Хүйтэн зах дулаан дэлгүүрийн үнийн ялгаа
Манай сонин, сайт нийгэмд байгаа ялгааг янз бүрээр харьцуулж, сурвалжлага хийж байгаа билээ.
Хоолны газраас эхэлсэн энэ сурвалжлага маань цэцэрлэгээр үргэлжилсэн билээ. Тэгвэл энэ удаад шинэ болох гэж байгаатай холбогдуулан “Нарантуул” болоод “Sky” их дэлгүүрийн үнэ ханшийн ялгааг сурвалжилсан юм.
Гэхдээ шинэ жилтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнийг онцолсон гэдгээрээ онцлог. Мөн манайхан хаанаас, ямар сонголт хийж болох талаар мэдээлэл хүргэхийг хичээсэн билээ.
Идэр есийн хүйтэн тачигнаж, Туулын хөвөөний жавар хацар хайрах энэ өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд шинэ жилдээ бэлтгэж буй хүмүүс ямар бараа бүтээгдэхүүн сонирхож байгаа талаар болон үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.
Аль хэдийнэ 12.00 цаг болсон хэдий ч зах дээр нэг их хүн байсангүй. Өмнө нь хөл тавих зайгүй шахцалдан, уур нь хүрсэн зарим нь нэгнээ нударч, тэрэг түрдэг нэг нь дайрчих шахам өнгөрдөг байдал өнөөдөр алга.
Гэхдээ зундаа гандаж, өвөлд нь хөлдчих шахам зогсдог наймаачид өнөө л хэвээрээ.
Гацуурын чанар сайжирч, 10-150 мянгад багтаж байна
Үүдээр нь оронгуут өндөр намаар нь зэрэгцүүлэн өрсөн гацуурын худалдаа угтав. Хамгийн түрүүнд шинэ жилийн баяраар айл гэр, албан байгууллагын гол чимэг болдог гацуур модны үнийг сонирхлоо. Хэлбэр хийц, өндөр нам, өнгө төрхөөсөө хамаараад янз бүр байна. Олон жил гацуур мод зарсан гэх нэгэн залуу энэ жил хүмүүсийн сонголт өөрчлөгдсөн, бас үнэ ханш ч өссөн.
Гэхдээ чанартай, олон жилийн эдэлгээ даахуйц гацуур оруулж ирснээ хэлж байв. Гацуурын хамгийн намхан нь нэг метр өндөртэй, гэхдээ мөчирнүүд нь турьхан, сүр муутай эд байв. Өнгө төрхөндөө таараад үнэ нь ч хямдхан, хамгийн ихдээ л 10 мянган төгрөг гэнэ. Ширээний жижиг гацуур 3000-15 мянган төгрөг, цаашлаад жаахан өндөр болоод, мөчир нь сүрлэг болохоороо 30 мянгаас дээш үнэлэгдэж эхэлнэ.
Харин хамгийн өндөр, гурван төрлийн мөчиртэй, сүрлэг сайхан гацуур 140 мянган төгрөг гэнэ. Өнгөрсөн жил өнгө өнгийн гэрэл ассан, өөрөөсөө гэрэлтэй, хэзээ ч хугарчихаж мэдэх целлодон суурьтай гацуур өнөө жил харагдахгүй байна. У
чрыг тодруулбал, гэрэлтэй гацуур амархан шатчихдаг, эдэлгээ муутай, тэгээд ч тийм зүйл зарахаар ашиг муутай, хүмүүс хэл ам хийгээд байдаг аж.
Харин энэ жил хүмүүсийн сонирхол ч өөрчлөгдөхийн зэрэгцээ гацуур мод нь ч чанаржсан, суурь нь хүртэл төмөр болсон гээд л мань эр рекламдаж гарав. Үнэхээр ч энэ жил худалдаалагдаж байгаа гацуур модны чанар сайжирчээ.
Чимэглэл, баг янз янзаараа…
Ингээд цааш явж, гацуураа чимэглэх саа, тоглоомны үнийг сонирхлоо.
