Дүрэм зөрчсөн жолооч нар улсын төсөвт 360 сая төгрөг төвлөрүүлжээ
Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталснаас хойш өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 66 354 зөрчлийг хянан баталгаажуулжээ.
Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 18642, хурдны зөрчил 24660, нэгдүгээр эгнээгээр зорчсон 23052 тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгжийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэхээр “Монгол Шуудан” ТӨХК-д хүлээлгэн өгөөд байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 75 хувь нь торгуулийн төлбөрөө барагдуулж, улсын төсөвт 360 гаруй сая төгрөг төвлөрүүлжээ. Харин цаашид торгуулиа барагдуулаагүй тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хасах хүртэлх арга хэмжээ авч ажиллах болсон тухайгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөрчлийн мэдээллээ www.torguuli.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаараар шүүж харах боломжтой юм.
Б.Заяа
montsame
URL: