүртэлх шилжилтийн зааг нутагт байдаг учраас цөлжилт эрсдэл өндөртэй байна. Биоэкологийн хүрээлэнгээс гаргасан судлагаагаар манай орны нийт нутгийн 70 орчим хувь нь цөлжилтийн ямар нэгэн хэлбэрт өртжээ гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл цөлжилтийг улсын хэмжээнд үнэлдэг арга зүй журам гээч юм байхгүй байгаа. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн жил ажлын хэсэг гаргаад, энэ журмыг боловсруулах хэсгийг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны болон төрийн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож ажилласан. Эндээс түр журам гарчихсан байгаа. Энэ нь монгол орны хэмжээнд мөрдөгдөнө.
Манай орны нийт нутгийн 80 орчим хувийг нь бэлчээр эзэлдэг. Тэгэхээр бэлчээр маань талхагдалд өртсөн байдаг. Энэ судлагааг газар дээр нь хийсэн ажиглалт хиймэл дагуулын мэдээллийг л зохицуулж ашиглахаас өөр боломж байхгүй. Энэ байдлаас үндэслэж, цөлжилтийн хяналт шинжилгээний заавар гэдгийг боловсруулж гаргасан. Үүнд гол нь бэлчээрийн ургамал, энэ чиглэлээр Монголд маш олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Арга зүй нь өөр хоорондоо харилцан адилгүй. Энэ бүгдийн үр дүнг ашиглахад хэцүү. Монгол улсад хөрсөн дээр хийсэн мониторинг гэж бараг байдаггүй. Хөрс, хөрсний анхан шатны шинж чанар, ургамалын мониторинг хийх арга зүйг нь боловсруулаад БОАЖЯ–ны Шинжлэх технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад, энэ оны 7 дугаар сарын нэгнээс мөрдөхөөр болж байна. Манай байгууллага 2002 оноос эхэлж улсын хэмжээнд 1550 гаруй цэг дээр ургамалын ажиглалтыг хийж эхэлсэн. Энэ ажиглалтыг цаашид өргөжүүлээд цөлжилтийн мониторингийг нь бий болгоно. Бидний хуучин хийж байсан ажиглалт маань нүдэн баримжааны голдуу байсан бол одоо хэмжил зүй, нарийн болгоод тодорхой хэмжээний багаж тоног төхөөрөмжөөр хангаад энэ ажиглалтыг 2011–2012 онд багтааж улсын хэмжээнд эхлэхээр сургалтуудыг хийгээд явж байгаа маань энэ гэв.

Б.Норовсамбуу


URL:

Сэтгэгдэл бичих