Захынхан гүйлгээ муутай байгаа бололтой орж ирсэн хүн болгоныг бараг л тэврэх шахам угтан авч, бараагаа нэг бүрчлэн тайлбарлана. Саа өнгө өнгөөрөө алаглаж, лангуун дээр янз бүрийн хэлбэр дүрстэй тоглоомноос эхлээд шаар, амьтны баг, Санта Клаусын хувцас гээд л төрөл төрлөөр нь өржээ. Сааны хувьд туузан, сагсгар гээд олон янз.
Үнэ нь ч сүр бараанаасаа эхлээд нэмэгдэнэ. Туузан саа ширхэг нь 500, нарийн хоёр метртэй саа бол 800-1000, арай бүдүүн, сүр ихтэй нь 1500 гэх юм. Тоглоомон чимэглэл нь ширхгээрээ болон хайрцгаараа худалдаалагдаж байв. Нэг ширхэг тоглоом том жижгээсээ хамаараад 100-500 төгрөг бол хайрцгаараа /доторх ширхэг, том жижгээсээ хамаараад/ 2000-8000 хүртэл үнэтэй байлаа.
Цасан ширхэг, өнгийн тууз, өнгө өнгийн бөмбөлөг 500-3500 төгрөгийн хооронд зарагдаж байна. Цагаан сахалт, улаан дээлтэй өвлийн өвгөн буюу “Санта клаус” явдаг, дуулдаг, суудаг тэр бүү хэл гацуур модонд өлгөдөг гээд төрөл төрлөөрөө.
Харин баг, Сантагийн хувцас 10 мянгаас эхлээд худалдаалагдаж байв. Дашрамд дурьдахад, дэлхийн жишгийг дагаж шинэ жилээ тэмдэглэдэг болсноос хойш монгол өвлийн өвгөний хувцас харагдахгүй болсон гэнэ. Зарим худалдан авагчид монгол өвлийн өвгөний хувцас хайж, багагүй хугацаа зарцуулсан тухайгаа хэлж байлаа.
Ерөнхийдөө улаан хувцастай бүдүүн өвлийн өвгөний хувцас их байхаас биш үндэсний маань өвлийн өвгөний хувцас огтхон ч алга аа. Ерөнхийдөө саа тоглоом, амьтны баг гээд шинэ жилийн чимэглэл болчихдог учраас хүмүүс ч ихэвчлэн иймэрхүү зүйл худалдан авч байсан юм.
Бэлэг биш тоглоомыг илүүд үзнэ
Энэ жилийн хувьд уутанд хийсэн элдэв төрлийн амттанаас эцэг эхчүүд татгалзаж, хүүхдэдээ тоглоом авч өгөхийг илүүд үзэх болжээ. Гэхдээ тоглоомын хувьд зах дээр нэг их сайхан, чанартай гээд хэлчихээр тоглоом харагдсангүй.
Буу, машин, барби хүүхэлдэйг хүмүүс ихээр авч байсан. Тоглоом том жижиг, төрлөөсөө хамаараад 1000-15 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин ууттай бэлэгний хувьд том уутыг дүүргэхийн тулд гялгар ууттай чипс, 100 төгрөгийн чупа чупс, чокопай, соруултай ундаа, хөл гар нь тасраад уначихдаг жижигхэн барби, машин зэргийг оруулж, ёстой л дүүргэх гэж яджээ. Энэ бэлэгний үнэ 5500 төгрөг. Дэлгүүр, бусад захуудыг бодвол энд бэлэгний чанар үнэхээр муу байгаа нь харагдсан.
Ерөнхийдөө бэлэгний үнэ 1600-аас эхлээд 8500 төгрөг байв.
Гоёлын даашинзыг өмсч үзэлгүй шууд авах нь эрсдэлтэй
Шинэ жилээр бүсгүйчүүд, залуучуудын бэлтгэх зүйлийн нэг бол гоёлын хувцас. Эрэгтэйчүүд бол костюм, пиджак, аятайхан ботинк байхад л тэр өдрийн гоёл болох нь тэр. Харин бүсгүйчүүдийн хувьд асуудалтай.
Гоёлын даашинз, туфль, зүүлт, ээмэгнээс эхлээд сормуус, хумс гээд л үргэлжилнэ. Үнэндээ зах дээр бол хувцас өмсөх нь бүү хэл таван минут зогсоход л дагжин чичирмээр. Тиймээс гоёлын даашинз хайж байгаа хүн өмсч үзэлгүй шууд л авахаас аргагүй. Энэ нь эрсдэл дагуулна. Учир нь тухайн үедээ өмсч үзээгүй бол захынхан баргийн зүйлийг буцаана гэж үгүй. Тиймээс эрсдэл өндөртэй юм.
Харин залуучууд бол костюм, пиджакаа өмсч үзэх боломжтой аж. Энэ ч утгаараа гоёлын даашинз нүдний гэм байв. Торго дурдан зардаг хэсэг лангууны ард цөөхөн гоёлын даашинз эгнүүлэн өлгөжээ. Уг нь өнгөний сонголт ихтэй, аятайхан л даашинз харагдана билээ. Гэхдээ тэнд бараагаа зарахаасаа илүүтэй наймаачид таван гарын муушиг тоглоод завгүй. Арай гэж үнийг нь асуутал бүгд 28 мянган төгрөг гэнэ. Адилхан урттай л болохоос биш хэлбэр дүрс нь өөр өөр байсан.
Даашинзны хувьд нэг иймэрхүү. Харин костюм, пиджак бол өнгө өнгөөрөө, хэлбэр загвар нь өөр өөр байлаа. Үнийн хувьд 60 мянгаас эхэлж байна. Зах нь хээтэй, ханцуй нь гоёмсог болоод ирэхээрээ 75-95 мянган төгрөг хүрдэг юм байна. Гэхдээ захын наймаачдын нэг онцлог нь энэ үнээсээ 10-20 мянган төгрөг татдаг явдал юм.
Дэлгүүрт бол авбал ав, авахгүй бол татна гэсэн ойлголт бараг байдаггүй билээ. Ингээд гоёлын туфль бусад зүйлсийн үнэ ханш, худалдан авалт ямар байгааг сонирхохоор гултын лангуу руу явлаа. Гэвч бүсгүйчүүдийн гоёл болох туфль огтхон ч харагдсангүй. Харин залуучууд тус лангуун дундуур эргэлдэнэ. Тэд аль болох өнгө үзэмж сайтай, гэхдээ хямдхан ботинк сонирхох аж.
Гаднаас нь харахад эрчим хүчинд ажилладаг болов уу гэмээр нэгэн залуу хямдхан хэрнээ гайгүй харагдах, нэг удаагийн ботинк сураглах нь чих дэлсэв. Гэтэл гутал зарж байсан эр “Нэг удаагийн ботинк гэж юу байх вэ дээ. Тэгээд ч тийм гутал зардаг нь би биш.
Ер нь гутал гэдэг чинь эр хүнийг чимдэг юм. Дараа нь ч гэсэн өмсч болно ш дээ” гэх нь тэр. Харин нөгөөх залуу “Шинэ жил гэдэг чинь бидний хувьд жилд ганц тохиодог баяр. Өөр баяраар нэг их гоёж сүйд болдоггүй юм. Үргэлж нормын хувцастайгаа байдаг болохоор ганц л удаа өмсөх юм хайж байна” гэж ирээд л учирлав.
Ямартай ч залуугийн хайсан гутал зах дээр байсангүй, эрэл нь мухардаад эргэж харагдсан. Энэ мэтчилэн хүний хар нүднээс бусад нь байдаг гэх зах өнөөдөр нэг л өөр байлаа. Зарим лангуу нь хов хоосон, эл хуль.
Бялуу, алим жимс баталгаатай эсэх нь эргэлзээтэй
Ингээд захын хашаан доторх худалдааг сонирхоод хүнсний зах руу нь орлоо. Харин энд салхи шуурганд даарч хөрөхийг хүсээгүй хүмүүс битүү. Энд тэндгүй бараагаа зарах гэж орилолдохоос гадна хэн нэгнийг харааж зүхнэ.
Үүдээр нь ороод л хөлдсөн эсэх нь эргэлзээтэй алим жимсийг халтар даавуугаар бүрсэн хайрцаг, чирдэг тэрэг дээр тавьсан харагдана. Нэг боодол нь 1500 төгрөгийн үнэтэй.
Алим, мандарин, усан үзэм зэрэг жимс зарим нь хагарч, ялзарсан маягтай харагдана. Цаашлаад дөрвөн литрийн шилэнд савласан даршилсан ногоонууд зарж байлаа. Хэзээ, хаана хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй даршилсан ногоог хүмүүс ихэд сонирхож байв. Харин зарж буй хүмүүс нь “Чехээс оруулж ирсэн юм. Саяхан би Чехээс ирсэн. Тэгэхдээ хэдэн шил ногоо оруулж ирснээ л зарах гэж байна.
Хугацаа нь 2015 онд дуусна. Ер нь даршилсан ногоо бол муудахгүй шүү дээ. Тэгээд ч хаа байсан тэндээс ирсэн гэхэд хямдхан зарж байна. Нэг шил нь 12 мянган төгрөг, дөрвөн литрийн савлагаатай өргөст хэмхийг ийм хямдхан авахгүй шүү дээ” гэх зэргээр ярихад нь хүмүүс ам дамжуулан “нээрээ тийм шүү” гэж дэмжээд нэгнээсээ түрүүлж авах гэж яарна.
Ямар ч баталгаагүй хүнс идэж байна, бид хордож үхэх нь гээд гоморхдог мөртлөө иймхэн зүйлд хууртаж байгаа нь эмгэнэлтэй. Энэ мэтчилэн чихэр жимс хямд үнээр зарж байгаа хүн олон байна. Манай сурвалжлах хэсэг шинэ жилээр өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн болох бялуу, оргилуун дарсны үнийг сонирхлоо. Бялуу гэхэд төрөл төрлөөрөө, “Өгөөмж архад”-аас эхлүүлээд “Батбайгаль” хүртэл 20 орчим үйлдвэрийн бялуу байх аж.
Үнэ нь 4800-13000 төгрөг байх аж. Харин оргилуун дарс “Советское”, “Оргилуун” гэх хоёр төрлийнх худалдаалагдаж байв. Дэлгүүрт өрөөтэй байгаа шиг олон сонголт энд алга. Үнийн хувьд дэлгүүрээс арай хямд, 5200-6500 төгрөг гэж байна.
Гэхдээ оргилуун дарсыг гадаа бөөнөөр нь худалдаалж байх юм. Хатуулаг багатай учраас бараг л хөлдсөн байдалтай харагдсан. Энэ мэтчилэн зах дээр ер нь хөлдөөгүй, мөстөөгүй зүйл гэж бараг алга.
Захын амьдрал нөгөө л янзаараа
Тус захад 100 гаруй мянган хүн өвөл зунгүй лангуу түрээслэн ажилладаг бөгөөд баярын үеэр өдөртөө 200 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн дундаж тоо байдаг юм билээ. Худалдан авагч нэмэгдэхийн хэрээр залилан, хулгай, танхай, дээрмийн гэмт хэргийн гаралт нэмэгдэнэ. Мөн энд жендерийн тэгш бус байдал жинхэнэ ноёлсон гэхэд хилсдэхгүй. Худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд.
Үнэхээр хүнд хэцүү байдалтай, хоногийнхоо хоолыг залгуулахын тулд л гадаа гандаж байгаа. Түүнчлэн “Нарантуул” захын зүүн талын автомашины зогсоол буюу “Нүхэн гарц” хавиар элдэв зүйлс зардаг “бичиг” зах байдаг. Эдгээр хүмүүс элдэв зүйлс зарах зөвшөөрөлгүй.
Учир нь уранхай өрөөсөн гутал, тахир хадаас, ганц ширхэг батарей, ханын эвдэрхий цаг ч байх шиг. Архичид тэнэмлүүд хоолоо идэж, архиа ууж, нэг нэгэндээ агсардаг талбай гэхэд болно. Мөн “Нарантуул” зах албан бус зорчигч тээврийн газар гэхэд хилсдэхгүй. Холыг зорих унаа олдохгүйн зовлонгүй, хаашаа явах гэж байгаагаа хоолой мэдэн зарлах кондукторын дуунаар унаагаа олоод суучихна.
Гэхдээ өвөл хүн бүр зузаан хувцастай болохоор багталцаж ядна. Арай л гэж суудал өнцөгдсөөр хүрэх газраа хүрнэ. Энэ мэтчилэн “Нарантуул” захын амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж, наймаачид бараагаа зарсаар л…
Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах баярын өдөр ойртсоор. Улирах жилээ дэнсэлж, угтах оноо мэндчилсэн шинэ жилийн баяр гэдэг бахтай. Тиймдээ ч манайхан шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.
Гэр бүл, төрөл садан, найз нөхөд, албан байгууллагаараа шинэ жил тэмдэглэнэ. Тэр утгаараа шинэ жилийн баяртаа зориулж өөрийгөө, гэрээ, албан байгууллагаа гоёж гоодно. Баярын ширээгээ чимэх амтат бялуу, оргилуун дарс, гэртээ засах сүлд мод гээд бүхий л зүйлээ бэлтгэнэ.
Тэгж гэмээнэ шинэ жил жинхэнэ утгаараа тансаг, сайхан болно. Тэгвэл шинэ жилийн баярын өмнө том дэлгүүрт шинэ жилийн гоёл, ширээ чимэх амттан, бялуу, оргилуун дарс тэргүүтэн ямар үнэтэй байгааг сурвалжиллаа. Гэхдээ “том” дэлгүүрээр орсон юм.
Тодруулбал, “Sky” их дэлгүүр. Мэдээж хүмүүсийн сонголт янз бүр. Үнэ хямдыг нь харж зах руу явах хүн байхад чанар харж дэлгүүр явах ч хүн бий. Мөн дулааныг нь бодож хороолол болон том дэлгүүрээр орох ч хүн байгаа. Тиймээс сонголт болгох үүднээс “Sky” их дэлгүүрээр ороод гарлаа.
Гацуур намаасаа өндөр хүртэл
Аль ч байгууллага үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг татах үүднээс үүднээсээ авахуулаад өнгөө засдаг. Тэгвэл “Sky” их дэлгүүрийн үүдэнд хөөрхөн мөсөн баримлууд барьчихаж. Хүүхдийн гулгуур, өвлийн өвгөн, мөсөн хашаа, элдэв амьтад гээд олон зүйл байна билээ. Үйлчлүүлэхээр очсон хүмүүс хүүхдээ багахан тоглуулаад явж байгаа бололтой бидний очиход хэдэн хүү гулгаж, зургаа авахуулж байгаа харагдсан.
Дэлгүүр рүү ороход л үүдний танхимд шинэ жилийн гацуур мод өндөр нам, өргөн нарийнаараа өрөөстэй харагдсан. Тэгэхдээ хар зах, хорооллын дэлгүүрүүдийн үүдэнд зарж байгаа гацууруудтай адилхан байна билээ.
Гол нь үнийн хувьд ялгаатай. 1.2 метртэй жижигхэн гацуур гэхэд 32 мянган төгрөгийн үнэтэй. Түүнээс цаашлаад 50, 100 мянга давна. Мөн 2.4 метр өндөртэй хамгийн өндөр гацуур нь 320 мянган төгрөгийн үнэтэй байна билээ.
Шинэ жилийн баяр дөхсөн учир гацуур модоо 10 хувиар хямдруулж байгаа гэсэн бичиг ёсыг бодож тавьчихсан харагдсан. Тэгсэн хэр нь үнэ нь багагүй өндөр. Мөн гацуур болгонд бэлэг өгөх юм гэсэн. Тэр нь чимэглэл. Нээрээ гацуур модоо чимэх янз бүрийн бөмбөлбөгүүд өнгө өнгөөрөө байсан.
Үнийн хувьд 15-20 мянган төгрөг. Гэхдээ том жижгээрээ өөр үнэтэй юм билээ. Харин саа, гэрэл чимэглэл гэхээр юм харагдаагүй. Үндсэндээ “Sky” их дэлгүүрээс дунд зэргийн буюу 1.8 метр өндөртэй гацуур, гэрэл чимэглэлтэй нь авахад 160-180 мянган төгрөг шаардагдах юм билээ.
Гэхдээ чимэглэл, саа энэ тэрээ өөр газраас авна гэдгийг мартаж болохгүй.
Бялуу, оргилуун дарс тэргүүтэн хэтэвчний зузаанаас шалтгаална
Шинэ жилийн гацуур модоо авч, гоёл чимэглэлийг нь цуглуулчихсан бол цаашлаад баярын ширээгээ чимэх гол зүйлээ авна биз дээ. Тиймээс бид хоёрдугаар давхарт гарч супермаркетаар нь “зугааллаа”. Баярын ширээний гол чимэг бол амтат бялуу, оргилуун дарс.
Түүнэ дээр нэмэгдээд бусад амттан, хоол унд багтах учиртай. Тэнд баярын бялуу янз бүрээрээ байна. Зүгээр л энгийн, дугуй, шинэ жилийн мэнд хүргэе гэсэн бичгийг янз янзаар бичсэн, том жижиг бялуу 18 мянгаас дээш 30 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байна.
Гэхдээ бусад газар байдгийг бодвол арай л чамин юм шиг харагдсан. Түүнээс гадна Оросын тосгоныг санагдуулам дүнзэн байшин шиг хэлбэртэй бялуу 50 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ширээн дээрээ авч тавьчихаад, зүсч идэнгээ Орост байсан гэж зочиддоо ярихгүй юу. Дурсамж сэргээсэн бялуу энэ тэр гээд л. “Дүнзэн байшин”-гийн хувьд шоколадан, кремэн гээд янз бүрийн “дээвэртэй” юм билээ. Мөн шинэ жилийн гацуур мод шиг хийсэн бялуу байна аа бас. Үнэ нь 35 мянган төгрөг. Гэртээ зассан сүлд модтой илжилсээд аятайхан зохицох юм шиг санагдсан.
Бялууны үнэ судалсаны дараа оргилуун дарс өрсөн лангуун дээр очлоо. Шинэ жил дөхөж байгаа учраас оргилуун дарсыг бас л ёоз ёозоор нь өрсөн байна билээ. Үнийн хувьд бас сонголт мэдээж байгаа. Хямгийн хямд нь гэхэд 7000 төгрөг.
Оросын “Советская шампанск” нэртэй оргилуун дарс иймэрхүү үнэтэй байна. Түүнээс гадна 70, 85 мянган төгрөгийн үнэтэй оргилуун дарс ч байна билээ. Хамгийн үнэтэй нь “Моёт” хэмээх оргилуун дарс 92 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Дундуур нь бас 20-30 мянган төгрөгийн үнэтэй янз бүрийн шил савтай оргилуун дарс ч байгаа юм. Үндсэндээ хэтэвчнийхээ зузаанаар сонголтоо хийнэ гэсэн үг. Гэхдээ тасраад алга болчихсон баян хүмүүс энэ зэргийн үнэтэй оргилуун дарс авахгүй байлгүй дээ. Цэвэр дунчуудад зориулсан өргөн сонголт гэж ойлгож болох байх.
За тэгээд, бялуу, оргилуун дарсаа өөрийнхөө боломжид тааруулаад авчихвал бусад амттан шимттэн, хоол ундаа өөрсдөө бэлтгэхэд юу байх вэ дээ. Таны авьяас, сонголт л мэдэх хэрэг.
Гэрээ, ширээгээ, өөрийгөө бас..
Шинэ жилийг өргүй, өнгөлөг угтах нь бас нэг бэлгэдэл байдаг. Тэр ч утгаараа хүмүүс өөрийгөө гоёж, сайхан хослол, даашинз худалдан авах бий. Мөн албан байгууллагын шинэ жилдээ оролцохын тулд ч даашинз, хослол худалдаж авдаг хүн ч байгаа.
Ямар ч шалтгаантай байсан эцсийн дүндээ худалдаж авах нь л үнэн шүү дээ. “Sky” их дэлгүүрийн гуравдугаар давхарт элдэв даашинз, хувцас байна аа, байна. Тэр дундаа эмэгтэй хүний том жижиг, өнгө өнгийн даашинз төрөл бүрээрээ байна билээ.
Харин үнийн хувьд жаахан өндөр. Хамгийн хямд нь гэхэд 100 мянган төгрөгөөс дээш. Хамгийн үнэтэй нь 300 мянган төгрөг хүрч байсан. Гэхдээ тийм ч сайхан, гял цал болсон, нүдэнд торчихоор даашинз байхгүй. Жирийн л нэг хар зах дээр байдаг шиг даашинзууд.
Бүр жаахан муучилбал комиссын бараа шиг гэхэд болно. Тэгсэн хэр нь хэтэрхий үнэтэй. Цаашлаад даашинз дээрээ таарсан гутал, сандал авна гэвэл бас л 100 хол давсан мянган төгрөг төлөх хэрэгтэй болно. Түүнээс гадна гоёл чимэглэл, хосолсон ээмэг, зүүлт, бөгж энэ тэр гэвэл ганц шинэ жилд ороход хагас сая төгрөгөөс дээш мөнгө хэрэгтэй болж байгаа юм даа. Эмэгтэйчүүдийн хувьд нэг иймэрхүү.
Харин эрчүүдэд зориулсан хувцас бага юм билээ. Хослол энэ тэр мэр сэр харагдсан. Бас л 250-300 төгрөгийн хооронд үнэтэй. Гутал ч ялгаагүй 200-250 мянган төгрөгт хэлбэлзэж байсан. Дээрээс нь цамц, зангиа, хавчаар гээд явбал мөн л эмэгтэйчүүдээс нэг их дутахгүй их мөнгө шаардагдах юм билээ. Гэрээ гоёх, ширээгээ чимэхэд боломжийн ч өөрийгөө гоёход арай үнэтэй юм шиг санагдсан шүү. Бас сонголт тааруу.
Гэхдээ мөнгөтэйхэн болоод,эмэгтэй хүний нүдээр харвал комиссын гэж дүгнэсэн даашинз өөр болж харагдаж болох л юм. Манайхан үнэ дагаж чанар гэдэг. Тэр утгаараа нь аваад үзвэл чанартай, сайн л эд байгаа байлгүй. Гэхдээ одоо цагт хүмүүс нэг хувцсыг удаан өмсөх дургүй болсон гэж бодохоор дэмий ч юм шиг.
Бэлэг бэлтгэх нь шинэ жилийн нэг хэсэг
Нэгэн үе шинэ жилээр зөвхөн хүүхдүүд л бэлэг авдаг байж билээ. Гэхдээ онц сурч байж, өвлийн өвгөн ааваас бэлэг авна. Өвгөн ааваас бэлэг авсан хүүхэд нэг хэсэгтээ л “од” болно шүү дээ. Өөрийнхөө зүтгэл, чадлаар авсан бэлэг гэдэг утгаараа сайхан байх нь мэдээж.
Харин одоо цагт бол хүн бүхэн бие биедээ бэлэг өгдөг болж. Тэр дундаа айл бүр хүүхдүүдэд бэлэг өгнө. Мөн цэцэрлэг нь бэлэг өгч байгаа юм. Дээрээс нь монита нэрээр албан байгууллагийн ажилчид бие биедээ шинэ жилээр бэлэг өгдөг болсон.
Тиймээс “Sky” их дэлгүүрт хүүхдийн бэлэг болоод бэлэг дурсгалын зүйл ямар үнэтэй байгааг сонирхлоо. Хүүхдийн бэлэг гэхэд 12-20 мянга, цаашлаад 30 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байна. Хямд бэлэг нь энгийн уутанд боосон хэдэн чихэр, ундаа чипс харагдсан. Бас бус амттан байгаа.
Арай үнэтэй нь гоё ууттай, баглаа боодол нь хүүхдийн сонирхлыг илт татмаар. Зарим нь “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй, үлгэрийн баатруудын зурагтай савтай ч байна билээ. Бас л сонголт мэдэх хэрэг.
Мөн хүүхдэд амттан биш тоглоом бэлэглэе гэвэл тоглоомын тасаг ч бас байгаа.
Хөлбөмбөгтэй, хүүхэлдэйн киноны баатруудын дүрстэй хуванцар машин гэхэд 8000 төгрөгийн үнэтэй. Цаашлаад том машинууд нь 35-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнээс гадна машин болдог элдэв робот, “Бен-10” хүүхэлдэйн киноны амьтад, барби хүүхэлдэй гээд зүсэн зүйлийн бэлэг байна. Тэр дундаас нэг сонирхол татсан зүйл нь дэлхийд алдартай барилга, цэнгэлдэх хүрээлэнг эвлүүлж барьдаг, хүүхдэд тун хэрэгтэй тоглоом байсан.
Бээжингийн “Шувууны үүр”-ээс эхлээд Австралийн дуурийн театр, Лондоны цагтай цамхаг, Малайзын хос цамхаг, Дубайн өндөр шилэн барилга гээд дэлхийд гайхагдаж байгаа байшингуудыг эвлүүлж, барих юм билээ. Яг л жижигрүүлсэн загвар нь гарч ирнэ. Хүүхдийн ухааныг хөгжүүлээд зогсохгүй мэдлэг олгох энэ тоглоом байшин барилгаасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Бээжингийн “Шувууны үүр” гэхэд 52 мянга бол Дубайн алдарт шилэн байшин 72, Лондоны цагтай цамхаг 75 гэх мэтээр өөр өөр. Хүүхдэд авч өгөхөд хэрэгтэй, аятайхан бэлэг шиг санагдсан шүү. Чихэр, жимсээр “дайлж”, шүдийг нь хорхойтуулж байснаас л дээр.
Харин бэлэг дурсгалын зүйл нь тийм ч өргөн сонголттой биш. Гэхдээ цөөн ч гэсэн чамин тансаг, шилэн, чулуун гээд янз бүрийн эд зүйл байна билээ. Арьсан түрийвчнээс эхлээд 100 мянга давсан үнэтэй бэлэг тэнд янз янзаараа байна.
Хүмүүс айлд заан байх сайн гэдэг. Тэгвэл хэвтэж, явж, хошуугаа өргөж байгаа гээд янз бүрийн заан байна билээ. Гэхдээ хэмжээгээр жижигхэн. Үнийн хувьд 75-100 мянган төгрөг. Хийл тоглож байгаа эмэгтэйн шаазан барималтай ширээний гэрэл гэхэд 220 мянган төгрөг байх жишээний. Монитадаа үнэтэйхэн, чамин бэлэг авч өгье сонголт байна билээ.
Нэг дороос бүхнийг бэлтгэх боломж
Өнөө цагт хүн бүр цаг заваа хэмнэж, тохилог дулаан орчноос бүх зүйлээ аваад гарахыг боддог. Тэр хүслийг “Sky” бүрдүүлж өгсөн гэдгээрээ давуу талтай. Мэдээж Улаанбаатарт бүх зүйлийг нэг төвлөрүүлсэн их дэлгүүр олон байгаа л даа.
Гэхдээ л эднийх нэг л аятайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Хөхөө өвлийн хүйтэнд хар зах дээрээс даашинз авах гээд явж байна гэж төсөөлөөд үз. Гадуур хувцсаа тайлаад, даашинз өмсч үзэх гэсээр байтал хөлдөж үхэх байлгүй.
Тэгээд ч манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд гадаа зарж байгаа хүнс, бараа хөлдөж гэсээд, тоос шороо дараад эрүүл мэндэд сайнгүй байх нь мэдээж. Харин бүхнийг нэг дороос сонгох боломжтой газар олон байх тусмаа сайн.
Яахав дээ, үнийн хувьд мэдээж өндөр талдаа. Гэхдээ хүмүүс өөр өөрсдийн боломжид тааруулж сонголтоо хийдэг нь зах зээлийн зарчим. Хамгийн гол нь шинэ жилийн баяртаа хэрэгтэй бүх зүйлээ нэг дороос, дулаан тохилог газраас аваад гарах нь давуу тал шүү дээ.
URL: