ХЭЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН АСУУДАЛ

DSCF3239Хүн гүрний 2222 жилийн ой тэмдэглэх үес дор гүн хүндэтгэлт, дотно итгэлт, доктор, профессор нөхөр Д.Эрдэнэбаатарын урилгыг хүлээн авч түүний зохион явуулж буй их ойн хуралд оролцох их завшаан өчүүхэн надад тохиосон үес монгол хэлний асуудал тун ч тулгамдаж буйг санан санан явдаг авч сайн нөхөртөө хэлж амжаагүй боловч өргөн олон уншигчдад хүргэвэл аяндаа олны хүртээл болно хэмээн сэтгэж энэ бяцхан өгүүллийг тэрлэвэй.
Учир юун хэмээвээс Хүн гүрний судлалыг олон шинжлэх ухааны зааг дээр сөөлжүүлэн үзэх нь шинжлэх ухааны нэгэн зарчим бөгөөтөл сүүлийн үес манайд эл асуудлын хэлний зүйн талыг илтэд мартан орхигдуулж байгаа нь нийт Хүн судлал хийгээд Монголын түүх бичлэгт ихээхэн хортой явдал болуужин хэмээн санаа зовнисны учир манай Хүн судлалд дам хийгээд шууд холбоотой нэгэн асуудлыг хөндөх нь түмний хэрэгт тустай болов уу хэмээн санажахуй.
Хэлний суут хүн
Оросын нэрт лингвист буюу хэл шинжлэгч, полиглот буюу олон хэлт, компаравистик буюу харьцуулсан хэл шинжлэлийн салбарын нэрт мэргэжилтэн, дорно дахины судлаач, кавказ судлаач, индоевроп судлаач хэмээх олон олон алдар гуншинг хүртсэн Сергей Анатольевич Старостин хэмээх хэлний суут хүний тухай болон түүний Алтайн хэлний салбарт байгуулж бүтээсэн гавъяат үйлсийн тухай яриваас дээр өгүүлсэн асуудал улам улам тодорхой болох буй за хэмээн мунхаг санаандаа найдахын ялдамд хэл шинжлэл хэмээх агуу ухааныг хөгжүүлэхүй дор улс гүрэн ямар их хүчирхэг болдгийг бэлхнээ толь мэт харж болно гэж бодохын сацуу тэр эрхэм хүн Оросын сурвалжит, удам дамжсан лингвист бөгөөд Оросын ШУА-ын Хэл уран зохиолын салбарын сурвалжлагч гишүүн, Оросын Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дорно дахины эртний үе, соёл судлах Институтын Компаравистикийн Төвийн эрхлэгч, Оросын ШУА-ын Хэлний Институтын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Нидерландын Лейдений Их Сургуулийн хүндэт доктор цолыг хүртсэн, түүнчлэн 5 настай байхдаа ахлах ангийн бүтцийн болон хавсарга лингвистикийн салбараас зохиодог хэл хийгээд математикийн олимпиадад оролцож түрүүлж байсан гоц ухаантан байсан ба түүний дэд эрдэмтний зэрэг горилсон “Эртний хятадын фонологи системийг нөхөн сэргээхүй” бүтээлд шууд докторын зэрэг санал болгож байсан хийгээд тэрбээр хар залуугаараа Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн болсон асар удалгүй Санта-Фа Институтэд урин ажиллуулж, тэндээ олон улсын хэд хэдэн төсөлд амжилттай оролцсоны учир физикийн Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлснийг гайхавч баршгүй бөгөөд хэлний хүнийг Нобелийн шагналд нэрийг дэвшүүлсэн дэлхий дээрх анхны тохиолдол гэдгийг онцлон дурдах гэхүй ану ямар ч бичгийн хүний нэр төрийн хэрэг хэмээн санахын хамтад эрхэм хүндэт Старостины мөрөөдөл бол Homo Safiens-ын өвөг хэлийг сэргээн ойртуулах хэмээсэн хэт давруун хүсэл байсан агаад гэтэл тэрбээр 2005 оны 9 дүгээр сард нас барсан боловч түүний шавь нар В. А. Дыбо нарын зэрэг авхай түүний нөр их ажлыг энэ хир амжилттай үргэлжлүүлж байгааг дурдах нь зүйн хэрэг буй за.
Эрхэм нөхөр Старостин болбаас глоттохронологи гэж хожим нэрлэгдсэн гайхамшигт аргыг шинжлэх ухаанд нээж, нэгэн амьдрах заяанд нэгэн хүний хийж чадахаас хавьгүй ихийг бүтээсэн хэмээж дэлхий дахинд болон түүний нөхөд шавь нар үздэг агаад түүний хийж бүтээж, нээн туурвисныг нэн ихээр товчлон, зөвхөн манай Монголд хамаатай, холбоо сүлбээтэй байж болох гэж өөрийн үзсэнийг сийрүүлбээс:
нэгд, эртний хятадын яруу найраг хийгээд бусад өгөгдөхүүнд буй рифм буюу дуурсан зохицохуйг шинжилсний үндсэн дээр эртний хятадын фонологи буюу дуу авианы системийг нөхөн сэргээсэн;
хоёрт, хятад-түвд өвөг хэлийг сэргээх явдлыг ихээхэн дөхөм болгосон;
гуравт, умард кавказ хэлний бүлийг анх удаа нөхөн сэргээж, умард кавказын этимологийн буюу үгийн гарвалын толь зохиосон;
дөрөвт, мөхсөн енисей хэлийг судалж, өвөг енисей хэлийг нөхөн сэргээсэн;
тавд, энэ гурван нөхөн сэргээсэн бүтэц дээрээ тулгуурлан тухайн үед гэнэтийн, үнэмшимгүй зүйл болох хятад-түвд, енисей, умард кавказ хэлнүүд төрөл болох баримтыг нээсэн. Ингээд тэдгээрийг сино-кавказ макро бүлд нэгтгэсэн;
зургаад, япон хэлийг алтай хэлний бүлэгт хамаарахыг тогтоосон;
долоод, алтайн хэлний бүлэг оршин байгааг нотолсон, бараг гурван мянган язгуур бүхий алтайн хэлний этимологи буюу үгийн гарвалын толь бичиг хэвлүүлсэн ба энд түрэг, монгол, тунгус-манжуур, солонгос, япон хэл орсон;
наймд, индоевроп хэлний ангийн парадигмийн шинэ шинэ нөхөн сэргээлтийг санал болгосон;
есд, эртний хэлэн дэх соёлын зээлдэл дээр тулгуурлан Өмнөд Азийн ард түмний өвөг эх орон, соёлын түүхийн асуудлыг судалсан зэрэг болмуй.
Эрхэм нөхөр Старостины агуу их хийгээд алдарт “Реконструкция древнекитайской фонологической системы. М., 1989″ буюу монголоор “Эртний хятад хэлний фонологи (дуу авианы) системийг нөхөн сэргээхүй” ном 1989 онд Москва хотноо анх удаа хэвлэгдсэн бөгөөд эдүгээ Алтайн хэлийг судлах гэсэн хэн болгоны ширээний ном болсныг энд үл өгүүлэн өгүүлэхэд манай Монголд 1989 онд ардчилсан хувьсгал хийгээд шинжлэх ухаан бодох завтай зайтай хүн тун цөөхөн байсан нь мадаггүй үнэн ба түүнээс хойш шинжлэх ухаан бүхэлдээ уналтад орж, ялангуяа хэл шинжлэл сөнөхийн ирмэг дээр тулж ирсний учир энэхүү үнэт номыг Монголд уншсан хүн байтугай, үзэж харсан хүн цөөхөн гэж сэтгэсний учир ийн өгүүлж буй бөгөөд хэлтгийдэн омтгойдсон ахул өчүүхэн намайг өршөөн хэлтрүүлэх нигүүлсэнгүй сэтгэл гаргахыг хичээнгүйлэн гуйхын ялдар дор Старостиний энэхүү этимологи буюу үгийн гарвалын толиос эртний монгол үгсийг сэргээн судлах боломжоо алдуужин хэмээн сэрэмжлүүлэхийн учрыг дахин дахин айлтганам, дахин дахин гэхийн учир юун хэмээвээс өнөөгийн монгол хүний олонхийн ухаан хомс, бодол охор, сэтгэл бачим болсон нь даанч гасламаар болж, эрдэм ном, эрүүл ухааныг бараг дайсагнан үзэх болсны тул ийн үйлдэжэхүй.
Байхгүй хэлийг сэргээхүй
Эрдэм номыг үйл ойшоогч олон хүн эртний хятад хэлний фонологи буюу дуу авиаг нөхөн сэргээх нь монголчууд бидэнд юуны хамаатай хэмээн монгол зангаар мэдэмхийрэн чалчих нь ердийн хэрэг боловч монголын эртний түүхэн сурвалжууд Сыма-Цяны “Түүхэн тэмдэглэл”-ээс эхлээд бүгдээрээ шахам эртний хятад хэлээр байдаг бөгөөд эртний хятадын ханзны дуудлага ойролцоогоор 300 жил тутам өөрчлөгдөж байдаг учраас эртний дуудлага, одоогийн дуудлага хоёр ихээхэн зөрж, эрдэмтэн судлаачдад зовлон удахын учир, эртний хятад дуудлагыг сэргээх гэтэл тэр үеийн хүн байхгүй учир арга тасраад байтал гэнэт нэгэн их сайн арга эрдэмтэд бодож олсон ба энэ нь юун хэмээвээс япон, солонгос, вьетнам зэрэг дүрс бичигт ард түмэн бүгдээрээ хятад ханз буюу бичгийг зээлдэн авсан ба ингэж зээлдэх үедээ хятад ханзны түүхэн дуудлагыг хадгалан санаж үлдсэн байна хэмээн үзээд эдгээр улсын эртний ханз үсгийг харшуулан судлах аргаар эртний хятадын ханз үсгийн дуудлагыг нөхөн сэргээх болсон ба энэ арга нь ярихад амархан мэт боловч үйлийн лайтай ихээхэн хүнд хэцүү ажил байдаг хэмээн эрдэмтэд нэгэн дуугаар зөвшөөрдөг ба энэ мэт харьцуулах, харшуулан судлах аргаар байхгүй, мөхсөн хэлийг хүртэл нөхөн сэргээж болдог болсон нь орчин үеийн шинжлэх ухааны гайхамшиг хэмээн түүгээр бахархаж болох буй за гэхийн ялдам дор дээр дурдсан эрхэм нөхөр Старостин алтай хэлийг нөхөн сэргээх талаар нөр их ажил хийж саяхан болтол мөхсөн хэмээн үзэж байсан енисей хэмээх хэлийг нөхөн сэргээж чадсан болохоор түүний тухай нуршихийн учир энэ бөгөөд эдүгээ түүний үйл хэргийг түүний шавь нар хийгээд хамтран зүтгэгчид нэр төртэй үргэлжлүүлж байгаагийн дотор Оросын ШУА-ын Хэл Шинжлэлийн Хүрээлэнгийн Урал-Алтай хэлний салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Оросын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Компаративистикийн Төвийн профессор, Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн Анна Владимировна Дыбо хэмээх авгай онцгой ялгарч буй бөлгөө.
Санаа зовохын учир
Эдүгээ “шаньюй” хэмээн уншиж байгаа манай Хүн улсын хааны цолыг дээр өгүүлсэн нөхөн сэргээх аргаар унших аваас эртний хятадад тэрхүү ханзыг “танва” хэмээн уншдаг байсан ба энэ нь “өргөн уудам”, бүр цаашилбал “дархан” хэмээн тайлбарлагдах “тэнгэртэй” гэсэн утгатай үг хэмээн тайлагдаж байгааг цааш үргэлжлүүлбэл хятадаар ч, монголоор ч ойлгож боломгүй олон үгийн учрыг тайлж, утгыг нягталж, эх түүхээ сайтар ойлгож бичихэд үлэмж дөхөмтэй ажгуу. Түүнээс гадна монголын “дархан”, “дарга” гэсэн үгс нэг язгууртай мэт хэмээн орос эрдэмтэд тайлбарлаж буй нь ихэд олшуурхууштай боловч би угаасаа хэлний мэргэжилтэн биш, мэдэх чадах зүйл өчүүхний учир санаа зовох асуудал байгаа мэт санагдах ба энэ нь юу хэмээвээс түрэг монгол хэлний харьцааны асуудал бололтой хэмээгээд сайн судлах ёстой хэмээн бодож хэлний сайн хүн хайвч энэ нь монголд байхгүй юм байна гэсэн гунигт дүгнэлтэд хүрээд байгаагаа өргөн олондоо сонордуулж байна.
Хэлний хүмүүс хэрхэн мундаг ажил хийж, хэрхэн чухаг үүрэг гүйцэтгэж, хэрхэн улс орондоо тус нэмэр болдгийг бид дээр дурдсан ганц жишээнээс толинд харах мэт тов тодорхой харсаар бөгөөтөл янагш монголын хэлний мэргэжилтнүүд хэмээн өөрийгөө хэтийдтэл өргөмжилсөн ухвар мөчид хүмүүс цагаан толгойнхоо 35 үсгийг нэмж хасах хэрүүлээс өөр бодох зүйлгүй, өдөр хоногийг аргацааж гиюүрэн суугааг харахад бөөлжис хутгам, тэдний ном хэмээн нэрлэсэн хэрүүл будлианы бичвэрийг ухаан санаа эрүүл хүн яахин худалдаж авах, энэ чинь үндэсний эмгэнэл бус уу хэмээн өөрийн эрхгүй гуниглан бодохын хамт монголын одоогийн хэлний мэргэжилтэн хэмээх үлэмж хоцрогдсон, хэлний вант улсууд байгуулсан, цол хэргэмээ дааж ядсан, цол хэргэмээс өөр эрдэмгүй нэр бүхий хэдэн феодалуудыг зайлуулан арилгаж, хэлний салбарт жинхэнэ ардын шинэ засаг тогтоох замаар эх монгол хэлээ бадруулан хөгжүүлж, хэл шинжлэлийн ухаанаа цоо шинээр цэцэглүүлэн мандуулж болмой, өөр зам бидэнд үлдээгүй гэж мунхаг ухаандаа бодож суунам.
Эрдэмтэн мэргэн хүн үгүй, нэгэн болгон хамтатгах хэлний шинжлэлийн суурь бүтээл ор үгүй болбаас монгол хэлийг нэгэн дор зангидан хөгжүүлж яахин чадна. Улс төрийг эелэх эвлэх эрдэмтэн үгүй, эрдэм ухаан мөчид болбаас хэрхэн улсыг байгуулж чадмой.
Учир иймийн тул Монголын шинэ Хэл Шинжлэл мандан бадрах болтугай, Хурай, Хурай…

Судлаач Х.Д.Ганхуяг
Усан Могой жилийн өвлийн дунд сарын 17-ны шарагчин хонь өдөр буюу
Европын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзэглэж дуусгавай.


URL:

Сэтгэгдэл бичих