З.Энхболд даргаа “Рио Тинто”-гийн захиалгыг гүйцэтгэх гэж оролдсон УИХ-ын “хаалттай хуралдаан” гэгчийнхээ тэмдэглэлийг ч архивлалгүй устгаа юу!
Монголын төрд шургалсан эх орноосоо урвагчид гадны захиалгыг хэрэгжүүлэх гэж улайрсандаа хуйвалдаанаа ч ил тод ярьж эхэллээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан “Улс төрийн тойм” сонины 2013 оны 12 дугаар сар 13-ны дугаарт өгсөн “Г.Баярсайхан: Төр хүнд ачаа үүрэхгүйн тулд “Оюутолгой”-н 34 хувиа зарах хэрэгтэй” гарчигтай ярилцлагадаа “…алтаа гадагш гаргаж болохгүй, зөвхөн Монгол банкиндаа тушаах хэрэгтэй гэж хэчнээн яриад хэрэгжих боломжгүй. Хамгийн гол нь Засгийн газрын оруулж байгаа эдийн засгийн хөшүүрэг нь чухал байгаа юм. Оюутолгойн алтыг Монголбанкинд тушаадаг болчихвол эдийн засагт томоохон түлхэц болно. Алтны татварыг 5-ыг 2.5 хувь болгож буулгахаар ярьж байлаа шүү дээ. … энэ хуулийг баталсан бол “Рио Тинто”-гийн удирдлагууд алтаа Монголбанкинд тушаах шийдвэр гаргана. Тиймээс бид энэ хуулийг батлах ёстой байлаа.” гэжээ.
Эндээс харахад “Рио Тинто”-гийн удирдлагууд “Та нар алтны татварыг 2.5 хувь болгож буулга” гэдэг үүрэг даалгавар өгсөн юм байна. Засгийн газар ч үг дуугүй бөхөлзөн хүлээн авч “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл” гэгчийг боловсруулан УИХ-д оруулсан ажээ. Түүнийг нь хэсэг гишүүн дэмжин батлахаар урьдчилан тооцож тохирсон байсныг ч УИХ-ын гишүүн Д.Ганбат гэгч этгээдийн ярьсан үг гэрчилж байна.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат гэгч энэ этгээд “Зууны мэдээ” сонины 2013 оны 12 дугаар сарын 18-ны дугаарт “Д.Ганбат: Алтны хуудь батлагдвал валютын ханш буурах байсан юм.” гарчигтай нийтлэгдсэн ярилцлагадаа “…Энэ төслийг ямар үндэслэлээр унагаасан бэ? Асуудлыг хаалттай хэлэлцсэн учраас мэдээлэлгүй байна?” гэсэн асуултад
- “…Нэг байна уу хоёр хүний саналаар уначихлаа.”
“- Яагаад?” гэсэн асуултад
- …Засгийн газрын гишүүд хуралдаа бүрэн гүйцэд ирээгүй учраас” гэж хариулсан нь “Рио тинто”-гийн захиалгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон УИХ-ын болон Засгийн газрын хэсэг бүлэг гишүүд байгаа юм байна гэдгийг хэлээд өглөө.
Ямар ч гэсэн энэ бүлэглэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг багтаж байгаа гэдэг нь тодорхой юм.
Тэдний яриа хүртэл бие биенээ тоть мэт давтаж байгаа нь ч хэлэх үгээ урьдчилан нийлүүлснийг илчилнэ.
Жишээ нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013-ны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон, долоо хоног бүр сэтгүүлчидтэй ярилцдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр “…Валютын хомсдолд нөлөөлдөг ганц хүчин зүйл нь алт байдаг юм билээ. … Ерөнхийдөө алтны тушаалтанд өндөр татвар тавьснаас болж, алт гадагшаа гарч гадны орны валютын нөөц болон хувираад байгаа юм. Тийм учраас энэ хуулийг боловсруулсан. Энэ хууль маань ч батлагдах байх…” гэж хэлсэн нь дээр дурьдсан Д.Ганбатын ярилцлагад дурьдсан “…Хэрэв энэ хуулийг сайжруулаад баталчихсан бол валютын ханш бууж монгол төгрөгийн баталгаа өндөрсөх байлаа. Өнөөдөр монгол төгрөгийн баталгаа тийм ч сайн биш байна. Нөгөө талдаа манай улс олборлож байгаа алтаа хянаж чадахгүй хэр удаан явах юм бэ. Олборлолт ч тэр, тушаалт ч тэр. Аль, аль нь хяналтгүй. …” гэсэн үгтэй утга нэг байгааг уншигч та харж байгаа байх.
Харин тэд зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр олборлолт тушаалтын аль аль нь ямар ч хяналтгүй явагдаж байгааг, Монгол Улсыг эзэнгүйдүүлснээ хүлээн зөвшөөрч үг алджээ.
Төр нь “Алтаа Монгол банкинд тушаагаад өгөөч” гэж алт олборлогчдоос гуйх биш харин Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлж, тушаадаг болгох үүрэгтэй. Харамсалтай нь Засгийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх боломж гэж ойлгодог манай эрх баригчид хууль зөрчигчидтэй хань хамсаатан болж хамтран ажиллаж ирсэн нь ч нууц биш.
Хэдэн зуун грамм алт хилээр нууж гаргах гэсэн хэргийг дор нь илрүүлээд байдаг манай гааль харин хэдэн арван тонноор нь ямар ч татваргүйгээр гаргаад байдаг алтыг огт илрүүлдэггүй буюу өөрөөр хэлбэл гаалийн ямар ч хяналтгүйгээр гадагш зөөгддөг нь төрийн эрх баригч бүлэглэлийн оролцоотойгоор хийгддэг гэмт хэрэг болох нь хэнд ч ойлгомжтой билээ.
Өмнө нь ч Бороогийн 50 тн алт ийм л замаар гарсныг хэвлэл мэдээллээр бишгүй л шуугиад өнгөрсөн дөө.
Алтны татвар 5 хувь байгаа болохоор л хулгайгаар хил давуулж гаргаад байдаг юм гэнэ ээ.
Монголын нийт олзворлосон алт хулгайгаар гардаг чигийг нь ч Д.Ганбат ярилцлагадаа заагаад хэлчихсэн байна. Тэрбээр “Ихэнхдээ Хятадын эдийн засгийг дэмжсэн маягаар гадагшаа гаргачихаж байх шиг ээ. Яагаад гэхээр Хятадад алтны роялтын татвар ердөө 2 хувь байдаг юм байна.” гэжээ.
Д.Ганбат гэгч энэ этгээдийн тайлбарлаж байгаагаар бол Хятад улс манайх шиг алтаа хулгайд алдаж хилээр гаргаж хашраад 2 хувь болгосон юм байх нь л дээ. Зүйрлүүлэх юмаа мөн олов оо, хөөрхий!
БНХАУ-ын алтны олборлолт улсын мэдлийнх учраас тэнд 2 хувийн татвар авсан ч аваагүй ч бүх ашиг орлого улсдаа орно. Манайх шиг хувь хүний халаасанд оруулж гадагшаа гаргах боломж тэнд байхгүй.
Тиймээс БНХАУ-ыг дуурайж роялтийн татвараа багасгаж 2.5 хувь болгох гэж байгаа бол эхлээд алтны олборлолтоо улсын мэдэлд авчих.
Харин банкин дахь алтны нөөцөө нэмэгдүүлэх сонирхол байгаа бол хулгайгаар гадагш гаргадгаа л больчих.
Тэгээд ч бусдын хадгалуулсан алтыг хууль бусаар наймаалж валют худалдаж аваагүй л юм бол алтны нөөц нэмэгдлээ гээд зах зээл дэх валютын нөөц нэмэгдэхгүй. Нөөц нь нэмэгдээгүй байхад ханш нь аяндаа сулрахгүй. Бусдын алтыг банкинд авчихсан гэнээ гээд валютын ханшаа сайн дураараа буулгаад унадаг “мулгуу” ченж манайд л лав олдохгүй.
Бүр “…хуулийг ярих сургаар алт олборлолт ихэссэн. Дээрээс нь хүлээлт бий болж, валютын ханш зохих хэмжээгээр бууж байсан.” гэнээ. Битгий ийм “тэнэг” юм ярьцгааж амьтны элэг хатаачих. Жаахан логиктой сэтгэж сур.
Манайд валютын ханш огцом өссөний бодит шалтгаан нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банктай хамтран “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчээр халхлан 3 их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур үйлдвэрлэн импортын арилжаанд зориулан хууль бусаар хэсэг бүлэг этгээдэд тараасны гайгаар Монголын зах зээл дэх валютыг шавхан хомсдолд оруулснаас үүдэлтэй бөгөөд урд хөрш рүү тасралтгүй зөөж байгаа нүүрсний төлбөрт орж ирж байгаа валют л аажмаар зах зээл дэх хомсдлыг арилгаж буйн үр дүнд ханш нь суларч байгаа нь нийгмийн амьдралд идэвхитэй оролцон бизнес эрхлэж байгаа, өдөр тутмын мэдээллийг сонсож суугаа хэнд ч мэдрэгдэж байгаа билээ.
Тэгэхлээр “Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль”-ийг гаргахын тулд хэлж байгаа Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдийн тайлбар бүхэн олон нийтийг хуурч мэхлэх санаа зорилготой нь тодорхой харагдаж байгаа байх аа.
Энэ зөвхөн “Оюутолгой”-д л зориулагдсан хууль болох нь хэнд ч ойлгомжтой.
Мэдээж нэг ч төгрөгийн татвар төлөлгүй бүгдийг нь аваад гарчихвал хэзээ нэгэн цагт Монгол Улс татвараа нэхэж олон улсын Арбитрын шүүх дээр очих цагт “Рио Тинто”-д өөрийгөө хамгаалж хэлэх нэг ч үг байхгүй болно. Тиймээс өчүүхэн жаахан татвар төлсөн болоод түүнийгээ Монгол Улсын хуулийнх нь дагуу бид төлсөн гэж ам таглахад энэ хууль хэрэгтэй. Болвол Монгол Улсад ямар ч ашиг өгөхгүйгээр баялгийг нь цөлмөх гэсэн хомхой санаагаа гүйцэлдүүлэхийн тулд ийм л хуулийг тэд захиалжээ.
Монгол улс өмнө нь Зөвлөлт холбоот улсын /ЗХУ/-ын заавраар ажилладаг байсан гэж өмнөх үеээ шүүмжилдэг эрх баригчид харин өнөөдөр өөрсдөө гадаадын нэг хувийн компанийн дохио зангаагаар ажилладаг болчихоод байгаагийн жишээ энэ.
Чухам энэ хуулийг хэлэлцэхийг ямар хүмүүс дэмжсэнийг сонирхох хүсэл төрж “шилэн” тунгалаг нээлттэй төрийнхөө УИХ-ын хуралдааны бичлэгийг интернет сүлжээнээс хайгаад юм олдсонгүй.
Гишүүдийн нэрсийг тодруулж мэдэх нь хаалттай хуралдааны нууцад хамаарахгүй байлгүй гэж үзээд УИХ-ын хуралдааны тэмдэглэлээс хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжсэн дэмжээгүй гишүүдийн нэрсийг олж өгч туслаач гэж Төрийн ордонд ажилладаг таниж мэдэх нөхөд, зарим УИХ-ын гишүүд рүү хандаж үзэв.
Гэтэл ямар хариу сонссон гээч! Тэр хуралдааны бичлэг болон тэмдэглэл архивлагдаж үлдээгүй байна гэнэ.
Мэдэхгүйдээ биш, гэнэн тэнэгтээ хууртсандаа биш, харин бүр мэдэхийн цаагуур мэдээд, зориуд санаатайгаар эх орныхоо эсрэг үйлдэж буй хэргийнхээ ноцтой хор хохирлыг ойлгож байгаа учраас ч хойчийн өдөрт баримт үлдээхгүйн тулд ул мөрөө баллахыг хичээж байгаа хэрэг энэ бус уу!
Монгол төрийн үйл ажиллагааны ой санамж болсон УИХ-ын хуралдааны баримт материалын архивжилтыг сүйтгэн бусинуулах хүртлээ Төрийн үйл ажиллагааны ёс журам эвдрэн гажуудаа юу? З.Энхболд даргаа!
О.Лхагвадорж
http://sonin.mn/news/politics-economy/22773
URL: