Парламент яг малын хашаа шиг…
Б.ДАМДИН-ОЧИР
Үнэ өслөө, гадаад өр нэмэгдлээ, авлига гаарлаа, валютын ханш өслөө… Иймэрхүү мэдээлэл сүүлийн нэг жилд эл дол болсон. Байдаг л юм… гэдэг шиг.
Чухам юундаа байна гэж ард түмэн санааширч, өмнөх засаг л ийм юм хийчихлээ гэж эрх баригчид чичилсээр нэгэн жилийг өнгөрөөв өө, хөөрхий.
Гэтэл энэ бүхний эзэд тов тодорхой ажээ.
2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр. УИХ-ын чуулган хуралдаж байна. Янз нь, тэр өглөө гишүүдийг хурууных нь хээгээр бүртгэжээ. Дээрээс нь МАН-ын зарим гишүүний микрофон нь ажиллахаа больсон юм байх. Хэлэлцэх асуудлын хамгийн эхнийх болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан, шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 05 дугаар дүгнэлтийг хальт мөлт яриад л араас нь дээрх “асуудал” залгав.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар үнэн худал түүх ярьж, “сургаал” айлдаад л. Хурууны хээгээр бүртгүүлдэг болж байгаа парламентаасаа ичиж байна гээд л. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэж айхтар том хүн “Та нар юу гээд байгаа юм бэ. Эд нарыг юунд яриулаад байна аа, дарга аа” гэж нөгөө намынхнаа зандраад л. А.Бакей нь болохоор “Хурууны хээгээр ирц авахгүй бол болохоо байсан. Харин хэн нэгэн сайд, эсвэл гишүүнийг огцруулах болохоор л бөөнөөрөө ингэж ирж байгаа юм ш дээ” гэж үнэнийг өгүүлээд л. Энэ мэтээр бөөн хэрүүл уруул болж байгаа харагдав.
Эцэст нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ тоолдог, бүртгэдэг төхөөрөмж худлаа хэлээд байна. Өнөөдөр 10 эмэгтэй гишүүн ирсэн. Тэд кнопоо дарахад 17 гэсэн тоо гарч байна. Парламент бол зөвшилцлийн байгууллага, зөвшилцье” хэмээн гуйж нэг үзээд, “Завсарлага авъя, хоёр хоног” гэж хойноос нь хэлснээр энэ өдрийн чуулган дууссан. УИХ-ын дарга З.Энхболд ч индэр дээр хоёр нохой зодолдуулж байгаа бооцооны эзэн шиг алхаа нэг барьж авч, нэг тавьж айлгаад л, инээд алдсан шиг л сууж харагдав. Ерөөс нэг ший жүжиг, эмгэнэлт драм шиг л өрнөж байв аа.
Энэ завсар Их хурлын Тамгын газрынхан гэж үйлтэй хэдэн хүн хэл амны бай болоод л. Дээрээс нь спикер зандраад л. Өглөөхөн гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь ав гэж лүндэндсэн спикер Ардын намынхныг тунингуут “Тэгвэл гар өргөж санал хураая. Алив, Тамгын газрынхан тоолоодох” гэж бужигнуулаад л. Уг нь тэр өдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл… гээд 14 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байжээ. Харамсалтай нь чадсангүй. Өөрөөр хэлбэл, тэд кноп, бүртгэл, хурууны хээнээс болж хэрэлдэх биш улс орны 14 чухал асуудлыг хэлэлцэж нэг тийш болгох ёстой байлаа.
Эдийн засагч Д.Жаргалсайханы хэлсэнчлэн “Далан зургаан Колумб” тэр өдөр үнэн төрхөөрөө ийн хуралдав. Хуралдах ч гэж дээ, алдарт Кристофер Колумб гуай шиг “Хаана очсоноо, яах гэж ирснээ мэдэхгүй…” сууцгааж байгаа нь тэр.
Монголоор хэлбэл, тавтай амарч, хивж хэвтэхийн тулд тарга хүчтэй нь ядруухнуудаа дээрэлхдэг, өвлийн шөнийг дулаан өнгөрөөхийн тулд бусдынхаа дээр гарч хэвтээд алчихдаг, баас шээсээ дураар асган, түүнээ зузаалж дулаан хэвтэр болгодог малын хашаатай манай парламент яг адилхан байв.
Speak out
Д.Самданжав /Сүхбаатар дүүргийн иргэн/
-Хурууны хээгээр ирц бүртгэх асуудал яриад байна. Монголын хууль гурван хоног гэдэг. Тэгээд хэд хоносны дараа гишүүд нь ирцээ бүртгүүлхээ болиод хээ уншдаг төхөөрөмж нь ямар ч хэрэггүй болох байх. Тиймээс баахан мөнгийг дэмий салхинд хийсгэнэ. Тэр мөнгөөрөө сургууль барих, оюутнууддаа зарцуулах нь зүйтэй. Ер нь УИХ-ын гишүүдэд хууль үйлчилдэггүй юм чинь энэ төхөөрөмжийг суурилуулах хэрэггүй. Ард түмнээ төлөөлж төрийн жолоо атгаж байгаа хүмүүс ийм асуудал ярьж байгаад жирийн иргэн хүний хувьд харамсч байна.
Г.Янжмаа /Чингэлтэй дүүргийн иргэн/
-Хурууны хээгээр ажилдаа сууна гэдгийг сонсоод ичиж байна. Надад бол ичих булчирхай байна. Тэр хүмүүст алга. Сонгуулиар гишүүд иргэдийн өмнөөс бүх л зүйлийг хийнэ гэж сайхан зүйл амлан гарч ирсэн. Заавал хурууны хээгээр биш ухамсраараа ажилдаа ирж болдоггүй юмуу. Гишүүдийн ажил бол албадан хөдөлмөр биш шүү дээ. Тэнд суусныхаа төлөө цалин авч байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Нэг өдөр ганцхан хүн ирсэн гээд зурагтаар гарч байсан. Би хоёр төрийн нүүрийг үзэхдээ ийм ичмээр зүйлтэй тааралдаж байсангүй. Ажилдаа суухаараа хэвлэл уншаад гар утас, компьютерийн тоглоом тоглоод сууж байдаг. Заавал шан харамж авч байж хуралд суух хэрэггүй.
Д.Бат /Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн/
-Гишүүд гадуур хувийн ажлаа хөөцөлдөөд ажилдаа ирдэггүй. Тиймээс албадаад ч болтугай ажилд нь ирүүлж хууль тогтоомжоо батлуулах нь зүйтэй. Гишүүд ард түмнээ төлөөлөөд төрийн ордонд сууж байгаагийнхаа төлөө өндөр цалин авч, үнэтэй машин унаж, тансаг амьдарч байгаа биз дээ. Бас тэрбум төгрөг авч байна. Сэхээтэн хүмүүс ийм хариуцлагагүй байгаадаа ард түмнээс санаа зовох хэрэгтэй.
Д.Цоохүү /Баянгол дүүргийн иргэн/
-Хамгийн хариуцлагатай байх хүмүүс нь УИХ-ын гишүүд. Түүнээс биш ард түмнээ төлөөлж гарч ирчихээд хувийн ажлаа хөөцөлдөөд гэр бүлээ аваад гадаадаар аялаад байх нь зохимжгүй. Энэ бол манай улс төр доройтолд орж байгаагийн шинж. Гадаадын улс оронд ийм зүйл болж байна гэж сонсоогүй. Өөрсдөөсөө биш юмаа гэхэд гадаадын улс орнуудаас ичих хэрэгтэй. Хурууны хээ уншуулсан уншуулаагүй ажилдаа ирэх л ёстой хүмүүс байгаа юм. Заавал хурууны хээ уншуулах болтлоо ухамсарын доройтолд орно гэж хүмүүсийн санаанд буухгүй.
URL: