Д.Ганбатын увайгүй үйлдлийг ажилчид нь дэлгэж байна
“Байгуулгын дотоод дүрэм, журам” гэж тайлбарлана
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяа Техник, спортын төвийн дарга Д.Ганбатын гаргасан хуудуутай шийдвэрээс болж олон хүн хохирч байна. Д.Ганбат нь одоогоос таван жилийн өмнө тус төвийн даргаар томилогдсоныхоо маргаашнаас л ажилчдаа халах ажилд оржээ. Ингэхдээ ажилчдад ямар нэгэн сонголт олгодоггүй байсан гэнэ. Тодруулбал, түүний хэлсэн үг бүр ажилчдад хууль мэт үйлчлэх ёстой. Дургүйг нь хүргэсэн хэнбугай ч тус төвийн хаалгыг гаднаас нь хаахыг үүрэгддэг байжээ. Тэрбээр энэ байдлаа “Байгууллагын дотоод дүрэм, журам” гэсэн хэдхэн үгээр тайлбарлан ажилчдаа дарамтлаж, шахаж, хөөдөг байсан аж.
Өөрийн талынхнаар дарамтлуулж халах ажилгааг хийдэг гэнэ
Д.Ганбат энэ байгууллагын даргын албан тушаалыг хаших хугацаандаа нарийн бичгийг “Урагдсан оймс” шиг ээлж дараалан халж, сэлгэдэг болжээ. Гэхдээ тэд ажлын туршлагагүйдээ бус даргын зүй бус ааш авирыг тэсэлгүй ажлаасаа гардаг байжээ. Бас болоогүй ээ, манай, танай гэж ажилчдаа хоёр хувааж дунд нь “хэрүүлийн алим” тарьдаг байх жишээтэй. Түүний талд үйлчлэх үүрэгтэй “Бууны нохой”-гоор Ерөнхий нягтлан бодогч Д.Байгалмаа, нярав Г.Бадамцэцэг, үүдний харуул Н.Отгонсүх, цэвэрлэгч Д.Эрдэнэцэцэг нар нь ажилладаг гэнэ.
Тэд ч энэ ажилдаа гаршсан гэж жигтэйхэн. Тус сургалтын төвийн үүдний жижүүр Н.Отгонсүхийн үндсэн үүрэг нь хэн орж, гарч байгааг хянах. Улмаар хэнтэй уулзахаар ямар хүн ирэв гэдгийг бүртгэх. Тэрбээр ажил үүргийн хувиараа умартсан “Бууны нохойн” үүргээ гүйцэтгэж “босс”-доо “алтан хошуу” хүргэнэ.
Харин Ерөнхий нягтлан бодогч Д.Байгалмаагийн хувьд “Чи ууж, идлээ. Мөнгө төл. Төлж чадахгүй бол зайгаа тавьж өг” гэсэн зандрангүй, дээрэлхэнгүй ааш авир гаргах. Үүнийгээ ихэвчлэн “Тамирчдын хоолны газар”-ын тогооч нарт хандаж хэлнэ. Түүнчлэн “Их идсэн ч өмхий. Бага идсэн ч өмхий” биш шүү. Та нарын идэж уух чинь хэтэрлээ” гэсэн үгээр дарамталдаг гэнэ.
Д.Ганбат гэгч хэн бэ
Хүнээр бол ид хийж, бүтээх насандаа явж байгаа. Араатнаар бол өлөн чоно шиг авир гаргадаг нөхөр. Тэрбээр хоёр ч эхнэрийн царай харж, гурван үрийн зулай үнэрлэсэн нэгэн гэдгийг мэдэх нэг нь ам уралдуулан ярих аж. 2005 онд Биеийн тамир спортын хорооны Спорт хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед ажлын байранд архидсаны улмаас ажлаас хөөгдөж, халагдсан байна. Усан спортын дасгалжуулагч мэргэжилтэй.
Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай нэгэн. Архинд нэлээн дуртай. Архи уусан үедээ сургалтын төвд байрлах тамирчдын амрах зочид буудлын байнгын үйлчлүүлэгч болно. Бас болоогүй нарийн бичгийн ажилтнууд татаж чангаана, эсэргүүцсэн хүмүүсийг шууд л баяртай гэнэ. Тэрбээр ингэж арав гаруй нарийн бичгийг халж, сольжээ. Гэхдээ энэ тодорхойлолт бол халагдсан ажилчдын даргадаа “хаяглах” үг байлаа. Бүр тодруулбал, “Царайны сайхнаар цай сүлдэг” хэмээн халагдсан ажилчид даргаа тодорхойлсон нь энэ.
Түүний авирыг тэвчсээр өдийг хүрчээ
Дарга, цэргийн ялгаа гэгчийг буруугаар үлгэрлэхдээ гаршсан дээрх нөхрийн увайгүй үйлдлийг гэрчлэх хүн олон бий. Гагцхүү тэд түүний тэвчишгүй авирыг хүлцэнгүйгээр хулээж авсаар өдийг хүргэжээ. Д.Ганбатын гаргаж буй арчаагүй авираас болж өнөөдрийн байдлаар 40 гаруй ажилтан халагдаж, түүний цаана өчнөөн хүний амьдрал бий гэдэг нь тодорхой. Эцэст нь энэ байгууллагын ажил нурж ажилтнууд нь аргаа барж сууна. Д.Ганбатын хувьд энэ байдлыг үл тоон халах ажлаа үргэлжлүүлсээр л байна.
Ажлаас гэнэт халагдсны нөхөн төлбөрийг яагаад олгохгүй гэсэн юм бол
2008 оны нэгдүгээр сард эрхэм дарга ээлжит нэг ажилтнаа халжээ. Ингэхдээ тэрбээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40,1.2-ыг үндэс болгон шийдвэр гаргасан байна. Энэ зүйлд “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заажээ. Гэтэл ажлаас халагдсан хүн нь тухайн үед таван сартай жирэмсэн ч ажлын ачааллыг умартан сурагчдын бэлтгэл, сургуулалтыг тасралгүй хийлгэж байсан аж.
Гэвч Д.Ганбат дарга бодит байдлыг үнэлсэнгүй юу, төрсний өмнөх болон дараах мөнгөнд голоо цохисон уу. Ямартай ч бүс-гүйг халж, дараагийн хүний эрэлд гарсан байна. Тэрбээр ингэж авирласнаа юман чинээ боддоггүй хэмээн эх сурвалж онцлосон юм. Түүнчлэн “Аж-лаас гэнэт халагдсаны нөхөн төлбөр олдохгүй юм шиг байна. Учир нь Д.Ганбат дарга “Та нар өөрийн хүсэлтээр халагдсан” гэсэн үгээр ам тагладаг” гэлээ.
Энэ мэтчилэн хуудуутай жишээ олон байна. Гагцхүү даргын дарамт, шахалтаас болж халагдсан хүмүүст яагаад гэнэт халагдсаны нөхөн төлбөр олгохгүй байгаа нь хачирхалтай.
Р.Сүхтөмөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: http://www.fact.mn/14034.html