УИХ-д моод болоод буй нэр томъёоны тайлбар толь
1. Авилга – Эрхэм гишүүн бүрийн амны уншлага бөгөөд амтыг нь мартахын аргагүй “бялуу”-ны нэр. 2. Арвин – Их хурлын бөмбөрчин. Элбэгдоржийн засгийн газрыг огцороход ард түмэн түүнийг сайн бөмбөрчин гэж мэдэрсэн.
3. Ард түмний эрх ашиг – Гишүүн бүрийн хэлдэг үг боловч ихэнх нь утгыг буруу ойлгодог хүнд үг. Сонгуулийн өмнөх өдрүүдэд итгэлийн цэцгийг усалдаг амны уран борооны эрдэнийн дуслын нэг гэж болно.
4. Баабар – Их хурлын зарим гишүүдийг илт айлгадаг сахиусыг ингэж нэрлэнэ.
5. Бат-Үүл – Ардчилсан намын авралын амьд бурхны нэгний нэр. Тариаланчид түүний нэрийг 108 удаа дуудахад бороо ордог гэж сүсэглэдэг.
6. Байнгын хорооны хурал – Хуулийг гурилдах анхны дамжлагын нэр.
7. Батзандандах – Сүхбаатарын талбай дээр торх нүдэж эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулахыг хэлнэ.
8. Дэлхийн жишиг – Манай улстөрчдийн гадаадаас авчирдаг улс төрийн элдэв малгайны ерөнхий нэр. Ерөнхийдөө манай улс төрд томдсон малгай гэж болно.
9. Дэг – Хурлын дотоод журам гэсэн үг мөн боловч гишүүдийн уланд хэвтдэг хэрэггүй цаас.
10. Дэмжигчид – Аль нэг улстөрчөөс бялууны хишиг горьдсон жирийн олонлогийн хууль ёсны нэр.
11. Дэгсдүүлэх – Улс төрчдийн аман ярианы үндсэн хэлбэр.
12. Дэлхийн банк – Ядуу орнуудын хэлэн дээр нь чихэр, шилэн дээр нь хутга тавих замаар нөлөөллийн хүрээгээ тэлж байгаа их гүрнүүдийн мөнгө угаах цэг.
13. Гүндалайлах – Богино хэмжээний шог үзүүлбэр үзүүлж улстөрчдийн стрессийг тайлахыг хэлнэ.
14. Гөвшилцөх – Намууд зөвшилцөөд, дараа нь завшилцаад, эцэст нь заамдалцан үзэлцэхийг ингэж хэлнэ.
15. Мөрийн хөтөлбөр – Олон түмнийг ховсдон хөтлөх хөгжөөнт үйл ажиллагааны дараалал.
16. Мянганы сорилтын сан – Монголчуудын мөнгөний сэрлийг байнга өдөөгч бөгөөд зүс барааг нь Монгол хүн хараагүй байгаа лусын эрдэнэсийн сангийн нэр.
17. Мянганы зам – МАХН-ын бичиж эхлээд дутуу орхисон чулуужсан лоозонгийн тасархай.
18. Ногоон хэрэм – Говийн элсэн цөлд доллар тарьж ургуулах гэсэн гэнэн мөрөөдлийн нэр.
19. Ногоон нам – Ах намд тархиа соруулаад хоногоо хүлээж байгаа улс төрийн хүчин.
20. Намын бүлэг – Нэг намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хор найруулах хуйвалдааны тасаг.
21. Намын жигүүр – Суудлын өвчнөөр өвчлөгсдийн нам дотроо үүсгэсэн хагарлын нэр.
22. Зөвшилцөх – Намууд төрийн “бялуу”-г хувааж зооглох аргын нэр бөгөөд патентыг нь Изриалиас авчирсан гэдэг.
23. Завшилцах – Зөвшилцлийн нэг үе шат бөгөөд намууд “бялуу”-гаа тэнцүүхэн хувааж хүртээд сэтгэл хангалуун байх тун богинохон хормыг хэлнэ.
24. Засаглалын хомслол – Хэт намчирхсан төр засагт үүсдэг удирдлагын “өмөн үү” өвчний нэр.
Н.Даваадаш
2006.05.5 Тоншуул
URL: