Хогон “эмжээр”-тэй Туул

- Иргэд эргийн харуултай болъё гэсэн санаачилга гаргаж байна -

Урин дулаан зун цаг ирлээ. Амралтын өдрөө салхинд гарч өнгөрөөхөөр Туулын эргийг зорих иргэдийн цуваа тасрахгүй болов. “Зууны мэдээ” сонин “Хатан Туулын их цэвэрлэгээ” хэмээх сэдэв эхлүүлж байна.

Туулын туйлдсан байдлын тухай хэвлэлүүд олонтаа мэдээлж буй боловч байдал дээрдсэнгүй улам дордож эхэллээ. Тэгэхээр бид яг одоо хийж чадах зүйлээсээ Туулыг аврах ажлаа эхэлье. Эхний удаад хатан Туулаа хогон “эмжээр”-ээс нь салгах хэрэгтэй байгаа юм. Туулын эрэгт тухлаж, зугаалаад гэртээ харихдаа хогоо аваад явчихвал энэ гол хоггүй байх боломжтой юм.

Хатан Туулын ус мяралзан урсаж, ууртай ч юм шиг урсгал нь ширүүн байна. Туул голын усны төвшин нэлээд нэмэгджээ. Зуны эхэн сар гараагүй байхад хураа харамгүй хайрласан тэнгэр хангайн буян бололтой.

Туул голын урсгал сөрөн нэлээд явсаар “Бөөгийн отог” хэмээн олны нэрийдэх болсон Бага тэнгэрийн амны түүхийн дурсгалт зосон зурагтай хадны орчимд очлоо. Тэртээх XIII зуунд Хатан Туулын хар шугуйд Хэрэйд аймгийн хаан Ван Тоорил нутаглаж байхдаа Их тэнгэр, Бага тэнгэр гэх хоёр бөөтэй байжээ. Хоёр бөөгөөрөө ойр орчмынхоо уул усыг тахиулдаг байсан гэнэ. Тахилга энэ сүг зурагтай хадны орчимд болдог байсан юм байх. Гэтэл өнөөдөр Монголд төрөөд байгаа өнөөх олон бөө, удганууд отогоо тэр хоёр тэнгэрийг дуурайн энд байгуулжээ. Тэд өдөр бүр ирж тахилга, тамлагаа үйлддэг. “За яахав, эртний өв уламжлалаа сэргээж, тэнгэр бурхантайгаа харьцах нь тэдний эрх юм байх” гээд дуугай өнгөрч болох ч хавийн бургасыг хугалж, том гэгчийн түүдгийг хэд хэдээр нь бадруулдаг. Иймээс энэ хавийн бургас армаг тармаг болж шингэрчээ.

Туул голын бургасанд хэдэн азарга адуу ороод олдохгүй болчихдог байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр армаг тармаг болж шингэрээд байгаад нийслэлчүүд бидний буруу маш их бий. Өнөөх бөө удганууд шөнөжин бургас шатааж, бөөлж аваад архины шил, шар айрагны лааз, ундааны сав, хадаг, хоол ундны үлдэгдэл, гялгар уут тэргүүтнээ хамаж авалгүй тэр чигт нь орхиод явдаг ажээ.

Бүр сүүлдээ бөө удганы гайтуулсан элдэв хөнжил гудас, авдар сав, гутал хувцас тэргүүтнийг энд авчирч хаядаг болжээ. Тэдний модонд уяж орхисон хадаг яндар буян болохоосоо илүү тухайн модныхоо өсөлтийг зогсоож, үхэхэд хүргэдэг. Модонд чивчиртэл шигдээд орчихсон хадаг маш олон харагдсан. Тийм моднууд хувхайраад мөчир нь хатчихдаг ажээ. Бөөгийн отгийн эргэн тойронд хамгийн элбэг зүйл архины шил байв. Гэхдээ дандаа дундуур архитай. Бөө, удганууд архийг өөрсдөө хүртэхээс гадна галдаа өргөдөг ажээ.

“ТУУЛ” ХОГЫН САВ

Богдхан уулын арын сайжруулсан шороон зам цуварсан хогийн цэг болсон гэхэд хилсдэхгүй болж. Том оврын ачааны автомашинуудыг хотын төвөөр явахыг хориглодог. Хотын захын засмалаар явахад нь ч Авто тээврийн газрынхан болон замын цагдаа нар нүд үзүүрлэх нь бий. Тиймээс том оврын автомашинуудын явдаг гол зам нь энэ. Гэтэл тэд ачсан хогоо ийнхүү зам дээр буулгаад хаячихдаг болжээ.

Б:Цэнд-Аюуш: БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ ТОРГОХ ЭРХ БАЙХГҮЙ

Бид Зайсангийн амны Байгаль орчны улсын байцаагч Б.Цэнд-Аюуштай уулзлаа.

-Гол руу автомашинаа оруулж угаах, эрэг орчмоор нь хогоо хаях зэрэг асуудалтай хэрхэн тэмцэж байна вэ?

-Зайсангийн амнаас Хүрхрээгийн ам хүртэл Богдхан уулын хамгаалалтын захиргааны нэгдүгээр хэсэг юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санаачлагаар энэ хэсгийн байгаль хамгаалагчид болох Зайсангийн амны Н.Баттөмөр болон миний бие, Их, Бага тэнгэрийн амны байгаль хамгаалагч Д.Онон, Залаатын амны байгаль хамгаалагч Ж.Барайшир, Хүрхрээгийн амны байгаль хамгаалагч Ц.Тогтох гэсэн таван хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарч Бага тэнгэрийн амны бургас руу орсон салаа замуудыг хааж, хамгаалалтын цементэн шон босгож байна. Зун болохоор Туул гол руу маш олон машин ордог, гол дээр машинаа угаадаг учраас гол руу гүнзгий орохыг хориглосон зогсоолын талбай бэлтгэж байна. Стандартын дагуу эндээ зогсоолын тэмдэг тавина. Энэ ажлыг хийчихвэл хүн бүр дураараа машинтайгаа ороод байхгүй.

-Хог хаяж байгаа хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ. Торгуулийн арга хэмжээ авдаг уу?

-Хогоо бүү хаяач гэсэн шаардлага маш их тавьдаг. Бидний үгэнд орохгүй, зарим нь зодчих шахах нь бий. Гэвч бидэнд торгох эрх байдаггүй. Нэвтрэх цэгээр орсон хүмүүст ундааны сав суулга, архины шил, лааз бүх юмаа аваад ир. Нэвтрэх цэг дээр авчраад тавьчих. Бид нар хогийн машинд ачуулъя гэдэг. Зарим нь авч ирдэг. Гэхдээ л ихэнх нь үлдээж байна даа.

-Энэ орчимд нэвтэрэхэд иргэдээс хураамж авдаг юм уу?

-Хураамж авдаг. Нэг хүн гурван зуу, гадаадын иргэн 3000. Гэхдээ гадаадын иргэн нэг их ирдэггүй. Гэр оронгүй, тэнэмэл хүмүүс Туулын бургасанд амьдардаг.

-Тийм хүмүүс олон бий юу?

-Ноднин уржнан тийм хүмүүс байсан. Харин одоо байхгүй. Зуны цагт гэр оронгүй хүмүүс гарч ирж, хүмүүсийн хаясан шил лаазыг түүгээд явж байдаг юм.

-Бөөгийн отог орчим маш олон модыг хадгаар ороож, зарим хадаг модонд шигдээд орчихсон байна. Хог новш ч их байх юм. Тэд тахилга үйлдээд дараа нь энэ газраа цэвэрлэдэг юм болов уу?

-Энэ газрыг зайран Ж.Бямбадорж гуай ерөнхийд нь хариуцаж бөөгийн отог байгуулсан. Тахилга өргөлийн ажлаа хийснийхээ дараа тарьсан хогоо цэвэрлэдэг ч зарим нэг бөө удганууд тэр чигт нь орхиод явах нь бий.

-Голоос элс хайрга авдаг гэсэн мэдээлэл бидэнд байнга ирдэг. Үүн дээр ямар хяналт тавьж байна вэ?

-Маш сайн хяналт тавьдаг. Гэхдээ манай энэ Зайсан, Залаат, Их Бага тэнгэрийн амны орчимоос авдаггүй. Хүрхрээгийн цаад хэсгээс их авдаг гэсэн. Тэр орчмыг хариуцсан манай байгаль орчны байцаагч машиных нь улсын дугаарыг хурааж авах, холбогдох газруудад нь мэдэгдэх зэрэг боломжит бүх аргаар тэмцээд дийлэхгүй байна. Мөн Сонсголонгийн гүүр, Био, Сонгины орчмоос элс хайрга их ачдаг.

-Туул голын орчмыг цэвэрлэх ажлыг хийж байна уу?

-Тийм ажлуудыг төрийн бус байгууллагын санаачлага, оюутан сурагчдын хүчээр энэ хавар хэд хэд хийсэн. Гэхдээ л хог дундрахгүй байна. Зун болохоор бүр л ихсэх байх.

Н.Батбаатар: ДУТУУ АМ, ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ ОРЧИМ БАЙНГА ХОГ АСГАДАГ

Зайсангаас Яармагийн гүүр хүртэл барилгын элдэв хог хаягдал, арьс ширний үйлдвэрийн хог хаягдал хаясаар байна. Бид ч ийм хог хаягдлуудтай байнга тааралдаж байлаа. Богдхан уулын дархан цаазат газрын Богино, Чандманы амны байгаль хамгаалагч Н.Батбаатартай уулзаж энэ талаар тодрууллаа.

-Сүүлийн үед таны хариуцсан хэсгийн Туул голын эрэг орчмоор барилгын болон арьс ширний үйлдвэрийн хог хаягдал их асгах болсон байна. Үүнтэй та хэрхэн тэмцэж байна вэ?

-Зайсан болон Богдхан уулын арын сайжруулсан шороон замаар явдаг хүнд даацын машинууд зам их эвдэж байна. Одоогийн байдлаар хоёр ч үерийн далангийн гүүр цөмөрхөд бэлэн болсон байна. Богины амны хажуугийн Дутуу ам, Яармагийн гүүрний зүүн талын аманд байнга хог асгадаг. Асгасан хог нь дандаа барилгын хог. Та нар харсан бол нэг газар хийн түлшний жижиг савнууд овоолоод хаячихсан байгаа. Тэр хийн зуухыг чинь хятад барилгачид л хэрэглэдэг байхгүй юу даа.

-Арьс шир боловсруулах үйлдвэрийн хог хаядаг гэсэн. Энэ үнэн үү?

-Ертөнцийн зүгээр Туул голын хойно Яармагын гүүрнээс зүүн тийш Бетон, Арматурын үйлдвэр байсны урд ёстой л арьс ширний үйлдвэрийн хаягдал, бусад янз бүрийн хог байдаг байх. Аймаар өмхий үнэртэй овоолсон хогнууд бий.

Бид зарим иргэдээс “Туул голоо хэрхэн хамгаалж, яаж хоггүй, цэвэр байлгах вэ?” гэсэн асуултанд хариу авсан юм.

Иргэн Ц.Зундуй: НУУЦ АМРАГУУДЫН “БАЙГАЛЬ БАР” БОЛЧИХОЖ

-Шуудхан хэлэхэд Туул гол маань нууц амрагуудын “байгаль бар” болчихож. Том машин тэрэгтэй боломжийн хүмүүс Туул голын эрэг дээр охид хүүхнүүд дагуулан ирж, гал асаан мах шарж, ууж идэн тансагладаг. Зарим нь ч машин дотроо тансаглаж байгаад л машинаасаа хогоо гаргаж хаячихаад яваад өгдөг. Гэр бүлээс гадуур өөр хүүхнүүдтэй зугаацах гэсэн хүмүүс л ирдэг нь учир замбараагүй хөглөрөх бэлгэвчийг харахад тодорхой биз дээ. За тэгээд зуны цагт ил задгай, шалдан нүцгэн хүмүүс харагдах л юм билээ. Иймээс Туул голоо хоггүй, цэвэр ариун байлгахыг хүсвэл хяналт шалгалтыг л чангатгах хэрэгтэй байх даа.

ХУД-ийн иргэн Б.Гомбосүрэн: ДАН ГАНЦ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЧ ХҮРЭХГҮЙ

-Туул голын эргээр хог асгаад байгаа тэр хүмүүсийг зүгээр л торгоод орхих биш шоронд хорьвол таарна. Асгасан хог нь олон хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлж байхад тэр хүн санаа амар явж болохгүй. Олон хүн ордог хэсгээр нь хаалт, хашаа барьж, нэвтрүүлэхгүй байхдаа ч гэмгүй. Мөн төр засгаас энэ тал дээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Дан ганц Төрийн бус байгууллагуудын хүч энд хүрэхгүй. Ухамсарт нь нөлөөлөх ажлуудыг л хийж өгөх нь зүйтэй байх.

ЭРГИЙН ХАРУУЛТАЙ БОЛЪЁ

Ийм санааг олон хүн дэвшүүлж байлаа. Одоогоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан л Туул голын хот орчмын хэсгийг давхар хариуцдаг. Тэд уул руугаа нэг санаа тавих, гол руу нэг санаа тавих гээд үнэндээ хүч хүрдэггүй ажээ. Гадаадын зарим нэг гол мөрний эрэг орчмоор эргийн харуул гэж бий. Чиг үүрэг нь голын эргээр зугаалж яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хянадаг, хог хаягдалыг нь цэвэрлүүлдэг. Туул голд маань ийм эзэд л дутаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих